Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

   2020       03          04                                  2020/ШЦТ/381

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Г.Цэрэнжамц /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00715 0394 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 04 цаг 30 минутын үед иргэн Б.Очирбаттай муудалцаж улмаар нуруун тус газар нь хутгаар хатгаж биед нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Тухайн өдөр архи ууснаас ийм үйлдэл хийсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Очирбатын өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн Маахуур толгойн тэнд байдаг авто засвар дээр очсон чинь Б.Б  ах Бүрнээ ах хамт явах гээд байж байсан. Тэгэхээр нь хамт гараад машинтай Алтай хотхоны тэндээс Б.Б  ах Аминаа гэдэг охиныг авсан. 0,75 граммын 1 шил архи аваад Баянзүрх дүүрэгт орох замдаа машиндаа гурвуулаа уусан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудлын хойно байдаг бааранд ороод 0,75 грамм архи аваад дөрвүүлээ хувааж уусан. Манай 2 найз Улаанаа, Батсүх 2 орж ирсэн, тэгээд тэр 2 хамт 20 минут сууж байгаад Улаанаа гарч явсан. Тэгээд бид 5 хамт архи ууж байсан. Тэр бааранд Галмандах гэдэг найз 1 охинтой танилцсан, тэгээд тэр баарнаас зургуулаа 04 цагийн үед гарч явсан. Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой нийтийн байранд очоод 04 цаг 30 минутын үед очсон. Тэгээд бид нар Б.Б  ахынхаас гарч явах гэсэн чинь Б.Б  ах Аминаагийн гараас барьчихаад явуулахгүй байсан. Бид нар явлаа гэсэн чинь чи байж байхгүй чи хүртэл намайг хорих гэж байгаа юм уу гээд уурласан. Би үгүй агаа би одоо гэр рүүгээ явлаа гэсэн чинь намайг заамдаад боосон. Тэгэхээр нь би гарнаас нь барьж байгаад гарыг нь салгаад түлхчихсэн чинь цаашаа яваад буцахдаа хутга аваад намайг тэврээд авсан чинь миний нуруу руу хутгалчихсан байсан. Халуу дүүгээд ухаан алдчихсан байсан. Сэрсэн чинь нуруунаас халуу дүүгээд бөөнөөрөө тэвэрч аваад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1780 дугаартай шинжээчийн:

            1. Б.Очирбатын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

            3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б.Б гийн: ...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн Төгс авто засвар дотор хохирогч Б.Очирбаттай маргалдаж улмаар цонхны тавцан дээр байсан цагаан өнгийн бариултай төмөр хутгыг аваад Б.Очирбатын нуруун тус газар нь нэг удаа хатгаж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Б.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30, 52 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 04 цаг 30 минутын үед иргэн Б.Очирбаттай муудалцаж улмаар нуруун тус газар нь хутгаар хатгаж биед нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Очирбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Б.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 04 цаг 30 минутын үед иргэн Б.Очирбаттай муудалцаж улмаар нуруун тус газар нь хутгаар хатгаж биед нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Очирбат, яллагдагчаар өгсөн Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1780 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэвч шүүгдэгч Б.Б нь хутга ашиглаж хохирогч Б.Очирбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч үүний улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан тул нийтэд аюултай аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлджээ.

Учир нь Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хутга ашиглан хохирогч Б.Очирбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хутгыг хүн рүү чиглүүлэн дайрах нь эрүүл мэнд, амь насанд аюултай, бие махбодид хүнд хохирол учруулж болохуйц, гэм буруутай үйлдлээс хохирол, хор уршиг учрах шууд шалтгаант холбоо бүхий үр дагаварт хүргэнэ гэдгийг шүүгдэгч тухайн цаг үед урьдчилан мэдэх, тооцоолох бүрэн боломжтой.

Б.Б.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Очирбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч Б.Очирбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч 800.000 төгрөгийг хохирогчийн 5920020480 тоот дансанд шилжүүлсэн байх ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б.Б г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 78-79-р тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

Шүүгдэгч Б.Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нийтэд аюултай аргаар үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд прокурорын зүгээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Гэвч шүүгдэгч Б.Б.Б гийн уг гэмт хэргийг үйлдсэн байдлаас үзэхэд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсантай нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгчийн урьд шүүхээр шийтгэгдсэн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шударга ёсны зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Б.Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох прокурорын санал тохироогүй байна гэж үзэж шүүх шүүгдэгч Б.Б.Б д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ