Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 52

 

 

 

 

2017 оны 11 сарын 23 өдөр                      Дугаар                             Эрдэнэбулган сум
          109/ШШ2017/0052
    
                                                   Хэргийн оролцогчдын эвлэрлийг
                                           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Д.Б-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Т.М нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие 1993 оноос Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрэн дунд сургуульд Технологийн багшаар 2013 он хүртэл тасралтгүй 20 жил ажиллаж, аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Б-г ажилд томилох тухай” Б/14 дүгээр захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажилласан. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга намайг үүрэгт ажлаас халах тухай захирамж гаргасан. Миний охин намын бодлогоор ажлаас халагдсан, хүү оюутан, эхнэр бид 2 цалингийн зээлтэй тул миний эхнэр Ө.Адъяасүрэн нь аймгийн Засаг даргад Д.Б-гийн захирлын албан тушаалыг технологийн багшаар өөрчлөн ажиллуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн байсан.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Д.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/77 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрэн дунд сургуулийн захирлын албанд эгүүлэн томилох, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б нь Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь халсан. Мөн өдөр Д.Б нь аймгийн Засаг даргатай уулзаж, 2 хүсэлт гаргасан байдаг. Иргэн Д.Б-гийн аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтүүдийг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Б-г ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ:  Д.Б-гийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Архангай аймгийн засаг дарга Ц.М, гуравдагч этгээд Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М бид дараах нөхцөлтэйгөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, гуравдагч этгээд Архангай аймгийн Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нэхэмжлэгч Д.Б-г Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ий өдрийг хүртэлх ажилгүй байсан 314000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гуравдагч этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нь нэхэмжлэгч Д.Б-д олгож, Д.Б-гийн 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр тохиролцов гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Д.Б-гээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Д.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/77 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрэн дунд сургуулийн захирлын албанд эгүүлэн томилох, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Т.М нар эвлэрч эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, гуравдагч этгээд Архангай аймгийн Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нэхэмжлэгч Д.Б-г Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ий өдрийг хүртэлх ажилгүй байсан 314000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гуравдагч этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нь нэхэмжлэгч Д.Б-д олгож, Д.Б-гийн 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл. “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4. “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Т.М нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр нөхцөл байдал тогтоодохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын эвлэрлийг баталж, иргэн Д.Б-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Т.М нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэгч Д.Б Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, гуравдагч этгээд Архангай аймгийн Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нэхэмжлэгч Д.Б-г Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ий өдрийг хүртэлх ажилгүй байсан 314000 /гурван зуун арван дөрөв мянга/ төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гуравдагч этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.М нэхэмжлэгч Д.Б-д олгож, Д.Б-гийн 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхээр тохиролцож” эвлэрсэн эвлэрлийг баталж, иргэн Д.Б-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                                  ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ