Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 819

 

                                    

 

 

 

 

 

 

 

        

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 13 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, ОД51070618 дугаарын регистртэй, Цороос овогт Нойдоогийн Батаагийн,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 8 тоотод оршин суух, ОД79123131 дугаарын регистртэй, Цагаагчууд овогт Тожоогийн Батболдод холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Батболдын, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, гэрч Ш.Долгормаа, Ш.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов. 

                                                                                           

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Батаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгээс гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Н.Батаа нь 2013 оны 11 дүгээр сард 2 000 000 төгрөгийг хариуцагч Т.Батболдод зээлдүүлж мөнгийг өгсөн байдаг. Тухайн үедээ сард 10 хувийн хүүтэйгээр гэж тохирсон. Ингээд 4 сарын турш, сарын хүүд 200 000 төгрөг, бүгд 800 000 төгрөг төлсөн байдаг. Үүний дараа мөнгөө төлөхгүй хойшлуулсаар байсан учир Батаа нь хууль мэдэхгүйгээс бичгээр гэрээ хийгээгүй учир хүү, алданги тооцож болохгүй юм байна гээд 2014 оны 9 дүгээр сарын 06-нд зээлийн гэрээгээ бичгийн хэлбэрт оруулж хуулийн дагуу байгуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх зээлээ баталгаажуулж, харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Хариуцагч нь ч өөрөө зөвшөөрсөн байдаг. Гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 06-наас 2015 оны 1 дүгээр сарын 06-ныг хүртэл 4 сарын хугацаатайгаар, сард 10 хувийн хүүтэйгээр, зээлийг төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч гэрээнд заасан. Хариуцагч нь гэрээг хийснээс хойш нэг удаа 200 000 төгрөг төлөөд өөрөөр огт төлбөр хийгээгүй юм билээ. Зээлийг анх авахдаа Батболд өөрөө мөнгө хэрэгтэй байна гэж хүссэний дагуу өгсөн. Зээлийн мөнгийг Батболдын эхнэр, дүү нар төлдөг байсан гэдгийг нэхэмжлэгч хэлдэг боловч  нийтдээ 1 000 000 төгрөгийг буцааж өгсөн, өөр төлөлт хийсэн зүйл байхгүй. Иймд гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, алдангид нйит 3 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааниас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Батболд нь анх 2011 оны 11 дүгээр сарын 23-нд нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг зээлж авсан, энэ талаар маргадаггүй юм. Энэ зээлийнхээ эргэн төлөлтөнд сар бүр 200 000 төгрөгийн хүүг 39 сарын турш  нийтдээ 7 800 000 төгрөгийг төлсөн. Өөрөө болон эхнэр Ш.Долгормаа, дүү Ш.Одгэрэл, П.Энхболд зэрэг хүмүүсээр Батаа гуайн гэрт нь аваачиж өгдөг байсан гэдэг. Дээрх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгч нотолж байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэгч нь 3 600 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөх боломжгүй. Батаа нь өөрийн Энхээ гэдэг охинтойгоо, мөн цагдаатай ирж “чамайг баривчлуулна, машиныг чинь чирч аваачна” гэх зэргээр хариуцагчийг дарамталж уг гэрээг хийлгэн нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг тоолж өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч Н.Батаа өөрөө зөвшөөрч тайлбарласан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2013 оны 11 дүгээр сард зээлсэн гээд буруу яриад байна, нэхэмжлэгч Батаа өөрөө өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо 2011 оны 11 дүгээр сарын 19-нд 2 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдэг, хариуцагч болохоор 2011 оны 11 дүгээр сарын 23-нд авсан гэдэг, тухайн үед мөнгө хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Гэхдээ хариуцагч нь 2 000 000 төгрөгийг зээлж авснаа зөвшөөрсөн. Зээлийн хүү, алдангийг төлөх ёсгүй ч 39 сарын турш сард 200 000 төгрөг төлсөөр 7 800 000 төгрөг болсон байдаг. Энэ тухай 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Н.Батаагийн өөрийнхөө гараар бичиж өгсөн тодорхойлолтондоо сар бүр 200 000 төгрөг хүүд авч байгаа гэж бичсэнээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчид төлөх зүйлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Батболдоос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааниас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Т.Батболд нь нэхэмжлэгч Н.Батаагаас 2011 оны 11 дүгээр сарын 23-нд амаар харилцан тохиролцон 1 сарын хугацаатай зээлсэн 2 000 000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 2011 оны 12 дугаар сараас эхлээд 2015 оны 2 дугаар сар хүртэл  сар бүр 200 000 төгрөгийн хүү тооцон төлсөн. Нийт 39 сарын туршид 7 800 000 төгрөгийг Батаа гуайн гэрт нь эхнэр Ш.Долгормаа, эхнэрийн дүү Ш.Одгэрэл, нагац эгчийн хүүхэд П.Энхболд зэрэг хүмүүсээр дамжуулан өгсөн. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тооцох эрхгүй байдаг. Хариуцагч Т.Батболд нь үндсэн 2 000 000 төгрөгийн зээлээ бүрэн төлөөд илүү 5 800 000 төгрөг төлсөн тул энэ илүү өгсөн мөнгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэгчээс нэхэмжилж байна. 2014 оны 9 дүгээр сарын 06-нд байгуулсан зээлийн гэрээ нь Н.Батаагаас дарамт шахалт үзүүлж, аргагүйн эрхэнд хийсэн гэдгийг гэрч Ш.Долгормаа гэрчилдэг. Н.Батаа өөрөө 2015 оны 2 дугаар 27-нд сар бүр 200 000 төгрөг авч байгаа гэдгээ зөвшөөрч тодорхойлолт хийж өгсөн нь тооцоо нийлсэн баримт гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. 2011 онд мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт байдаггүй. 2013 оны 11 дүгээр сард л зээлдүүлсэн юм шиг байгаа юм. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хуагцааг урагшлуулж тооцох гэж л 2011 онд зээлсэн гэж яриад байна. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Н.Батаагийн бичсэн гар бичмэл баримтыг үндэслээд байна. Энэ баримтыг хариуцагч нь өөрөө гаргаж ирсэн. Тэр бичигт “нийт 7 800 000 төгрөг өгсөн” гэсэн бичиг нь Н.Батаагийн бичиг биш байна гээд шинжээчийн дүгнэлт гарсан. Бусад хэсгийг нь нэхэмжлэгч бичсэн гэдгийг зөвшөөрдөг. Хариуцагч Батболд өөрөө тийм бичиг хэрэгтэй байна, сар бүр танд төлбөр төлж байгаа гэсэн бичиг хэрэгтэй байна гэсний дагуу нэхэмжлэгч бичиж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Н.Батаа сар бүр 200 000 төгрөгийн хүү тооцож байсныг хариуцагч өөрөө зөвшөөрч байсан нь тэр бичгээс бас харагдаж байна. Батаа гуайд мөнгөө хүнд ашиглуулж байгаа учраас хүү авах ашиг сонирхол байсан. Бичгээр гэрээ хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг хожим ойлгоод 2014 оны 9 дүгээр сарын 06-нд бичгээр зээлийн гэрээг баталгаажуулж байгуулсан. Үүнийг Батаа дарамт шахалт үзүүлж хүчээр хийлгэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй. Батболд өөрөө хүү төлье гэж тохиролцсоны дагуу хүүд тооцож төлсөн мөнгөө буцааж нэхэмжилж байгаа нь утгагүй. Тэгвэл зээлийг хүүтэй нь төлөөд илүү болсон юм бол яагаад зээлийн гэрээ байгуулаад байгаа юм бэ. Энэ зээлийн гэрээ нь өөрөө 2014 оны 9 дүгээр сарын 06-ныг хүртэл 2 000 000 төгрөгийг төлөөгүй байсныг нотолж байна. мөнгөө нэхэж шаардаж байсныг нотолж байна. Гэрчүүд Батаад мөнгө аваачиж өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэзээ хэдэн төгрөг өгснийг нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч болохоор зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 4 удаа, гэрээ байгуулагдсаны дараа 1 удаа 200 000 төгрөг, нийтдээ 1 000 000 төгрөг л төлсөн гэдгийг зөвшөөрдөг. Үүнээс өөр юу ч төлөөгүй. 7 800 000 төгрөгийг төлсөн гэсэн баримт байхгүй. Гэрч Энхболдын 1 удаа өгсөн 200 000 төгрөг нь ороод л нийтдээ 1 000 000 төгрөг төлсөн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Батаа нь хариуцагч Т.Батболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үл зөвшөөрч үндэслэлгүйгээр илүү төлсөн 5 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын мэтгэлцээнээс дараахь үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Т.Батболд нь нэхэмжлэгч Н.Батаагаас 2 000 000 төгрөг зээлэхийг хүссэний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 19-нд дээрх мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн байна.

Энэ үйл баримт нь 2 000 000 төгрөгийг хүлээн авсан тухай хариуцагч талын тайлбараар нотлогдсон бөгөөд ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь тухайн үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр 06-нд  зээлийн гэрээгээ баталгаажуулан бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлэн 4 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан үндсэн зээл 2 000 000 төгрөг, түүний хүү, алдангид 1 600 000 төгрөгийг тус тус нэхэмжлэхдээ 2014 оны 9 дүгээр 06-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-г үндэслэжээ.

Үүнийг хариуцагч  тал нь үл зөвшөөрч уг “Зээлийн гэрээ”-ний дагуу 2014 оны 9 дүгээр 06-ны өдөр 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн зүйлгүй, дарамт шахалт үзүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно”, 282.3.-т “...Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232.2.-д “....анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Батаа нь 2014 оны 9 дүгээр 06-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн түүнчлэн зохигчид хэн аль нь 2014 оны 9 дүгээр 06-ны өдөр гэрээний зүйл болох 2 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, энэ нь 2011 оны 11 дүгээр сарын 19-нд / хариуцагчийн тайлбарласнаар 11 дүгээр сарын 23-нд/ шилжүүлсэн 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөн хийсэн талаар маргаагүй байна.

Иймд 2014 оны 9 дүгээр 06-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээл, зээлийн хүү болон гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

 

Хариуцагч Н.Батболд нь 2011 оны 11 дүгээр сарын 19-нд нэхэмжлэгчээс зээлж авсан 2 000 000 төгрөгийг төлж дуусгасан, 2011 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр зээлийн хүүд 200 000 төгрөгийг нийт 39 сарын турш 7 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарлан Н.Батаагийн бичсэн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтыг нотлох баримтаар гарган, иргэн Ш.Долгормаа, Ш.Одгэрэл, П.Энхболд нараар гэрчлүүлэн нэхэмжлэлийг үл зөвшөөрөн татгалзсан.

 

Хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэрч Ш.Долгормаа 30 удаа, гэрч Ш.Одгэрэл 6 удаа, гэрч П.Энхболд 3 удаа зээлийн төлбөрийг  нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлгүүдийг  өгсөн боловч хэдийд, хэдэн төгрөгийг хэнд өгснийг нотлох бичгийн баримтгүй, нэхэмжлэгч Н.Батаагийн зээлийн төлбөрт тооцон дээрх гэрчүүдээс мөнгө хүлээн авсан тухай гарын үсэг бүхий баримтгүй, өөрөөр хэлбэл эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь Н.Батаад мөнгө хүлээлгэн өгч, Т.Батболдын зээлийг бүрэн төлж дуусгасан гэх үйл баримтыг хангалттай нотлох үндэслэл болохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч тал нь 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г байгуулахаас өмнө 4 удаа 200 000 төгрөгөөр бүгд 800 000 төгрөгийг, уг гэрээг байгуулснаас хойш 1 удаа 200 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг хариуцагч талаас хүлээн авсан талаар зөвшөөрч байх тул 2011 оны 11 дүгээр сарын 19-нд талуудын хооронд  амаар байгуулагдсан 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс үлдсэн 1 000 000 төгрөгийг хариуцагч Т.Батболд төлөх үүрэгтэй.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хэрэгт авагдсан,  хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлон нотлох баримтаар шүүхэд гаргасан 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч Н.Батаагийн бичсэн тодорхойлолтод  “...сар болгон 200 000 төгрөг өгдөг...одоо хүртэл хүүгээ өгч яваа...” гэж дурдсан нь хариуцагч нэхэмжлэгчээс авсан 2 000 000 төгрөгийн зээлийг төлж дуусган, дээр нь зээлийн хүүд  5 800 000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх боломжгүйн дээр  уг тодорхойлолтод бичигдсэн “нийт 7 800 000 төгрөг өгсөн” гэсэн бичиглэл нь нэхэмжлэгч Н.Батаагийн бичгийн хэвийн загвартай тохирохгүй байгаа тухай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  4780 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч Н.Батаад зээлийн 2 000 000 төгрөг болон зээлийн хүүд тооцон 5 800 000 төгрөгийг 39 сарын турш тасралтгүй сар бүр төлж байсныг илэрхийлэх мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай  нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын  гарын үсэг бүхий ямар нэгэн бичгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх тодорхойлолт болон хариуцагчийн ойр дотны хүмүүс болох гэрч Ш.Долгормаа, Ш.Одгэрэл, П.Энхболд нарын мэдүүлэг нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 5 800 000 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр авсан болохыг  нотлох үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч Т.Батболдын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг, хариуцагчаас  сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  108 000 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  28 550  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох  нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйпийн  115.2.2., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                            ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Батболдоос 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батаад олгож, нэхэмжлэлийн  шаардлагаас 2 600 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг,  хариуцагч Т.Батболдын, нэхэмжлэгч Н.Батаагаас 5 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  108 000 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.