Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Улсын яллагч  хяналтын прокурор С.Сугар 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Т.Хүдэр 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  С.Б  

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүхийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох  1930001740265 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй. Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

         Шүүгдэгч  Б.Б нь Сүхбаатар аймгийн Жт 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох төсвийн мөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглаж 30 780 660 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Жт нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд өөрийн албан тушаалаа ашиглаж, амар хялбар аргаар мөнгө олж болох юм байна гэсэн буруу сэдлээсээ болж 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, ичиж байна. Би охинтойгоо хоёулаа амьдарч, ажил хийж байгаа учраас энэ мөнгийг бүрэн төлж барагдуулна. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг төлчихөөд байгаа гэв.

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би Сүхбаатар аймгийн Жт нягтлан бодогчоор ажилладаг. Б.Бд холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдон шүүх хуралдаанд оролцож байна. Манай байгууллагад 30.780.660 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгө нь манай байгууллагын нийт албан хаагчийн цалин, урамшуулалд олгогдох мөнгө байсан гэж бодож байна. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн.   Тиймээс үлдэгдэл мөнгийг Б.Бгаар төлүүлж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Эрүүгийн 1930001740265 дугаартай хэргээс:

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би “Ж” театрын даргын ажлыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авах үед  Б.Б нь  нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Би “Ж” театрын ажлыг аваад дотоод хяналт шалгалтыг явуулсан. Гэтэл энэ хяналт шалгалтаар нягтлан бодогч Б.Б нь цалингийн сангаас өөрийн нөхөр Ганбат, дүү Хонгорзул нарын нэр дээр цалин гаргаж хувьдаа завшиж байсан байна. Нягтлан бодогч Б.Б нь ажилчдын цалинг тавих гэж байна гээд мөнгө шилжүүлэх баримт бариад ороод ирэхээр би гарын үсэг зураад явуулдаг байсан. Миний нэгдүгээр гарын үсэгтэй төлбөрийн даалгавраас гадуур банк руу явуулж байгаа нэрсийн жагсаалтанд нөхөр, дүүгийнхээ нэрийг бичээд явуулдаг байсан юм билээ. Би түүнийг нь мэддэггүй байсан. Нягтлан бодогч Б.Б нь 2016 оноос эхлэн цалингийн сангаас хувьдаа мөнгө завшсан 2016, 2017 оных нийлээд 30 орчим сая төгрөг болж байсан шиг санаж байна” гэх мэдүүлэг /хх-193-р хуудас/

 

Гэрч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний хувьд С.Х гэх хүнийг танихгүй. Миний данснаас яагаад ийм мөнгө гарсныг мэдэхгүй байна. Миний гарын үсэггүй данснаас мөнгө гаргаж болдог юм уу, би маш их гайхаж байна. Миний цалин дутуу болон илүү орж байгаагүй дансаар мөнгө оруулаад өөрөө авч байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-23х/

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь манай төрсөн дүү Баийн хүүхэд байгаа юм. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2006 оноос Дөрвөлж компанид слесарийн ажил хийж байгаа юм. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Надад ХААН банкны 5644172675 гэсэн данс байгаа. Миний хувьд Дөрвөлж компанид ажилд ороод уг дансыг нээлгэсэн. 2016 оны 07 дугаар сарын дундуур манай дүү Баийн охин Б нь над  руу утсаар яриад таны дансны дугаар хэд билээ хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр нь өөрийнхөө 5644104615 дугаарын дансны дугаараа хэлсэн. Миний дансаар хэдэн төгрөг хүнээс аваад өөрөө авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-200-р хуудас /

 

Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2013 онд сургуулиа төгсөөд Сүхбаатар аймгийн Төрийн банкинд теллерээр ажилд  ороод одоог   болтол ажиллаж   байна. Тэрнээс  хойш  өөр ажил хийгээгүй юм. Надад ХААН банкны 5644104615 гэсэн данс байгаа. Уг дансыг 2013 онд ажилд орсон үеэсээ эхлэн нээлгэж одоог болтол ашиглаж байгаа. Манай найз  Б нь Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 20-дын үеэр над  руу утсаар яриад манай театрт хүн ажилд орсон тэгээд цалинг нь оруулах гэсэн чинь банкны дансгүй, картгүй юм байна. Чи өөрийнхөө дансны дугаарыг өгчихөө, шинэ ажилтны мөнгийг чиний данс руу хийлгээд өгчихье гэсэн. Тэгэхээр нь тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй дансаа өгсөн. Тэгээд миний данс  руу мөнгө ороод Б нь миний данснаас бэлнээр гаргуулан авсан. Одоо өөрийнхөө дансны хуулгыг харахад 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр миний данс руу 500,000 төгрөг Хөгжимт жүжгийн театраас цалин гэсэн утгатай орсон байна. Б нь цалин орох гээд яараад байна гээд байсан болохоор дансаа өгсөн” гэх мэдүүлэг /хх-201-р хуудас/

 

Гэрч С.Х  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь манай төрсөн эгч байгаа юм. Би 2015 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хот руу оюутан болохоор явсан. 2016, 2017 оны үед би Улаанбаатар хотод сурч байсан. Манай эгч Б нь аймгийн хөгжимт жүжгийн театрт   2016, 2017 оны үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ба миний 5009827446 дугаартай ХААН банкны дансны виза картыг эгч нь цалингаа авч байя гэхээр нь тухайн үед бараг хэрэглээд байдаггүй байсан болохоор өгсөн. Миний хувьд эгч өөрийнхөө дансаар цалингаа авахаар зээл нь татчих  гээд байдаг юм болов уу гэж боддог байсан. Надад ямар нэгэн мөнгө өгч байгаагүй”  гэх мэдүүлэг /хх-202-р хуудас/

 

Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Бтай гэр бүлийн харилцаатай ба манай эхнэр байгаа юм. Одоогоор тусдаа амьдраад нэг жил болж байна. Гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй байгаа. Би Б.Бгийн эсрэг мэдүүлэг өгөхгүй ” гэх мэдүүлэг /хх-197-р хуудас/

 

Гэрч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 онд Жын дарга солигдож Б.Б дарга томилогдсон. Тэр үед Б нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгтэл Б цалингийн сан хүрэхгүй байна, cap сардаа орж ирж байгаа мөнгө яагаад хүрэхгүй байна вэ, чи шалгаад хариу өг гэсэн. Тэгээд би 2017 оны баримтыг аваад шалгасан. Тэгээд  01 дүгээр  сараас эхлээд шалгахад Төрийн сан руу шилжүүлсэн мөнгөн дүн, ажилчдын нэртэй, дансны дугаартай жагсаалтын дүн ижилхэн боловч нэг бүрчлэн шалгахаар нийт дүнгээс зөрөөд байсан. ХААН банк, Төрийн банк руу ажилчдын нэрийг файлаар нэг өгөөд, цаасаар мөн өгдөг байсан. Энэ 2 жагсаалтын дүн 2 өөр байсан. Б өөрийн цалингаа Төрийн банкаар авч байсан ба давхар ХААН банкаар цалин авч байсан. Мөн файл хэлбэрийн жагсаалтанд өөрийн нөхөр, дүүгийнхээ данс руу мөнгө хийсэн байсан. Миний хувьд 2017 оныг шалгасан. Зөрчлийг даргадаа танилцуулж, Аудитын газраас шалгалт орсон”  гэх мэдүүлэг /хх-195-р хуудас/

 

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай: Б.Бд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш цалин хөлстэй холбогдолтой гүйлгээ гараагүй байна. Хөгжимт жүжгийн театрын 2016, 2017 оны цалин хөлсний тооцоо бодсон хүснэгтээс Б.Бгийн цалин хөлс, ээлжийн амралтыг Exsel программаар тулган шалгахад гар дээр авах цалин 7.552.867 төгрөг байна. Үүнээс Б.Б өөрийн болон нөхөр, дүүгийн дансаар дамжуулан төсвийн хөрөнгөөс цалин гэж нийт 28 791 759 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Мөн үзвэр үйлчилгээний орлого дутагдуулсан 298000 төгрөг, байгууллагад ажилладаггүй хүмүүсийн дансанд цалин гэж шилжүүлсэн 1690901 төгрөг, нийт 30.780.660 төгрөгийг 119 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх,” 5.1.5-д “хариуцлагатай байх”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх”, 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг”-ийн 20.2.13-д “нягтлан бодогч нь эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах” гэсэн заалтууд зөрчигдсөн гэж дүгнэж байна” гэх дүгнэлт  /хх-ийн 209-216-р хуудас/

 

   ХААН банкны  цалингийн жагсаалт  /хх-ийн 20-63-р хуудас/

 

   ХААНбанкны  Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-186-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн  Засаг даргын  Б.Бгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-230-р хуудас/

Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-229-р хуудас/

Шүүгдэгч Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Жт 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох төсвийн хөрөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглаж 30 780 660 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гэрч Б.Б, А.Т, Д.Б, Б.Д С.Х, Б.Г, Б.О нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, шүүгдэгч Б.Б нь албан  тушаалын байдлаа ашиглан төсвийн  мөнгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа албан тушаалын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б Сүхбаатар аймгийн Жын цалингийн сангаас буюу төсвийн хөрөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглаж 30 780 660 төгрөгийг завшиж  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бг албан тушаалын байдлаа ашиглаж төсвийн хөрөнгөнөөс завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч  Б.Б нь   Жт   30 780 660 төгрөгийн хохирол учруулсан   үүнээс  2 000 000 төгрөгийг  төлсөн байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Б.Бгаас 28 780 660 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн “Ж” театрт олгох нь зүйтэй байна.   . 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөнөөс завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  2 000 000 төгрөгийг төлсөн,  28 780 660 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Б.Б  нь 7 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх,  гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоос төлсөн,  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ял  оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн  болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Бг  албан тушаалын байдлаа ашиглан,  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/   төгрөгийн торгох ялыг 3  /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бгаас 28 780 660 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн  Жт  олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Жт 2 000 000 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт бичгийн баримт болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА