Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 23

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар, 

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т.Тд холбогдох 2030000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Т.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Т нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Бийн толгой руу толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                            

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээж байна гэв.

 

Эрүүгийн 20300000000203  дугаартай хэргээс: 

 

 Хохирогч  Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын залуучуудын шинэ жилд би ганцаараа орсон. Манай найз Т аймгаас суманд хүн хүргэж ирсэн байсан. Т аймаг гарах ажилтай бензин авах хэрэгтэй байна гэхээр нь би колонкийн хүн дээр очиход цаг агаар муухай байгаа учир сумын онцгой комиссоос бензин өгөхийг хориглосон байгаа гэж хэлсэн. Тэгээд колонкоос хөдлөөд хойшоо явж байгаад машин зогсоод Т намайг буугаад  ир гэсэн. Тэгээд буугаад очтол “чи яагаад байгаа юм” гэх мэтээр өдөх маягтай ярьж байгаад намайг гараараа зүүн шанаанд нэг удаа цохисон тэгэхээр нь би “чи согтсон байна”  гэтэл үргэлжлүүлээд намайг толгойгоороо мөргөөд миний хамраас цус гарсан. Тэгээд би тэндээс гэр рүүгээ зугтаагаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд өглөө боссон чинь миний нүүр ам хавагнаад, зүүн нүд хөхөрсөн, хамар хөндүүрлээд зүүн шанаа хавдсан байсан. Би Тг цохиогүй. Т архи уусан нэлээн согтсон байсан. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Т надаас уучлалт гуйж бид 2 эвлэрсэн  ” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р хуудас/,

 

 Гэрч Ц.Сы мөрдөн байцаалтанд өгсөн: “.. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай найз Т намайг Сүхбаатар сум руу хүргэж өгчихөөд ирье гээд цуг ирсэн. Суманд ирээд найзтайгаа таарлаа гээд  архи уусан. Сумын шинэ жил дээр бас нэг найзтайгаа таараад колонкоос бензин авах гээд явсан. Т аймаг явна бензин авна гэхэд найз нь гэх залуу бензин олдохгүй байна найз нь маргааш бензин зохицуулаад өгье гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд колонкоос хойшоо явж байгаад эмнэлгийн хажууд зогсож байхад тэр хоёр машинаас буусан. Харин зодоон цохион болсон талаар мэдэхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

  Гэрч Б.Югийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд бид буцах гээд сумын колонкоос бензин авах гээд явсан юм. Т аймаг явна бензин авна гэхэд найз нь бензин олдохгүй байна цас шуургатай байна найз нь маргааш бензин зохицуулж өгье гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд колонкоос хойшоо явж байгаад эмнэлгийн хажууд зогсож байхад тэр хоёр машинаас буусан. Би араас нь буухад тэр залуу намайг машиндаа сууж бай янз бүрийн асуудал байхгүй гэхээр нь би машиндаа буцаж суусан. Тэгээд удалгүй нөгөө залуугийн хамраас цус гарсан байхыг нь харсан. Зодоон цохион яаж болсон талаар хараагүй учраас мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/ ,

 

 Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай: 1. Б.Бийн биед  тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь  мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

 

- Т.Тгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/

 

 - Шүүгдэгч Т.Тгийн  Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 35хуудас /

 

-   Шүүгдэгч Т.Тгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     32-р хуудас/ 

 

-  Шүүгдэгч Т.Тгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 28-р хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 07 дугаартай санал /хх-ийн 36-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Т.Т нь  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Бийн толгой руу толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Тгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Бэ, гэрч Ц.С, Б.Ю нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгч Т.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Т.Тгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Шүүгдэгч Т.Тгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Тгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй. 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Тд ял шийтгэл оногдуулахад анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал   болно. 

 

Шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Бэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т.Тг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Тд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Ялтан Т.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Бэ   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА