Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Т.Төмөртулга

            Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

            Шүүгдэгч  Д.Бум-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга С.Уянга  нарыг оролцуулж,

 Дундговь аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч   Л.Одончимэгийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Г.Лхамын давж заалдах гомдлоор Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201712000056 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:   Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3,  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р баг Ажирхай гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлээгүй, Ерлөг овогт Дорждамбын Бум-Эрдэнэ /регистрийн дугаар /РД:ЗВ84121613/    

Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Доржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Анхан шатны шүүх:

         Шүүгдэгч Ерлөг овгийн Дорждамбын Бум-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бум-Эрдэнэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг шүүгдэгч                               Д.Бум-Эрдэнэд тайлбарлаж,

          Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Дорж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

           Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                        Д.Бум-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

          Ялтны өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдолдоо: Д.Бум-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор 1.200.000 төгрөгийн торгууль оноож шийдвэрлэсэн.                       

         Д.Бум-Эрдэнэ нь анх удаа тохиолдлын нөхцөлд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа ойлгож гэмшин дүгнэлт хийж байгаа төдийгүй гэм хорын хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдсон.

          Иймд Д.Бум-Эрдэнэд Эрүүгийн шинэчлэн найруулсан хуулийн 1.9-д заасны дагуу хөнгөрүүлж улмаар Эрүүгийн хэргийн 11.6 болгон хөнгөрүүлж торгуулийн доод хэмжээгээр өөрчилж өгнө үү гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас: Б.Бум-Эрдэнэ анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар торгох ялын хэмжээ 450-1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болж хөнгөрсөн байгаа. Иймд шинэ хуульд нийцүүлэн торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хуучин хуулиар оногдуулсан торгуулийн хэмжээ нь шинэ хуульд багтаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Доржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан

Хохирогч Б.Доржийн мэдүүлсэн: ”...би очоод “та ямар хаашаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 барилцаад аваад салсан. Дахиж барилцаж авахад намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдаж авахад “ингэж боодоггүй юм гэсэн. Явах гэж байгаад эргэж ирээд намайг мөргөсөн” гэсэн мэдүүлэг,

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 170200037 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Д.Бум-Эрдэнэд Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн  1.9-д заасны дагуу хөнгөрүүлж улмаар Эрүүгийн хуулийн 11.6 болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөрч өөрчлөгдсөн байна.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/  хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

А. 2 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бум-Эрдэнэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

Б. 3 дугаар заалтыг “ 3. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 5.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар Д.Бум-Эрдэнэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ