Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 42

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир 

Улсын яллагч С.Сугар,

Хохирогч Н.Ц

Шүүгдэгч Б.П  нарыг оролцуулан тус  шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пт холбогдох 1930005170013 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар  аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү нягтлан бодогч  мэргэжилтэй, В телевизэд нягтлан бодогч ажилтай ам бүл  4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.П. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.П  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 2 дугаар баг Энхжин хорооллын зүүн хойд талд 84-56 СҮА улсын дугаартай Ниссан нөт маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ г/ тухайн ослыг талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх бололцоотой арга хэмжээ авна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.П  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв. 

 

Хохирогч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тухайн өдөр 17 цаг өнгөрөөгөөд замын хажууд зогсож байсан. Гэтэл нэг машин ирээд мөргөсөн. Би юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Энэ хүн намайг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Би хоёр удаа хагалгаанд орсон. Миний бие ер нь тааруухан байгаа. Гэхдээ энэ хүүхдэд гомдох зүйлгүй байхгүй. Надад 2.900.000 төгрөг төлсөн. Би цаашид эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Сувилалд яв гэж хэлсэн. Сувилалд явах мөнгийг өгчихвөл өөр гомдол байхгүй гэв.

 

Эрүүгийн 1930005170013 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч  Б.П  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Ниссан нөт маркийн 84-56 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон  том охин М.Номинзулыг 4 дүгээр сургуулийн үүдэнд буулгачихаад хөдлөөд явж байтал миний баруун гар талд буюу засмал замын баруун талын зам дээр хүн зогсож байх шиг харагдсан тухайн үед харанхуй, өөдөөс гэрэл тусаад үзэгдэх орчин муу байсан. Тэгээд би тэр хүний хажуу талаар гарах гэж  байна гэж бодоод явж байтал баруун талынхаа толиор мөргөж зогссон. Буугаад хартал 50-60 орчим насны эмэгтэй хүн байсан.  Би тэр хүнийг дагуулаад эмнэлэгт үзүүлэхэд өвчин намдаагч өгөөд 1 дэх өдөр зураг авахуулах шаардлагатай гэсэн. Тэр эмээ гомдол санал байхгүй цагдаа сэргийлэх гээд яахав гэсэн.  Би маргааш нь эмээгийнд очоод  байхад охин нь гэх эмэгтэй залгаад та яагаад цагдаад хэлээгүй юм,  би цагдаа сэргийлэхээр явна хууль дүрмийнх нь дагуу шийдүүлнэ гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд эмээгийн 3 хавирга хугаралтай, баруун талын эрүү нь цууралттай байна. Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. гэх  /хх-ийн 56-57-р хуудас/

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “ Н.Цгийн  биед баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал, эрүүний гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. / хх-ийн 42-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн:  “Ниссан нөт маркийн 84-56 СҮА улсын дугаартай автомашины жолооч Б.П, явган зорчигч Н.Ц нь   2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын  239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ г/ тухайн ослыг талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх бололцоотой арга хэмжээ авна” 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний” гэх заалтыг зөрчсөн байна.

Явган зорчигч Н.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д  явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүнийг гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээс ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 5.12-д явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт  / хх-ийн 46-р хуудас/

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 04-05, 6-7-р хуудас /

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийг 11-12-р хуудас/

 

Хохирогч Н.Цгийн хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 20-27, 30-32-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын Б.Пын ам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/

 

Б.Пын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-р хуудас/

 

Б.Пын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.П  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 2 дугаар баг Энхжин хорооллын зүүн хойд талд 84-56 СҮА улсын дугаартай Ниссан нөт маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон  хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны 

 

хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хохирогч  Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.П, хохирогч  Н.Ц нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Пт  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Пын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.П  нь  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Б.П  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Улсын яллагчаас Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Пыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 2 900 000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн тул одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг,  хохирогч нь цаашид эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Пт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Б.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Б.П  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Цд 2 900 000 төгрөг төлсөн, эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Пыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Пт оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.П  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гарсан зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч  Б.П  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Цд 2 900 000 төгрөг төлсөн,  эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг  тус тус  дурдсугай. 

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА