| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0028/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
2020 01 06 2020/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0028/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, улсын яллагч Б.Баярхүү, нарийн бичгийн дарга П.Тулга, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 1902008740322 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Прожект күүкин" ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 47-904 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Б.С /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын байранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 1.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Тэр орчмоор нэг удаа явж байхад ургасан байхыг нь хараад сүүлийн удаа ганц татаад дахиж татахгүй гэж бодоод л тасдаж авсан. Дахин ийм хэрэгт орооцолдохгүй. Би хар тамхийг анх 10 жилдээ буюу 4 жилийн өмнө нэг удаа хэрэглэж байсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:
Эд зүйлд үзлэг хийсэн тухай "...Б.С-н биед үзлэг хийх ажиллагааны үеэр өөрийн сайн дураар пальтоны доторх зүүн талын халаасанд байх хар өнгийн түрийвчээс сонингийн цаасанд боосон нунтаг ургамал мэт зүйл гаргаж өгснийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны хэмжээнд ашигладаг "OHAUS" маркийн жин дээр жинлэж үзэхэд 1.2 граммыг зааж байна..." гэх тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тухай "...миний түрүүвчинд нунтаг өвс байгаа гэж хариулан пальтоны дотор талын зүүн халааснаас хар өнгийн түрүүвчин дотор байсан сонины цаасанд боосон нунтаг ургамлыг гаргав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай "...иргэн Б.С-д тестэнд заагдсан бодисуудаас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай "...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хуучнаар "Од" кино театрын урд талын байр руу орсон туслах замаар баруун тийш эргэж, 35 дугаар байрны зүүн талд зогсов. Б.С нь Каннабис өвс түүсэн гэх газар бол энэ 35 дугаар байрны ар талын хэсэг ба ертөнцийн зүгээр урд талын хашаан дотор байсан гэв. Түүнийг машинаас буулгаж байрны ард очиж түүсэн гэх хэсгийг заалгахад тэрээр өөрийн гараар Каннабис өвс түүсэн хэсгийг зааж өгөх бөгөөд заасан хэсэгт шарлаж хатсан өвс навч, 5 салаа ургамал, тамхины иш, шарилж зэрэг байна..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч А.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6010 дугаартай "...шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал мэт зүйл, "Бадарч Б.С ЖЮ87022138" гэж хаягласан 120 мл хэмжээтэй шээсний дээж тус бүр нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "1" дугаартай 0.8523 гр цэвэр жинтэй нунтаг ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн " Б.С ЖЮ87022138" хаягласан 120 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол ТНС илрэв. Тетрагидроканнабинол ТНС нь 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Б.С-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 31, 37-38 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2019.10.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын байранд өөрийн биедээ дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 1.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хамтын нийгэмлэг болох Нэгдсэн Үндэстний байгууллагаас хориглосон, манай улс энэ төрлийн гэмт хэргийн ноцтой хор уршгийг нь ойлгон, хүлээн зөвшөөрч Олон улсын гэрээгээр үүрэг хүлээн нэгдсэн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч нь хууль бусаар бэлтгэх, хэрэглэх, хадгалах зэргээр ноцтой хууль зөрчсөн үйлдлүүдийг хийсэн байх бөгөөд шүүгдэгч Б.С нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.С-г хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь урьд тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байх бөгөөд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр урьд тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, 02 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эд мөрийн баримтуудын хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан 1.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал /хар тамхи/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-г хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С-д урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ний өдрийн №879 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.С-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №879 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.С-н нийт биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-н урьдчилан цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зиплок түгжээ бүхий гялгар ууттай 1.2 грамм жинтэй “Каннабис” өвсний нунтаг, “Окапин дусаалга” гэсэн бичигтэй сонгингийн цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР