Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0397/З |
Дугаар | 221/МА2021/0139 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0139
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 753 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 753 дугаар шийдвэрээр: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй 15/R024 дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй 15/R024 дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/R024 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр авсан ба түүнээс хойш жил бүр хуулийн дагуу тогтмол төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа дуусч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа дуусахаас өмнө байгаль орчныг хамгаалах менежментийн шинэчилсэн төлөвлөгөөний хамт Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсний дагуу холбогдох албан тушаалтан болох Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат судалгаа хийж ямар нэгэн зөрчилгүй тул хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн төлөвлөгөө хянагдах хугацаанд Хан-Уул дүүргийн байгаль хамгаалах сангийн дансанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь хэсэгт заасны дагуу 500.000 төгрөг төлсөн банкны гүйлгээний баримт байдаг. Эдгээр баримтууд нь манай компани хугацаандаа хуулийн дагуу холбогдох баримтыг хүргүүлсэн гэдгийг нотолж байна.
Гэтэл хариуцагчийн зүгээс хэн ч хэзээ ч банкинд мөнгө тушааж болно. Албан тоот хавтаст хэрэгт ирүүлээгүй бол хүсэлт хугацаандаа өгсөн гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй тайлбар буюу төрийн байгууллагын аль нэг албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандаж ирсэн бичгээ Албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу бүртгэлжүүлээгүй буюу төрийн байгууллага өөрөө “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг” зөрчсөн байхад хувийн компани болоод тухайн компанийн ажилчид тэдний ар гэр гээд 100 гаран хүн ажил амьдралаараа хохирох нь зүйд нийцэхгүй хууль бус явдал юм. Шүүхээс төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам гарын үсэг зураагүй нь төлөвлөгөө батлуулахаар хандаж байсныг нотлохгүй шалтгаан гэж үзэж байгаа бол Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат гарын үсгээ ямар тохиолдолд зурсан байж болохыг яагаад үнэлж үзэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлэхдээ байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль хамгаалах санд шилжүүлсэн байх хуулийн заалт байхгүй тул төлөвлөгөө хянагдах хугацаанд тухайн мөнгийг холбогдох дансанд төлсөн байдаг. Энэхүү логик дэс дарааллыг болон хуулийн заалтыг харгалзаж үзэхгүй байгаа нь дахин эргэлзээ төрүүлж байна. 2019 оны төлөвлөгөө батлуулах хүсэлт хүргэсэн огноо болон мөнгө төлсөн баримтуудаас жишиг харах хангалттай боломж нотолгоо байсан. Иймд шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгаль хамгаалах санд мөнгө тушаасан нь хугацаандаа төлөвлөгөө өгөөгүй хожимдуулсан гэж үзэхэд мөн л эргэлзээтэй буюу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.” гэж заасан байдаг ба төлөвлөгөөн дээр холбогдох албан тушаалтан гарын үсэг зурсан, байгаль хамгаалах санд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байгаа нь хангалттай бодит үнэнд нийцсэн нотлох баримтад үндэслэсэн тайлбар гэж үзэж байна. Учир нь хуулийн дагуу биш, хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын шаардлага хангаагүй байсан бол холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж байгаль хамгаалах сангийн дансанд мөнгө төлүүлэхгүй байсан. Хэн дуртай нь очоод таамгаар тухайн цаг хугацаанд мөнгө төлөөд, тухайн яг холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулчихсан байх давхцал, ямар ч тохиолдолд байхгүй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг зөрчиж нотлох баримтыг үнэлсэн гэж үзэж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хариу тайлбар гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарах хүртэл “Ар толгод”нэртэй газарт 15/ГС024 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Ш” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг хойшлуулсан байна. Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09/17 тоот албан бичгээр төлөвлөгөөг батлуулахыг хойшлуулсан талаар мэдэгдсэн” гэсэн нь хариуцагч өөрөө манай байгууллагыг хугацаандаа төлөвлөгөө өгч байсан гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Учир нь төлөвлөгөөг хугацаандаа өгөөгүй бол хойшлуулсан гэж хариу өгөхгүй. Мөн хариу тайлбартаа манай компанид ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 13-ны 09/17 тоот албан бичиг болон манай компаниас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж байсан А1/88 тоот албан бичгийг хуулбар үнэн дарж ирүүлсэн байдаг. Үүгээр дахин 2019 онд хүртэл манай компаниас төлөвлөгөө батлуулахаар хандаж байсныг нотолж байгаа юм. Учир нь энэхүү хуулбар үнэн дарж ирүүлсэн албан тоотоо үзлэгийн үеэр ирсэн бичгийн жагсаалтад бүртгээгүй байсан. Энэ нь холбогдох нотлох баримтыг нуун дарагдуулсан, шүүхийг төөрөгдүүлсэн гэдгийг нотолж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч хариу тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 04/01 дүгээр тогтоолын хүрээнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахыг түр хойшлуулсан ямар нэгэн шийдвэр нотлох баримтаар тогтоогдоогүй буюу тухайн 04/01 дүгээр тогтоолтой холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй буюу харин ч хэд хэдэн байдлаар шалгуур хангаж байгааг стандарт хэмжил зүйн газраас авсан стандартын бичиг, 2015 болон 2018 онд барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабротарын шинжилгээ хийлгээд хангалттай гэж үнэлсэн дүгнэлт, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас хэмжилт хийлгээд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс 2.98 км зайд орших буюу хууль зөрчөөгүй талаарх бүх нотлох баримт хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байгаа. Эдгээр нотлох баримтууд нь төлөвлөгөө батлахгүй байх үндэслэлгүй юм гэдгийг давхар нотолж байгаа болно.
Хуульд нэхэмжлэлийг хариуцагчид хот дотор бол 7 хоногийн дотор гардуулж хариуцагч 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлээд дараагийн шүүх хуралдааны товыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зарласан. Шүүх хуралдааны товыг тогтохдоо хариуцагч нарт хурлаас өмнө хариу тайлбараа ирүүлсэн байх үүрэг өгсөн ч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч нараас хариу тайлбар ирүүлээгүй байсан тул шүүх хурлыг дахин хойшлуулсан ч хариу ирүүлээгүй байж байгаад нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус хариу тайлбараа ирүүлсэн байдаг. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй ч хурал түүнийг ирэхийг хүлээгээд удаа дараа хойшилсон эдгээр үйлдлүүд нь тухайн байгууллага ажил нь хэрхэн явагдаж ард иргэдийг хэрхэн чирэгдүүлж хохироодог нь харагдаж байх төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл нь шүүх хуралдааны тэмдэглэл тов мэдэгдэх хуудас, хариу тайлбар ирүүлсэн огноо, 2 удаагийн хариу тайлбарын зөрүү зэргээр нотлогдоно. 2 дахь хариу тайлбар болон хуралдааны үед хэлсэн тайлбартаа 2018, 2019 онд огт бичиг ирүүлээгүй 2020 онд ирүүлсэн албан тоотод нь хариу өгсөн гэж тайлбарладаг боловч манай компанийн зүгээс 2018, 2019, 2020 онуудад удаа дараа албан тоот хүргүүлж байсан нь тухайн албан тоотуудыг утга агуулга хоорондоо холбоо уялдаатай нэг зүйлийг нэхэж шаардсан агуулга ижил байдлаараа нотлогдож байгаа ба бүх албан тоотыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд хүргүүлсэн байхад үнэлэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлэх ба шүүгч хэт нэг талыг барьж ажиллаж байна гэсэн хардлага төрж байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 753 дугаар шийдвэрт “...манай төлөвлөгөөг баталж өгөхгүй байх үндэслэл байна уу гэхэд ямар ч хариу, тайлбар өгөөгүй” гэж ээ. Энэ нь мөн л төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй байна. Тэр нь хууль бус мөн байна гэдгийг нотлоод байна.
Мөн энэ шийдвэрт Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тухайн үед ганц “Ш” ХХК биш бусад олон аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадахгүй байна гэсэн шалтгааныг хэлж байсан учраас нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд албан бичиг явуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчинтэй байх хугацаанд аливаа төрийн албан хаагч, албан тушаалтан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, аж ахуйн нэгжийн шаардлагатай бичиг баримтыг баталж өгөх ёстой гэсэн бичиг хүргүүлж байсан.” гэжээ. Үүгээр мөн л төлөвлөгөө баталж өгөхгүй эс үйлдэхүй гаргадаг нь, “Ш” ХХК-ийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа зэрэг үйлдлүүд нь нотлогдож байна.
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүгч “Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол гарсан. Уг тогтоолоор Засгийн газраас нийслэлийн Засаг даргад үүрэг чиглэл өгсөн. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг нийслэлийн Засаг дарга шийдвэр гарах хүртэл хойшлуулж байна гэж ээ. Хойшлуулж байна гэдэг нь ямар учиртай юм гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О “Нэгдсэн журмаар 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар ирсэн аж ахуйн нэгж, байгууллагад ийм толгойтой албан бичиг өгч байсан. 2020 оны юм ярьж байна.” гэсэн хариу өгчээ. Гэтэл тухайн тогтоол өөрөө 2019 оны 05 дугаар сарын 28-ны тогтоол буюу 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан байнгын хороодод танилцуулагдах тогтоол байсан. Шүүхээс албан тоот хүргүүлж нийслэлийн Засаг даргаас үүрэг чиглэл өгсөн талаар тодруулахад ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй гэсэн хариу ирсэн байдаг. Мөн хуралдааны үеэр “2019, 2020 оны төлөвлөгөөг нягталж үздэггүй юм уу, албан бичгээр бол хойшлуулж байна гэсэн хугацаандаа гаргаагүй талаар албан бичиг яагаад хүргүүлээгүй вэ гэж шүүгч асуухад Тохижилт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн мэднэ, би мэдэхгүй, би тайлбар хэлэх боломжгүй ” гэж ээ. Эндээс харахад үнэнд гүйцэгдэж хариулт хэлэх боломжгүй болсон нь харагдах буюу ямар ч хамааралгүй албан тушаалтны нэр хэлж би мэдэхгүй гэсэн хариулт шүүхийн өмнө өгөөд сууж байгаа нь хууль бус үйлдлээ ямар ч хамаагүй аргаар хамгаалах хаацайлах гэсэн үйлдэл харагдаж байна. Мөн хуралдааны үед хууль бус үйлдлээ хаацайлахын тулд манай компанийг 2015 оноос хойш нэг ч төлөвлөгөө батлуулаагүй гэж гүтгэсэн. Манай байгууллага жил бүх хуулийн дагуу төлөвлөгөөгөө шинэчлэн баталсаар ирсэн.
Хариуцагчийн тайлбарласнаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн. 2018 оны төлөвлөгөөг 2018 онд, 2019 оны төлөвлөгөөг 2019 онд шүүхэд хандаж шийдүүлэх ёстой байсан гэжээ. Гэтэл хуулийн дагуу төрийн байгууллагатай холбоотой шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болон түүнтэй холбоотой санал гомдлыг дараагийн дээд шатны удирдлага, дээд шатны байгууллагад хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлдэг. Түүний дагуу төлөвлөгөө батлахгүй байгаатай холбоотой асуудлыг удаа дараа Нийслэлийн байгаль орчны газар болон нийслэлийн Засаг даргад гаргаж байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн байгаль орчны газраас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон талаар 02/1006 тоот албан бичиг ирсний дагуу 2020 оны 5 сард хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны үед хэлсэн тайлбаруудаар хугацаандаа зөвшөөрөл сунгуулах хүсэлт өгсөн эсэхтэй маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оноос хойш одоог хүртэл хугацаанд удаа дараа хандаж байсан албан бичгүүдэд хариу өгөөгүй 2020 онд сунгах боломжтой байсан хугацаа дуусангуут хариу хүргүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг ба бусад нотлох баримтаар ч тогтоогдсон байдаг. Харин сунгах боломжтой хугацаанд төлөвлөгөө батлуулаад ирсэн бол сунгах боломж байсан. Гэтэл төлөвлөгөөгөө сунгуулж ирээгүй гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд 2018 төдийгүй 2019 оны албан бичиг хүсэлтүүдийг шийдэж өгсөн бол тусгай зөвшөөрөл сунгагдах боломжтой байсан. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй буюу шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг дэх хэсэгт зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 27 дугаар зүйлийн 27.2, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус заасныг зөрсөн гэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл “Ш” ХХК Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчиж 5 хоногийн дотор төлөвлөгөө баталж өгөөгүй. Тиймээс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах хугацаа дуусахаас сарын өмнө нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй хүргүүлсэн байдаг.
Дээрх процесс нь бүгд нотлох баримт талуудын тайлбар зэргээр хангалттай нотлогдож байгаа ба нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үеэр эвлэрэн хэлэлцэх саналтай буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байдаг. Учир нь тусгай зөвшөөрөл сунгах боломжтой сүүлийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байсан ба түүнээс өмнөх бүх хугацаанд төлөвлөгөө батлуулах боломж байхад Хан-Уул дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаж төлөвлөгөөг баталж өгөөгүй.
“Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй 15/R024 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/R024 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр авсан ба 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн 3 жилийн хугацаа нь дуусахаар байсан тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А1/11 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан. Ингэж хүсэлт гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар байгаль хамгаалах төлөвлөгөөг харьяа дүүргийн Засаг даргаар батлуулж хавсаргах байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас баталж өгөхгүй байсаар одоог хүрсэн. Энэ хугацаанд төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газар болон нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж энэ асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж байсан боловч нэг ч удаа хариу албан тоот ирж байгаагүй. Энэ талаараа Нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн ба үзлэгээр мөн тогтоогдсон байдаг.
Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл сунгах хүсэлттэй маргахгүй хугацаандаа өгсөн. Харин төлөвлөгөөгөө батлуулаад ирсэн бол тусгай зөвшөөрөл сунгагдах боломж байсан. Сунгагдах боломжтой 2 жилийн хугацаанд хүртэл төлөвлөгөөгөө батлуулаад ирсэн бол зөвшөөрлийг батлаад өгөх боломж байсан талаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн байгаль орчны газрын 02/1596 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Нийслэлийн байгаль орчны газрын мөн өдрийн 02/2162 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, 2020 оны 12 дугаар сарын 02-ны 02/2517 тоот албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үеэр эвлэрэн хэлэлцэх саналтай буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байхад шүүх түүнийг хүлээж аваагүй нь хэт нэг талыг барьж асуудалд хандсан гэж хардах нөхцөл бүрдэж байна.
Учир нь хариуцагч өөрийн саналаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь талуудад эвлэрэх боломж олгоогүй буюу хууль зөрчсөн гэж үзэж байна.
“Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй 15/R024 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн байгаль орчны газар төлөвлөгөө батлахгүй байгаатай холбоотой албан бичгүүдийг удаа дараа гаргаж байсан ч нэг ч удаа хариу өгч байгаагүй нь хариуцагчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог ба хариуцагч үүн дээр маргадаггүй.
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй ба Нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн Засаг дарга нар Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн 7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4-т заасны дагуу өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, 6-д заасны дагуу үндэслэл бүхий хариу өгөх, 7-д заасны дагуу өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харьяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах, 10-т заасны дагуу өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх тус тус үүрэгтэй. Эдгээр үүргүүдээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөнөөс доод шатны байгууллага албан тушаалтан нь асуудлыг шийдэхгүй нэг биш нэлээд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хохироож байгаа нь тогтоогдож байна. Төлөвлөгөө батлуулахтай холбоотой үүрэг чиглэл өгсөн албан тоотыг 2018, 2019 онд манай компаниас хүргүүлсэн албан бичгийн хариуг өгөх асуудлыг шийдсэн байдлаар өгсөн бол манай компани төрийн байгууллагын ая талыг хараад бүхэл бүтэн 3 жил хүлээж хохирох үндэслэл болохгүй.
Хариуцагч нэг ч удаа хариу өгч байгаагүй шалтгаанаа манай компанийг төлөвлөгөөгөө батлуулаад ирэх юм бол сунгаж өгөх бодолтой байсан тул гэж тайлбарладаг. Гэтэл тухайн цаг хугацаандаа төлөвлөгөө баталж ирээгүй учир сунгах боломжгүй байна. Танайх төлөвлөгөөгөө батлуулаад ирэх юм бол сунгах боломж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байгаа шүү гээд албан бичгээр хариуг ядаж манай компанид өгсөн бол танай бичгийг бид Хан-Уул дүүргийн Засаг даргад үзүүлж харуулаад асуудлыг шийдэх боломж байхад Нийслэлийн байгаль орчны газар ч нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь тал талдаа ямар ч хариу өгөхгүй, шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж хувийн жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойгүй шийдвэргүй байдлаараа хүнд байдалд оруулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн бусдыг маш томоор хохироосон үйлдэл юм.
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд, 15 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж хариу өгөөгүй. Тиймээс мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар захиргааны шүүхэд гомдол гаргасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.”, 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох...”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэснийг тус тус зөрчиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” нөхцөл байдал үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээр бүрэн тогтоогдож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан эс үйлдэхүй тогтоогдож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 дугаар албан бичгүүдээр “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулаагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлээр "Ш" ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...2018, 2019 онуудад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад удаа дараа хандсан боловч тодорхой хариу ирүүлээгүй, төлөвлөгөө батлуулаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж чадахгүйд хүрсэн” гэж, хариуцагчаас “...“Ш” ХХК нь 2018, 2019 онд ... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар Хан-Уул дүүргийн засаг даргад хандаж хүсэлт ирүүлээгүй ... 2020 онд ирүүлсэн албан бичигт 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09/167 дугаар албан бичгээр ... хариу хүргүүлсэн. ...2018, 2019 онд дүүргийн засаг даргад бичгээр .... өргөдөл, гомдол гаргаагүй байх тул Засаг даргаас эс үйлдэхүй гаргаагүй. Эс үйлдэхүй гаргаагүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч “Ш” ХХК ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон хайгуулын 15/R024 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар толгод нэртэй газарт орших 28 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрхийг эзэмшсэн, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайдаа ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан хүргүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч “Ш” ХХК ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хавсаргаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А1/88, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А1/221, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А1/222, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А1/03, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А1/04 дүгээр албан бичиг болон анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын цахим системд үзлэг хийсэн баримт бичгийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй гэх үндэслэлээр “Ш” ХХК ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын маргаан бүхий актаар дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн, анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй буюу маргаан бүхий Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэлтэй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг даган гарсан Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 гектар талбайг хамарсан Ар толгод нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагууд мөн хангагдах учиргүй.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11 дүгээр зүйлийн 11.2.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйлийн 15.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 16.1.3-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх”-ээр тус тус заасан байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгч “Ш” ХХК ХХК-аас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “Ш” ХХК ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 210.600 төгрөгнөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 140,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ