Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0116

 

“ШШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн “ШШ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн MV-016843 дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ШШ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдолдоо: “ШШ” ХХК-ийн шинэчилсэн хаягийг мэдэж байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарсан, шуудангийн магадлагаанд компанийн шинэчилсэн хаягийг бичсэн байгаагаар нотлогддог.

... Хариуцагч мэдэгдлийг хэвшсэн журмаар нийтэд мэдээлээгүй, ... мэдэгдлийг хуулийн хугацаанд хүргүүлээгүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгуулллагуудтай 10 гаруй жил ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ, тайлан, төлөвлөгөө, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн ил тодын тайлан зэргийг гаргаж, хянуулж ирсэнийг анхааралгүй зөвхөн Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа өгсөн албан бичгийн хариуг барьж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

... Тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/10696 дугаар албан бичгээр тус компанийн ерөнхий захирал Н.Т, гүйцэтгэх захирал А.Г нар болох нь тодорхой харагдаж байтал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, компани үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийсэнгүй.

... Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 2/420 дугаар гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэж байгаад гомдолтой байна. ... Гүйцэтгэх захирал А.Г нь гадаад улсаас ирснээс хойш тусгаарлалтад байсан, түүний дараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэрийн хориог зөрчиж, банкаар болон бусад байдлаар төлбөр төлөх боломж байгаагүй.

... Ерөнхий захирал Н.Т-гийн хувьд эмчлүүлж байсныг шүүх “тасралтгүй хүнд өвчтэй байсныг нотлохгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ШШ” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн “ШШ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын MV-016843 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр “ШШ” ХХК-д Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, “Хөх толгой” нэртэй газар, ашиг малтмалын ХВ-013248 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгасан, улмаар тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-016843 дугаар тусгай зөвшөөрлийг олгожээ.

Тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр /2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны/-ийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх байсан боловч тухайн хугацаанд төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 /Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана/-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг өгөх, 35 дугаар зүйлийн 35.12 /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ/-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх тус тус үүрэгтэй байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, “Хөх толгой” нэртэй, 122.30 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-013843 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх” 8/2922 дугаар мэдэгдлийг гаргасан боловч тэр нь “ШШ” ХХК-д хүргэгдээгүй байна.

Тодруулбал, хариуцагч албан тушаалтны 2020 оны 8/2922 дугаар мэдэгдэл буцаагдсан нь хэрэгт авагдсан хариуцагч төрийн захиргааны байгууллагын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4947 дугаар албан бичигт хавсаргасан “Монгол шуудан” ХК-ийн лавлагаа[1], 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8/17 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан “”ШШ” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай 2020 оны 8/2922 дугаар албан бичгийг “Монгол шуудан” ХК-аас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буцаалт хийсэн тухайн баримт бичгийн бүртгэл[2] зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах учиртай.

Нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн дүрмийн 7.1-д “Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”-аар, 7.2-т “Компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах”-аар тус тус заажээ.

Хэдийгээр улсын бүртгэлд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар А.Г солигдож томилогдсон тухай бүртгэл 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн[3] ч компанийн эрх бүхий этгээдийн шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарч, улмаар үүсгэн байгуулагчаас гүйцэтгэх захирал А.Г-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 4-д “Гүйцэтгэх захирал ашигт малтмалын MV-016843 дугаар тусгай зөвшөөрөлтэй ордын олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ... бусад эргэлтийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг тухайн компанийн хувьд хувьцаа эзэмшигч бус гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр байна.

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан гэх боломжгүй.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-ын 6-д заасан наар бүрэн эрхийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолуудаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31, Оросын Холбооны Улсаас зорчин ирэх иргэдийн 03 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус түр зогсоосон”-той холбогдуулан нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г Монгол Улсад нэвтрэх боломжгүй байсан үедээ компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг зохих хугацаанд төлж чадаагүй нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 02/420 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”[4]-г олгосон байна.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2-5а/10220 дугаар албан бичиг[5]-ээр “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн Ом-135 дугаар аяллын онгоцоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч, 06 дугаар сарын 20-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн Ом-138 дугаар аяллын онгоцоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн, улмаар тусгаарлалтад 21, гэрийн хөл хорионд 14 хоног тус тус тусгаарлагдсан нь баримтаар тогтоогджээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г-ыг ашигт малтмалын ашиглалтын ээлжит жилийн төлбөрийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуулийн хугацаанд төлөх боломжгүй байсан гэж дүгнэхээр байна.

“ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г тусгаарлалтаас гарсан даруйдаа 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн бөгөөд нэхэмжлэгчээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд төлж чадаагүй нөхцөл байдал үүсэн талаарх хүсэлтийг хариуцагч албан тушаалтанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/, 24.4 /Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно/-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлах үүрэгтэй.

Мөн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-д зааснаар захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, хариуцагч албан тушаалтны тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 /Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ/-д зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй үндэслэл, түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохоор зохицуулжээ.

Гэтэл хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчид 2020 оны 8/2922 дугаар мэдэгдэл хүргэгдээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа эрх бүхий байгууллагын шийдвэрүүдээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим хэсэгт тодорхой хугацаагаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, Монгол Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал үүссэн байгааг анхааралгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д тус тус нийцээгүй гэх үндэслэл болно.

Тухайн байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хариуцагч албан тушаалтны ашигт малтмалын ашиглалтын MV-013843 дугаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл нэхэмжлэгч “ШШ” ХХК-д хүргэгдээгүй, компанийн гүйцэтгэх удирдлага давагдашгүй хүчин зүйлийн улмаас дээрх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжгүй байсан зэргийг анхаараагүй, буруу дүгнэлт хийжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д тус тус заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн “ШШ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ШШ” ХХК-ийн ашигт малтмалын MV-016843 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

[1] Хэргийн 55 дахь тал.

[2] Хэргийн 124-125 дахь талууд.

[3] Хэргийн 66 дахь тал.

[4] Хэргийн 83-84 дэх талууд.

[5] Хэргийн 87 дахь тал.