Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

  2019      12           25                                     2020/ШЦТ/09                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2020/0006/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Т.Жавхлантөгс,

Нарийн бичгийн дарга: П.Тулга,

Шүүгдэгч Ч.Л /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Л-д холбогдох эрүүгийн 1909044501521 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тээвэр ложистикийн төвийн ачаа вагон хүлээлцэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулагийн 11 дүгээр хороолол, 16а дугаар байрны 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ч.Л /РД: / гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Л нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Хишигжаргалтай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ч.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр оройны 7 цагаас эхлээд шөнийн 03 цаг хүртэл 3 эмэгтэй нийлж архи уусан. Нилээн согтолттой байсан учраас зарим зүйлээ санахгүй байна. Тухайн баарны өлгүүрчин 2-3 хүний хувцсыг нэг өлгүүрт өлгөж, дугаар өгсөн учраас маргаан үүссэн байсан. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Буруугаа ойлгож байгаа. Би урьд өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Би ажил мэргэжлийн хувьд 7000 ажилтнаас эхний 17-д жагсаж, ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа мөртлөө өөрийн амьдрал дээр ийм зүйл гаргасандаа үнэхээр харамсаж байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Хишигжаргалын өгсөн мэдүүлэг, яллагдагч Ч.Лын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14055 дугаартай дүгнэлт, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Л нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салм бааранд 2019.11.21-ний шөнө тус баарны зөөгч, үйлчлэгч ажилтай  хохирогч Төмөртогоогийн Хишигжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хацар, эрүү, зүүн хөмсөгт шалбаралт, өвчүү, баруун хөхний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Хишигжаргалын өгсөн: “...Тэгэхээр нь би очоод тухайн эмэгтэйд хандаж “эгчээ би наанаас чинь хувцсыг чинь олоод өгье наад хэсэг рүү чинь гадна хүн орж болдоггүй юм аа” гэж хэлсэн. Тэгтэл тухайн эгч гарч ирэхгүй байхаар нь би дотогшоо ороод тухайн эгчид хандаж, “эгчээ та хүний хувцас унагаад яваад байна гарчих, би хувцсыг чинь олоод өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн эгч намайг “чи хэн юм бэ” гээд хана хэсэг рүү түлхсэн. Тэр үед манай ажлын газрын өлгүүрийн эгч дундуур орж ирсэн чинь тухайн эгч дахиж над руу дайраад миний зүүн хацар хэсэгт майжаад дараа нь баруун хөхний дээд хэсэг болон цээж хэсэг рүү майжсан. Тэгээд миний хөл хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 4 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14055 дугаартай: “...Т.Хишигжаргалын биед зүүн хацар, эрүү, зүүн хөмсөгт шалбаралт, өвчүү, баруун хөхний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/,

Ч.Л-н яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” гэх бааранд өөрийн найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед архи согтууруулах ундаа нилээн хэрэглэчихээд гэртээ харих гээд тухайн газрын өлгүүрээс хувцсаа авах гэсэн боловч миний хувцсыг өгөхгүй байсан. Тэгээд би хувцасны өлгүүр хэсэг рүү орж хувцсаа хайж эхэлсэн. Энэ үед зөөгч хийдэг гэх Хишигжаргал гэх эмэгтэй ирж миний хувцаснаас болж маргалдсан. Тэгээд би нилээн согтолттой байсан учир тухайн эмэгтэйн биед халдаж гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл: “...холбогдогч Ч.Л өлгүүрийн өрөөнд орж, хувцас өлгөөтэй байгаа хэсэг рүү орно. Энэ үед өлгүүрийн өрөөнд байсан эмэгтэй өлгүүрийн өрөөнөөс гарч хяналтын камерын доогуур явах бөгөөд удалгүй цагаан өнгийн цамц, түүний гадуур хар өнгийн мөрөвчтэй плаж өмссөн эмэгтэйн /хохирогч Т.Хишигжаргал/ хамт өлгүүрийн өрөөнд орж, холбогдогч Ч.Лтай ярилцах мэт үйлдэл гаргахад холбогдогч Ч.Л хувцасны хэсэгт орж хувцас хайх мэт үйлдэл гаргана. Энэ үед хохирогч Т.Хишигжаргал хувцасны байх хэсгээс хагас метр орчимд өлгүүрийн өрөөг тусгаарласан тусгаарлагчийн орчим зогсоно. Бичлэгийн 2 минут 35 секундэд хохирогч Т.Хишигжаргал, холбогдогч Ч.Л-тэй дахин ярилцах мэт үйлдэл гаргахад холбогдогч Ч.Л гараараа өөр зүг рүү заагаад дахин хувцасны хэсгээс хувцас хайх мэт үйлдэл гаргана. Энэ үед хохирогч Т.Хишигжаргал хэн нэгэн рүү гараараа даллаж, ямар нэг зүйл хэлэх үед Casher гэсэн бичигтэй хар өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн өмдтэй эмэгтэй өлгүүрийн гадна талд ирэх үед холбогдогч Ч.Л хувцасны хэсгээс гарч ирэн хохирогч Т.Хишигжаргалын баруун талын мөрнөөс татаад ямар нэг зүйл хэлээд, хоорондоо маргалдах мэт үйлдэл гаргана. Энэ үйл явдал 20 секунд орчим үргэлжлээд холбогдогч Ч.Л хохирогч Т.Хишигжаргалыг 2-3 удаа түлхэж, гараараа самардах мэт үйлдэл гаргаж дайрч, энгэрийн зүүлтнээс зуурах үед өлгүүрийн хүн болон сүүлд ирсэн эмэгтэй бусад хүмүүс уг үйл явдлыг салгаснаар бичлэг 4 минут 2 секундэд дуусав...” гэх тэмдэглэл /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Л-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэсэн зан байдал нөлөөлсөн байна.

Хохирогч Т.Хишигжаргал нь “...миний бие Ч.Л-тэй эвлэрч, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 38 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Ч.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Л-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Л нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР