| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00899/и |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дугаар хороо, Нарны зам 8-1, ТМ төвийн 301 тоотод байрлах, “Трасткапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 67 дугаар гудамж, 912 тоотод оршин суух, эмэгтэй, ХМ64070301 дугаарын регистртэй, Бууч овогт Тувааны Чулуунцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6 102 059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрнэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Чулуунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 15/47 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сард 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 67 дугаар гудамж, 912 тоотод байрлах 572 м.кв талбай бүхий газар, 37,5 м.кв талбайтай хашаа байшингаа барьцаалсан. Зээлдэгч Т.Чулунцэцэг нь гэрээгээ биелүүлэхгүйгээр зээл болон зээлийн хүүг төлөлгүй графикт хугацааг зөрчиж 282 хоног хэтрүүлсэн. Иймд зээлд 4 742 821 төгрөг, зээлийн хүүд 1 138 697 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 220 541 төгрөг, бүгд 6 102 059 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч болон түүний хүүхэд Урантогос нараас 2016 оны 9 дүгээр сарын 17-нд 369 600 төгрөг, 9 дүгээр сарынг 26-нд 200 000 төгрөг тус тус нэмж төлсөн байсан. Үүнийг бид үндсэн зээлээс хасаагүй, 382 266 төгрөгийг нь хүүнээс, 187 334 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс хасч, хүүд 756 431 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33 207 төгрөг үлдсэнээр тооцсон. Ингээд нийтдээ 5 532 459 төгрөгийг төлөхөөр байна. Анх зээл олгохдоо бид Чулуунцэцэг гуайн гэрт очиж үзсэн, Баасанхүүгийн баримтуудтай танилцаж байсан, охин Урантогос нь Хятад улсаад оёдлын материал оруулж ирэн оёдлын цехээ өргөжүүлж ажиллуулна гэж энэ зээлийг авсан. Хариуцагч төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцно гэж байгаа нь үндэслэлгүй, өнөөдөр хүүгүйгээр мөнгө зээлдэг байгууллага байхгүй. Энэ явцад зээлдэгч нар өөрсдөө зээлийн төлөлтийн байдлыг, хугацаагаа ирж хянаж асууж тодруулах боломж байсан. Зээлийн гэрээнд Б.Баасанхүү, Б.Урантогос нар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийн 5 000 000 төгрөгийг Т.Чулуунцэцэгт өгсөн учраас түүнээс нэхэмжилсэн. Манайх барьцааны зүйлээр төлбөрийг барагдуулах шаардлага гаргаагүй боловч гэрээг байгуулсан байгаа. Иймд манай нэхэмжлэлийг ханган Т.Чулуунцэцэгээс 5 532 459 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Чулуунцэцэгээс шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Чулуунцэцэг нь Б.Баасанхүү гэж хүний гуйснаар тус банк бус санхүүгийн байгууллагаас 5 000 000 төгрөгийг зээлж аваад өгсөн байдаг. Одоо энэ Баасанхүү гэдэг хүн нь зээлийн төлбөрийг Чулуунцэцэгээр төлүүлээд өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Т.Чулуунцэцэг нь энэ зээлээс гадна Төриaн банкинд 15 000 000 төгрөгийн зээлтэй, уг зээл нь 2017 оны 7 дугаар сард дуусах ба сар бүр 360 000 төгрөгийг төлдөг. Энэ хүн өрх толгойлсон эмэгтэй, ар талдаа 4 хүн тэжээдэг, өрхийн орлого нь өөрийнх нь цалин болох 710 000 төгрөг байдаг. Зээлдэгчийн амьдралын хүнд байдлыг харгалзан зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар багасган сард 3,5 хувиар тооцож, 216 дугаар зүйлийн 216.4.-д зааснаар өмнө нь төлсөн 1 349 600 төгрөгийг зээлээс нь хасч тооцон төлүүлж өгнө үү гэж хүсч байна. Ингэж тооцоход Т.Чулуунцэцэг нь зээлд 3 650 400 төгрөг, хүүд 1 200 981 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 240 196 төгрөг, нийт 5 091 577 төгрөгийг төлөх тооцоо гарч байна. Зээлийн 5 000 000 төгрөгийг Т.Чулуунцэцэг хүлээн авсан болон төлсөн мөнгөний дүнгийн талаар маргаангүй. Т.Чулуунцэцэг нь зээлийг төлөхийг зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээнд 3 зээлдэгч гарын үсэг зурсан байдаг. Гэтэл зөвхөн Т.Чулуунцэцэгээс нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч байгууллага зээл олгохдоо сайн судлахгүй олгодог, зээлдэгч нарын эрдслийг тооцож зөвлөгөө өгөөгүй, зээлийн хүүний хэмжээг нийтэд илэрхий мэдэгдээгүй зэрэг үүргээ биелүүлээгүй байдал харагдаж байна. Иймд хариуцагч Чулуунцэцэгийн зээлийг хасч тооцон нийт 5 091 577 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК нь хариуцагч Т.Чулуунцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон 6 102 059 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Чулуунцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4.-д заасны дагуу төлсөн 1 349 600 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 282 дугаар зүйлийн 282.2.-д заасны дагуу сарын 4,5 хувийн хүүг багасган 3,5 хувь болгон зээлийн үлдэгдэл 3 650 400 төгрөгөөс тооцон нийт 5 091 577 төгрөгийг төлөх боломжтой, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1/. Хариуцагч Т.Чулуунцэцэг нь нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл 12 сарын хугацаатай, 5 000 000 төгрөгийг сард 4,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017895 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 67 дугаар гудамж, 912 тоотод байрлах 37,5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202010668 дугаарт бүртгэлтэй, 572 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн талуудын хооронд байгуулсан 15/47 тоот зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдсон.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
2/. Зээлийн гэрээний дагуу уг гэрээг байгуулсан өдөр нэхэмжлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг хариуцагч Т.Чулуунцэцэгт шилжүүлсэн нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 84 дугаартай төлбөрийн даалгавараар нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.
3/. Талуудын хооронд байгуулсан 15/47 тоот зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Т.Чулуунцэцэгээс гадна иргэн Б.Баасанхүү, Б.Урантогос нар гарын үсэг зурсан байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардаж болох...” гэсний дагуу нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Т.Чулуунцэцэгээс шаардах эрхтэй байна.
4/. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед дуусаагүй байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Т.Чулуунцэцэг нь зээл болон зээлийн хүүг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4.2.3-д “зээлдэгчийн өөрийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх...санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон нь тогтоогдсон”, 4.2.5-д “зээлийн буцаан төлөлтийн графикийг удаа дараа зөрчсөн...” бол зээлийн гэрээг банк бус байгууллагын санаачилгаар цуцлах эрхтэй гэсний дагуу болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрсөн...бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу 15/47 тоот зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5/. Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан Т.Чулуунцэцэгийн зээлийн дансны хуулгаас үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны байдлаар хариуцагчаас нийт 2 131 563 төгрөгийг төлсөн байх ба үүнийг зээл болон зээлийн хүүнээс дараахь байдлаар хасч тооцвол:
1. 2015 оны 11 дүгээр сарын 06-наас 12 дугаар сарын 23-ныг хүртэл 46 хоногийн хугацаанд үндсэн зээлд 5 000 000 төгрөг, түүний 4,5 хувийн хүүд 345 000 төгрөг төлөхөөс 2015 оны 12 дүгээр сарын 23-нд төлсөн 225 000 төгрөгийг дээрх тооцогдсон хүүгээс хасч зээлийн хүүний үлдэгдэлд 120 000 төгрөг, мөн өдөр нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 25 500 төгрөг болон зээлд төлсөн 29 500 төгрөг, бүгд 55 000 төгрөгийг үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс хасахад зээлийн үлдэгдэлд 4 945 000 төгрөг,
2. 2015 оны 12 дугаар сарын 23-наас 2016 оны 2 дугаар сарын 16-ныг хүртэл 54 хоногийн хугацаанд зээл 4 945 000 төгрөгийн 4,5 хувийн хүү болох 400 545 төгрөгийн тооцогдсон хүү, зээлийн хүүний үлдэгдэл 120 000 төгрөгийн хамт 520 545 төгрөг төлөхөөс энэ өдөр төлсөн 416 495 төгрөгийг хасч, хүүгийн үлдэгдэлд 104 050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 85 505 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасч зээлд 4 861 495 төгрөг,
3. 2016 оны 2 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 31-нийг хүртэл 43 хоногийн хугацаанд зээл 4 861 495 төгрөгийн 4,5 хувийн хүүд 313 566 төгрөг тооцогдсон ба хүүгийн үлдэгдэл 104 050 төгрөгийн хамт 417 616 төгрөг төлөхөөс энэ өдөр төлсөн 262 731 төгрөгийг хасч хүүгийн үлдэгдэлд 154 885 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 65 611 төгрөг болон зээлд төлсөн 171 659 төгрөгийг тус тус зээлээс хасч үндсэн зээлд 4 624 225 төгрөг,
4.2016 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 11-нийг хүртэл 11 хоногийн хугацаанд зээл 4 624 225 төгрөгийн 4,5 хувийн хүүд 76 596 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 154 885 төгрөг, бүгд 231 482 төгрөг болсноос төлсөн 229 583 төгрөгийг хасч зээлийн хүүд 1 899 төгрөг, зээл болон нэмэгдүүлсэн хүүд төлсөн 70 417 төгрөгийг зээлээс хасч 4 571 808 төгрөг,
5. 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 9 дүгээр сарын 17-ныг хүртэл 158 хоногийн зээлийн хүүд 1 083 518 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 1 899 төгрөгийн хамт 1 085 417 төгрөгөөс энэ өдөр төлсөн 192 302 төгрөгийг хасч 893 115 төгрөгийг хүүд, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 177 288 төгрөгийг зээл 4 571 808 төгрөгөөс хасч үлдэх 4 394 520 төгрөгийг үндсэн зээлд,
6. 2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 26-ныг хүртэл 10 хоногийн хүүд 65 918 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 893 115 төгрөгийн хамт 959 030 төгрөг болсноос энэ өдөр төлсөн 189 964 төгрөгийг хасч 769 066 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр, нэмэгдүүлсэн хүү гэж төлсөн 10 036 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасахад 4 384 484 төгрөгийг зээлд төлөх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэл хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 5 000 000 төгрөг төлөхөөс 615 516 төгрөг төлж, 4 384 484 төгрөгийг, зээлийн хүүд 2 285 113 төгрөг төлөхөөс 1 516 047 төгрөг төлж, 769 066 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
6/. Хариуцагч нь сард төлөх зээлийн хүүг 4,5 хувиар буюу их хэмжээгээр тогтоосныг багасгаж сард 3,5 хувиар тооцуулахаар тайлбарлаж байх боловч энэ үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул талуудын гэрээнд заасан хүүгийн хэмжээг шүүхээс багасган тооцох боломжгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн талуудын хоорондохь зээлийн гэрээний үүргээс биелэгдээгүй үлдсэн зээл 4 384 484 төгрөг, зээлийн үнэ болох хүү 769 066 төгрөг, бүгд 5 153 553 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн, нэхэмжлэлээс 948 506 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 97 104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1., 453 дүгээр зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Чулуунцэцэгээс 5 153 553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 948 506 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Т.Чулуунцэцэг нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017895 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 67 дугаар гудамж, 912 тоотод байрлах 37,5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202010668 дугаарт бүртгэлтэй, 572 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 97 104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.