| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0036/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 37
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жд холбогдох 1930005180031 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй А.Ж.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 45-68 УБО дугаартай Истана маркийн автомашинд хонины мах 272.8 кг, үхрийн мах 473.4 кг нийт 746.2 кг махыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 1930005180031 дугаар хэргээс:
Шүүгдэгч А.Жы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 10 сард Ё гэх хүн яриад машин барих санал тавьсан. Ё гэх хүний эхнэр У нь БНХАУ-ын Шилийн гол аймгийн Улиастай хотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд намайг ажилгүй байгааг мэдээд Монголоос ойр зуурын бараа зөөлгөх гэж санал тавихад нь би зөвшөөрсөн. Бараа зөөж байхдаа урд БНХАУ-д мах үнэтэй байсныг хараад Монголоос мах худалдан авч урагш гаргаж зарвал хэдэн төгрөг олчих юм байна гэж бодоод Улаанбаатар хотоос Хүчит шонхор худалдааны төвөөс 4 сая гаруй төгрөгөөр 3 ширхэг үхрийн мах, 12 ширхэг хонины бүтэн мах аваад Бичигт боомт дээр ирж, хүний хашаанд буулгаж махаа ганцаараа шулж, бэлтгэсэн. 45-68 УБО дугаартай “ISTANA” маркийн машины дунд хаалтын хөндийд шулсан цул махаа нууж хилээр гарахдаа баригдсан...Би мах авах мөнгөө Ё гэх хүнээс авч уурхайд зараад хэдэн төгрөг болгоод танд буцаагаад өгчихье гэж хэлээд 13 сая төгрөг зээлээд бэлнээр авсан. 8 сая гаруй төгрөгийг “Газар партнас” гэх хадгаламж зээлийн хоршооны өрөндөө өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мах авч хотоос гарч Бичигт боомт дээр 06-ны өдөр ирээд Бямбадорж гэх хүний хашаанд байрлах контейнерт махаа буулгаж махаа эвдэж шулаад 45-68 УБО дугаартай Истана маркийн машины дунд хаалтын хөндийд шулсан цул махаа нуугаад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагт хилээр орж, эхлээд мэргэжлийн хяналтаар орж, дараа нь гаалийн шалгалтаар орсон. Би гааль мэргэжлийн хяналтын алба хаагчдад махтай явсан тухайгаа мэдэгдээгүй. Гааль, мэргэжлийн хяналт миний нуусан махыг олоогүй, хилийн баримт бичгийн шалгалт дээр очиж, гадаад паспорт дээрээ штампаа даруулаад гарах гэж байтал Тагнуулын ажилтан дахин шалгана гээд шалгаад миний нуусан махыг илрүүлсэн. Би хил, гааль, мэргэжлийн хяналтаас хүн танихгүй, зүс мэднэ өмнө нь Бичигт боомтоор олон удаа гарч байсан...Би Бичигт боомтоор мах гаргадаг гэж сонсож байсан их хэмжээтэй зөвшөөрөлгүй болохоор нууж гаргах гэж байгаад баригдсан энэ миний буруу...гэсэн мэдүүлэг... гэх мэдүүлэг /хх- 184-185х /
Гэрч Д.Ё мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...тэр үед Ж Истана маркийн машинтай хил дээр орж ирсэн. Жтай уулзахад тухайн үед манай эхнэрийн дэлгүүрийн барааг ачаад урагшаа гарах гэж байна гэсэн. Удалгүй Жы машинаас мах илэрсэн гээд хамт явж байгаа гэж ойлгоод саатуулсан. Би Жтай хамт яваагүй. Би Жыг сайн танина эцэг А нь манай компанийнгүйцэтгэх захирал, Ж надаас “...Бадмаараг хаш уурхайд мах нийлүүлэх гэсэн та хэдэн төгрөг зээлээч” гэхээр би зөвшөөрөөд мөнгө зээлсэн юм. Би Жг улсын хилээр мах гаргах гэж байгааг огт мэдээгүй...миний эхнэр У ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Улиастай Балгасд дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд эхнэртээ монгол бараа зөөлгүүлэх санаатай Жд Монголоос ойр зуурын хүнс БНХАУ-руу зөөлгөхөөр санал тавьж энэ ажилд авсан юм. Тэгээд HURICHABATU буюу Хурцбат гэх манай команид жолооч байсан залуугийн нэр дээр бүртгэлтэй Истана маркийн машиныг бариулахаар болсон. Хурцбат нь одоо Монголд байхгүй байгаа визний хугацаа дууссан гээд БНХАУ-руу явсан яг хэзээ явсан болохыг нь санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 144-146-р хуудас/
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-15-р хуудас/
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт /хх-ийн 32-34-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 54-60, 69-75, 77-79, 80-82, 88-99, 100-107-р хуудас/
Линзийн Өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-173-р хуудас/
01767446 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 174-р хуудас/
Шүүгдэгч А.Жы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-189-р хуудас/
Шүүгдэгч А.Жы иргэний үнэмлэхний хуулбар /хх-181-р хуудас/
Шүүгдэгч А.Жы оршин суугаа газрын тодорхойлолт /хх-192-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 45-68 УБО дугаартай Истана маркийн автомашинд хонины мах 272.8 кг, үхрийн мах 473.4 кг нийт 746.2 кг махыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Жы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Д.Ёын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч А.Жы үйлдэл нь Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ж нь Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч А.Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хонины мах 272.8 кг, үхрийн мах 473.4 кг нийт 746.2 кг махыг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч А.Жы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 45-68 УБО улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь Хурцбатугын эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/47 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, машины үнэ 6 524 920 төгрөгийг шүүгдэгч А.Жаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос яллагдагч А.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул А.Жыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Жыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жы орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хонины мах 272.8 кг, үхрийн мах 473.4 кг нийт 746.2 кг мах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 45-68 УБО улсын дугаартай Истана маркийн машины үнэ болох 6,524,920 төгрөгийг ялтан А.Жаас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч А.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/47 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА