Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 575

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1966 онд төрсөн, ПП66101508 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.*******, гэрч О.*******, О., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажилласан. Ингээд 1990 оныг дуустал ажилласан ба Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990 оныг нөхөн тооцуулсан. Гэхдээ миний бие 1990 оныг дуустал нэгдэлд ажиллаж байсан учир энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Иймд намайг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1653 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Ховд сумын 4-р бригадын С.*******гийн нэр дээрх 1978 оны 70-р дансны хуулбар,

-П.*******ын 1982 онд нээлгэсэн 1982-1990 оныг дуустал ажилласан хоног авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч О.*******ы шүүх хуралдаанд гаргасан би нэгдлийн туслах үйлдвэрийг хариуцсан нягтлангаар ажиллаж байсан. Тэгэхэд П.******* нь 1982 онд илгээлтээр гарч миний удирдлага доор ажилласан. Тэрээр саальчин, туслах үйлдвэрт ажилтнаар 1989 он дуустал ажилласан. Үүнээс хойш тэрээр ******* бригадад шилжсэн гэх мэдүүлэг,

-Гэрч О.ын шүүх хуралдаан гаргасан П.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч П.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас П.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1653 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч П.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн П.*******ыг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчин, саальчин, бригадын тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА