| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00333/и |
| Дугаар | 991 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 991
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12-т байрлах, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат, 12-р байрны 6 тоотод оршин суух, эмэгтэй, УС64070124 дугаарын регистртэй, Улаан шов овогт Цэдээгийн Рэнцэнханд,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат, 12-р байрны 6 тоотод оршин суух, эрэгтэй, ЧБ60021511 дугаарын регистртэй, Өндөрширээт овогт Юмзүвийн Эрхэмбаатар нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон зардалд нийт 31 485 555.95 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Ю.Эрхэмбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Рэнцэнханд, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогтоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Рэнцэнханд, Ю.Эрхэмбаатар нар нь орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан 2011 оны 8 дугаар сарын 19-нд 32 900 000 төгрөгийг сард 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлсэн. Гэрээг хуулийн дагуу байгуулж, бүртгүүлсэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 9.2.2-т заасны дагуу гэрээг цуцлан 2016 оны 7 дугаар сарын 06-ны байдлаар үндсэн зээлд 29 547 795 төгрөг, хүүд 1 930 738 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 518 төгрөг төлөөгүй байсан, нотариатын үйлчилгээний зардалтай хамт 31 485 556 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 11 дүгээр сарын 07-нд 1 943 000 төгрөг төлсөн баримт өгсөн. Хамгийн гол нь зээлдэгч нар хуваарийн дагуу зээлээ төлдөг бол үндсэн зээл ч багасах ёстой байсан. Зээлдэгч нараас төлсөн дээрх мөнгийг хасч тооцоход хүүд 1 380 628 төгрөг, зээлээс графикийн дагуу 942 977 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүд 10 112 төгрөгийн үлдэгдэлтэй буюу гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна гэж үзэж байна. Зээлдэгч нар үүргээ биелүүлээгүйгээс банкинд ачаалал үүсгэдэг. Олон удаа зээлийг графикийн дагуу төлөх боломжоор хангаж байсан. Гэрээнд заасны дагуу 90-с дээш хоног эргэн төлөлт хийгдээгүй учир гэрээг цуцалж зээлийн төлбөрийг төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнэханд нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар 32 900 000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Графикт хугацааг ар гэрийн гачигдлаар болон цаг үеийн нөхцөл байдлаас болон төлж чадахгүй байсан. Төрийн албанд ажиллаж байгаад гэнэт ажилгүй болсон. Бидэнд байгаа хөрөнгө маань энэ барьцаанд байгаа орон сууц маань юм. Бид одоо энэ орон сууцандаа амьдарч байна. Бид зээлийн гэрээний үүргээ огт биелүүлдэггүй хүмүүс бишээ. Маш өндөр хүүтэй зээл авсан учраас графикт хугацаанд төлбөрийг тэр бүр төлж чадахгүй ар гэрийн гачигдал, шалтгаан байгаа боловч боломж олдох үед төлчихдөг, гэрээний үүргээ биелүүлж байгаа. Зайлшгүй шалтгаан нөхцөл үүсэх үед төлж чадахгүй уддаг тохиолдол байдаг. Бид цаашид хугацааг зөрчихгүй гэрээг биелүүлж байх боломжтой. Сая бид нар 1 943 000 төгрөгийг төлсөн. Гэрээний үүргээ бид байнга биелүүлэхийг боддог. Бид нар сарын 0,8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгөхийг банкнаас байнга хүсч гуйдаг боловч банкнаас энэ талаар огт шийдвэрлэж өгдөггүй. Олон удаа хүсэлт гаргасан даа. Бидний зээлийг муу ангиллын зээл гээд зарлачихаар өөр банк бидэнд зээл олгохгүй болчихдог юм байна, бусад банкнаас зээл авах эрхийг хаагаад байдаг юм. Ядахдаа энэ ангиллаас нь гаргаад хэвийн зээл гээд үзвэл бид өөр банкнаас бага хувийн хүүтэй зээл авч энэ зээлийг төлөх боломж байдаг. Банк бидэнд мэдэгдэхгүйгээр шууд шүүхэд ханддаг болсон. Одоогийн байдлаар бид зээлийн хүүг төлж барагдуулсан. Би зээл авснаас хойш хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт гэхэд 22 565 464 төгрөг, үндсэн зээлд 3 352 201 төгрөг, нийт дүнгээр 25 917 665 төгрөг төлсөн, нэмж 1 943 000 төгрөг төлсөн, бид банкийг хохироогоогүй. Цаашид бид энэ зээлийг графикт хугацааны дагуу төлөх боломжтой, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас гэрээг цуцлах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ц.Рэнцэнханд, Ю.Эрхэмбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон гарсан зардалд нийт 31 485 556 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
1. Хариуцагч нараас, 15 жилийн хугацаатай 32 900 000 төгрөгийн зээл авснаас хүүгийн төлбөрт 22 565 464 төгрөг, үндсэн зээлд 3 352 201 төгрөг, нийт дүнгээр 25 917 665 төгрөг төлсөн, нэмж 1 943 000 төгрөг төлсөн, бид банкийг хохироогоогүй, маш өндөр хүүтэй зээл авсан учраас графикт хугацаанд төлбөрийг тэр бүр төлж чадахгүй ар гэрийн гачигдал, шалтгаан байгаа боловч боломж олдох үед төлчихдөг, гэрээний үүргээ биелүүлж байгаа, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлд хамруулах талаар бид удаа дараа банкинд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгч шийдвэрлээгүй, бидний зээлийг, зээлийн муу ангилалд оруулснаас бид өөр банкнаас зээл аваад зээлийн төлбөрийг дуусгах боломжийг хаасан, гэрээний хугацаа дуусаагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
2.Нэхэмжлэгч талаас зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж, зөрчлөө арилгах боломжийг олгосон боловч төлбөрийг төлөхгүй зээлийн гэрээний 9.2.2-т заасан хугацаа хэтэрсэн, зээлд 29 547 798 төгрөг, хүүд 1 930 738 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 519 төгрөгийн үүрэгтэй тул зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж тайлбарлан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/2972 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 23, 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарын тайлбар, хүсэлт, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаал, хавсралтын хамт, зээлдэгч нарын зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа зэргийг баримтаар гарган мэтгэлцсэн.
3.Хэргийн баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкаас 2011 оны 8 дүгээр сарын 19-нд 180 сар буюу 15 жилийн хугацаатайгаар, сард 1,3 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 32 900 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд худалдан авч байгаа орон сууцаа буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 271/01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” зэргээр нотлогдсон. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
4. Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоололыг үндэслэн хариуцагч нарын зээлийн төлбөр төлсөн байдлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход зээлдэгч нар хэдийгээр графикт хугацааг баримтлан төлбөр хийж байгаагүй ч 2011 оны 8 дугаар сарын 22-ноос 2016 оны 3 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд нийт 41 удаагийн төлөлтөөр /нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн болон хүүнээс илүү төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон/ үндсэн зээлд 3 917 251 төгрөгийг, зээлийн хүүд 22 123 813 төгрөгийг төлж, зээлд 28 982 793 төгрөг, зээлийн хүүд 1 729 191 төгрөгийг төлөхөөр үлдэгдэлтэй байсан ба зээлдэгч нараас 2016 оны 11 дүгээр сарын 07-нд 1 943 000 төгрөг төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогджээ. Тодруулбал, зээлдэгч нараас 2016 оны 7 дугаар сарын 06-ны байдлаар зээлийн үнэ болох хүүд төлөх ёстой 1 729 191 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн” бол банк гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байх боловч хариуцагч нар амьдрах зорилгоор, орон сууц худалдан авах зориулалттайгаар урт хугацаатай зээлийг авсан, одоо уг орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд цаашид зээлдэгчийн зээлийг төлөх боломжгүй буюу хөрөнгийн байдал доройтож, зээлийн гэрээний хугацаа дуусахад үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5.-д заасан “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй.
6. Ийнхүү урт хугацаатай орон сууцны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлдэгч нараас зээлийн үнэ болох хүүг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлахаар шаардах боломжгүй гэж шүүх үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны хариуцагч Ц.Рэнцэнханд, Ю.Эрхэмбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон гарсан зардалд нийт 31 485 556 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-д заасныг баримтлан Ц.Рэнцэнханд, Ю.Эрхэмбаатар нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт болон зардалд нийт 31 485 555.95 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.