Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

     2020        01           14                                   2020/ШЦТ/37                                       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0038/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Т.У /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Уд холбогдох эрүүгийн 1909039661384 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 В хэсэг, Улаанхуаран 12 дугаар гудамжны 8 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.У /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.У нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 363 тоотод байрлах Нийтийн байранд найз А.Мөнхзулыг найз залуутайгаа хардсаны улмаас үснээс нь зулгааж зүүн хөхний орчимд 4-5 удаа тамхины цогоор түлж 2 дугаар зэргийн түлэнхийн шарх үүсгэсэн, үйлдэл нь онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Угийн өгсөн: “...Би согтуудаа ийм үйлдэл гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчтой хэрэг гарснаас хойш 1 удаа уулзсан, тэрнээс хойш уулзаагүй. Намайг уулзья гэхээр уулздаггүй. Би хамаатны хүний хүүхдийг хөлсөөр хардаг. Сард 100.000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Мөнхзулын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Бадамцэцэгийн өгсөн мэдүүлэг, гэрч О.Тунгалагтамирын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №12831 тоот дүгнэлт зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Т.У нь согтуугаар 2019.10.18-ны өдрийн оройн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд хохирогч Амарсанаагийн Мөнхзулыг найз залуутайгаа хардаж маргалдан улмаар түүнийг үснээс нь зулгаан зодож зүүн хөхний орчимд нь 4-5 удаа тамхины цогоор түлж 2 дугаар зэргийн түлэнхийн шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Мөнхзулын "...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр... Улаанбаатар хотод ирээд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 363 тоотод байрлах Нийтийн байранд найз Тэргэлийнд хамт очсон. Т.Угийн гэрт ороход Бадамцэцэг, Т.У, Тунгалагтамир, Баатар, Азаа нар байж байсан... Бадамцэцэг нь баруун гараараа миний нүүрэн тус газарт гурван удаа цохисон чинь миний хамраас цус гарсан. Надад нойлын цаас өгсөн тэгэхээр нь би хамрын цусаа тогтоож байхад Т.У та нар одоо болчих одоо миний ээлж гэж хэлээд миний хажууд ирснээ... чи миний найз залуутай унтсан, одоо цэрэгт явуулсан гэж хэлэхээр нь би үгүй ээ би унтаагүй олуулаа нэг өрөөнд хөнжил байхгүй болохоор нь хажуугаар нь ороод унтсан шдээ ямар ч бэлгийн харьцаанд ороогүй гэж хэлсэн чинь уурлаад Т.У нь тамхи татаж байснаа татсан тамхины ишний халуун цогоор 4 удаа миний цээж хэсэгт дарж түлээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Хохирогчоор А.Мөнхзулын өгсөн: "...Бадамцэцэгийг би хүмүүст янхан гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь Бадамцэцэг нь намайг янхан гэж хэлсэн гээд уурлаад байхаар нь С.Бадамцэцэгийг намайг гурван удаа алгадаад ав гэж хэлсэн юм. Тэгээд Бадамцэцэг нь намайг алгадаад авсан юм. Санаатай бол намайг цохиогүй. Би 5 хоногийн өмнө баруун нүдээ юманд цохиод хөхрүүлсэн байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.У-тай нийтийн байранд анх очиход миний баруун нүд хөхөрсөн байдалтай байсан. Анх шүүх эмнэлэгт үзүүлэхдээ баруун нүдээ 3 хоногийн өмнө гэмтэл авсан тухайгаа хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/

Насанд хүрээгүй гэрч С.Бадамцэцэгийн өгсөн: "... Мөнхзулын баруун нүд хөхөрсөн байдалтай ирээд... Мөнхзул намайг гурван удаа алгадаад ав гэхээр нь би Мөнхзулын нүүрэн тус газарт баруун гараараа гурван удаа алгадаад авсан чинь Мөнхзул нь муухай хараад байсан чинь Т.У эгч Мөнхзулыг яагаад муухай хараад байгаа юм бэ гэж хэлээд Мөнхзултай хэрэлдээд явчихсан. Т.У, Мөнхзул нар хоорондоо зодолдохоор болоод тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад татаад байсан... Т.У эгч татаж байсан тамхины ишний халуун цогоор Мөнхзулын цээж хэсэгт 3-5 удаа дараад түлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/

Гэрч О.Тунгалагтамирын өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед ...Мөнхзул нь жоохон халамцуу архи үнэртүүлсэн, баруун нүд нь хөхөрсөн орж ирсэн юм. Мөнхзул нь Бадамцэцэгтэй хэрүүл хийгээд маргалдсан... Бадамцэцэг нь Мөнхзулыг би чамайг гурван удаа алгадчихъя гэж асуусан чинь Мөнхзул нь тэг тэг гэж хэлсэн чинь Мөнхзулын нүүрэн тус газар гурван удуу алгадаад авчихсан юм. Т.У эгч Мөнхзулын үснээс зулгаасан чинь Мөнхзул зөрүүлээд үснээс зулгаагаад таталцаад байхаар нь Бадамцэцэг бид хоёр дундуур орж салгасан юм. Т.У эгч Мөнхзулд хандаж хэлэхдээ чи яагаад манай найз залуутай унтсан юм бэ гэж хэлсэн чинь Мөнхзул тэр чинь согтуугийн алдаа байсан ш дээ гэж хэлсэн чинь Т.У эгч уурлаад татаж байсан тамхины ишний халуун цогоор Мөнхзулын цээж хэсэгт дараад түлээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №12831 дугаартай: "... А.Мөнхзулын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал дотор булангийн зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн хөхний 2 зэргийн түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

Яллагдагч Т.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Мөнхзулын хамтаар пиво ууж суугаад жоохон

юм ярьсан. Мөнхзулд хэлэхдээ чи яагаад манай найз залуу А.Тэмүүлэнтэй унтсан
юм бэ гэж асуусан чинь согтуудаа унтсан ш дээ гэж хэлэхээр нь уурандаа татаж
байсан тамхины ишээр Мөнхзулын цээж хэсэгт 5 удаа дараад түлсэн. Мөнхзул нь
миний өөдөөс үйлдэл хийхгүй зүгээр суугаад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, хардалт, уур бухимдал, хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий зан байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Т.У нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Угийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Мөнхзул нь хавтаст хэргийн 49 дүгээр талд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргаж өгсөн байх тул өнөөрийн байдлаар шүүгдэгч Т.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч А.Мөнхзул нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Т.У нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.У-г онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.Мөнхзул нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР