Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00729

 

“Ц” ХХК, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ц” ХХК, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4397 дугаар шүүгчийн захирамжаар “Ц” ХХК-иас 216 881 982 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/16022 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Ц” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Ц-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 92 000 000 төгрөгийн 70 хувь 64 000 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 445 мкв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 160 000 000 төгрөгийн 70 хувь 112 000000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Хоёр өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байрлалтай өндөр үнэтэй, хувийн орон сууц, газар нь төвийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, 2 давхар үйлдвэр үйлчилгээ явуулдаг, дэлгүүр, боовны цех, оёдол, нийтийн байртай, хашаандаа 2 машины гарааштай хөрөнгүүд юм. Дээрх хувийн сууцанд дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд сард 2 000 000 төгрөгийн орлого олдог, түрээслэхэд 300 000 төгрөг олох боломжтой. Манайх 280 сая төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Зарын дагуу 200 сая төгрөгөөр авах санал ирж байсныг зөвшөөрөөгүй. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд нь байршил сайтай үнэ өндөртэй байхад хэзээ, хэрхэн, ямар шалгуураар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүйгээр зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байна. Мөн үнийн санал аваагүй, үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулаагүй. 

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 37 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 64 000 000 төгрөгөөр, ...хувийн сууц, газрын хамт 112 000 000 төгрөгөөр тус тус албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Төлбөр төлөгч “Ц” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Ц-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 445 мкв талбайтай газрын хамт 2016 оны 08 дугаар сарын 23-нд битүүмжилж, 2016 оны 12 дугаар сард хураан авсан. Үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Шинжээч 37 тоот орон сууцыг 92 000 000 төгрөгөөр, 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, 445 мкв талбайтай газрын хамт 160 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй. Төлбөр төлөгч нь хэдийд ч шийдвэр гүйцэтгэх материалтай танилцах эрхтэй байдаг.

Иймд нэхэмжлэгч нь ирээд танилцах бүрэн боломжтой байсан. Мөн төлбөр төлөгч дээрх хөрөнгийг ашиглаад сард 2 000 000 төгрөгийн орлого олж байгаа бол төлбөрөөс төлж болох байсан ч төлөгдөөгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02829 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох “­­Ц” ХХК, Д.Ц- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/09021 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02829 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “34 дүгээр зүйлийн 34.4” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч нарт ямар байгууллагаар үнэлгээ хийлгэж байгааг, ямар аргаар үнэлгээ хийснийг болон үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт хүнийг орон байргүй, орлогогүй болгож гудамжинд гаргах гэж байгаа гэдэг утгаараа өмчлөгч нарт мэдэгдэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, энэрэнгүй байх зарчмуудыг баримтлахгүй байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, төлбөр төлөгч “Ц” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Ц-ын өмчлөлийн БЗД-ийн 6 дугаар хороо , 13-р хороолол Дамдинсүрэнгийн гудамжны 87 дугаар байр, 37 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 92 000 000 төгрөгөөр, мөн Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуаран 1-р гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, 445 мкв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 160 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр, магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК болон Д.Ц- нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101\ШШ2016\04397 дугаар шийдвэрээр “Ц” ХХК болон “Капитал банк” ХХК-ийн 216 881 982 төгрөгийн төлбөрийн талаарх эвлэрлийг баталж, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичсэн байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар  хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг байна. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.  

Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар барагдуулаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь “Ц” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Ц-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууцыг 92 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 445 мкв талбайтай газрын хамт 160 000 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 64 000 000 төгрөг, 112 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эрх зүйн асуудлаар, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН