| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0034/э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 35
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С.Бд холбогдох 2030000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг Э гэх газарт оршин суух ял шийтгэлгүй, С.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг задгайд Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000000045 дугаартай хэргээс:
Яллагдагч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой 15 цагийн орчимд би 0.5 граммын Алтан түрүү нэртэй архийг Оийн гэрт хувааж уусан юм. Тэгээд бид 2 архиа ууж дуусаад дахиж архи авахаар дэлгүүр рүү явж байхдаа би архи авчихъя гэхэд О үгүй би архи авна гээд байсан. Тэгээд Оийн хөлийн шагайн хэсэгт нь тоглоод өшиглөхөд О гэнэт уурлаад миний хамар руу цохисон. Миний хамраас цус гарахаар нь би Оийн хамар руу гараараа хоёр удаа цохисон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө намайг сумын төвд аавындаа байхад О миний утас руу залгаад миний хамар мурийсан байна өчигдөр орой сумын эмнэлэгт үзүүлсэн гэхээр нь би гэрт нь очиход Оийн хамар нь бага зэрэг хавдсан байсан. Би Оийн хамар руу гараараа хоёр удаа цохисон юм. Би Оэд эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Б за за архиа болъё би ер нь явлаа гээд манай гэрийн үүдэнд зогсож байснаа гэнэт над руу гүйж ирээд миний баруун хөлийн шагайн хэсэгт өшиглөсөн юм. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гээд бариад автал миний толгойн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Бийн хамар руу нь нэг удаа цохисон гэв. Тэгээд бид хоёр зууралдаад манай гэрээс гарахад Б нь миний цамцаар миний нүүрэн хэсгийг таглаж байгаад 2 удаа цохисон. Б бид хоёр зодолдохоо болиод би гэртээ ороход манай эхнэр чиний нүд чинь хөхөрсөн байна, хамар чинь мурийсан байна гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10-р хуудас//хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Г.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б авчирсан архиа ганцаараа ууж дуусгаад манай нөхөрт 2,3 удаа өгөхөд амсаад өгөөд байсан. Б тэр архиа ганцаараа ууж дуусгасан. Архи ууж дуусчихаад ахиад архи ууна гээд манай нөхрийг архинд явчих гээд байсан. Манай нөхөр гэрээсээ гарах гэж байхад Б гэнэт хөл рүү нь өшиглөсөн. Тэр хоёр зууралдаад гэрээс гарсан. Гадаа муудаад байх шиг байсан. Тэгээд удалгүй гаднаас орж ирэхдээ манай нөхрийн хамар нь мурийсан, зүүн нүд нь хөхөрчихсөн байдалтай орж ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дугаартай: Б.Оийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/
-Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 20/
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн Засаг даргын С.Бийн ам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/
- Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 40-р хуудас/
- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 38-р хуудас/
-Хохирогч Б.Оийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 46-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 16 дугаартай санал /хх-ийн 50-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг задгайд хохирогч Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.О, гэрч Г.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 61 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бд оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА