| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0040/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 41
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Хт холбогдох 1930005580033 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Баазын 8 айлын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Д.Х .
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Х нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” задгайд хохирогч З.Бийг зодож, эрүүл мэндэд нь “2 нүдний алиманд цусан хураа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэцагаан суманд ирсэн. Тэр өдөр манай найз Эийн төрсөн өдөр болж, хоол ид гэж дуудахаар нь би эхнэртэйгээ хамт очсон. Бид хоёрыг очиход хоол хийчихсэн байсан. Бид нарыг очиход нэг шил архи задалсан. Үүний дараа манай эхнэр төрсөн өдрийн бэлгэнд яваад нэг шил архи авчирч уугаад сууж байхад З.Б нь нэлээн согтуу эхнэртэйгээ хамт орж ирсэн. Гэтэл З.Б нь “чи манай ахаас их хэмжээний мөнгө авсан, шуналтай хүн гэж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Ах нь миний машиныг мөргөөд түүний хохирол болох 900.000 төгрөгийг гурав хувааж төлсөн. Би энэ талаар нь тайлбарлаж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдан заамдалцаж ноцолдсон гэв.
Эрүүгийн 1930005580033 дугаартай хэргээс:
Хохирогч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Х гэх залуу миний шилэн хүзүүнээс базаж аваад согтуурхаад хэл амаар доромжлоод байхаар нь байхаар нь би зүгээр байгаарай амьсгаа минь гэсэн чинь гараад ир гээд намайг дагуулж гараад нүүр рүү 3 удаа цохисон. Би мөн зөрүүлээд цохиж аваад барилцаад авсан. Гэрт байсан Тунгаа, Нэргүй мөн манай эхнэр салгаад салаад явцгаасан. Намайг На ахын гэрийн гадаа байж байхад Н гүйж ирээд намайг нэг удаа цохиод авсан. Гэхдээ намайг гэмтээгээгүй шүргээд өнгөрсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Эийн төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөөр нь Х, М, Я манай эхнэр бид нар байсан. Б эхнэртэйгээ хамт манай гэрээр орж ирсэн. Орж ирэхдээ хоёулаа согтуу байсан. Х, Б хоёр маргалдаад зодолдохоор манайхаас гараад манай гэрийн гадаа Х Б хоёр хоорондоо зодолдоод байсан. Би салгаж дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж салгаж аваад Бийг На ахын гэр рүү оруулаад орхисон. Тэгсэн Б ахиж манай гэр рүү орж ирээд Хтэй зодолдсон. Бийн нүүр ам нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч А.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 08-нд миний төрсөн өдө болсон. Би нөхөр Нгийн хамтаар Эрдэнэцагаан сумын төвд гэртээ байж байхад Х, Г, М, Я нар орж ирээд бид нар хоёр шил архи уусан. Би нэг хашаанд байдаг Нагийн гэрээр ороход Б эхнэртэйгээ цуг согтуу байж байсан. Би Бийг манай гэр рүү ор гээд оруулсан. Манайд орж ирээд Хд агсам тавиад хэрүүл үүсгээд байсан. Х Б хоёр хоорондоо маргаж байгаад манайд зодолдоод байсан. Би зодооныг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай: З.Бийн биед 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цусан хураа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хоёроос дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын Д.Хын ам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт / хх-ийн 30-р хуудас /
- Шүүгдэгч Д.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32-р хуудас/
- Шүүгдэгч Д.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/
-Шүүгдэгч Д.Хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 18 дугаартай санал /хх-ийн 36 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” задгайд хохирогч З.Бийг зодож, эрүүл мэндэд нь “2 нүдний алиманд цусан хураа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч З.Б, гэрч Н.Н, А.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Хт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Хын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Хын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Хын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардалд 250 000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Хт оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Д.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА