| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00252/и |
| Дугаар | 1146 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 47 дугаар байр, 33 тоотод оршин суух, эмэгтэй, ФБ72062103 дугаарын регистртэй, Тайжууд овогт Төмөрхуягийн Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дугаар хороо, Бага тойруу гудамж, 12а байрны 21 тоотод оршин суух, эмэгтэй, ЧР59071129 дугаарын регистртэй, Цээнэ овогт Рэнцэндоржийн Цогтуяад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюундэлгэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Цогтуяатай 2013 оны 9 дүгээр сарын 14-нд зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй, 12 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2013 оны 10 дугаар сарын 17-нд зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлдэгч Цогтуяа бид нар нэг албан газарт ажилладаг ба надаас мөнгөний хэрэгтэй байна гээд байнга гуйж өөрөө хүссэний дагуу л мөнгөө зээлдүүлсэн. Дээрх гэрээний хугацаа дууссан боловч өөрийнх нь бие өвчин зовлонтой байсныг харгалзан тэр бүр нэхдэггүй байсан. Эхний зээлийн гэрээнд 2013 оны 9 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ныг хүртэл гэж бичсэн боловч үүнийг 9 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 14-нийг хүртэл 3 сарын хугацаатай өгсөн юм. Р.Цогтуяа нь 2016 оны 6 сар хүртэл хугацаанд зээлээс ямар ч төлбөр хийгээгүй, сүүлдээ утсаа авахгүй, холбогдохгүй болсон. Ингээд би зээлд 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 400 000 төгрөг, алдангид 3 000 000 төгрөг, бүгд 10 400 000 төгрөг болсноос цувуулж төлсөн 3 000 000 төгрөгийг хасч 7 400 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн тайлбартай танилцсан. 2014 оны 4 дүгээр сарын 17-нд 800 000 төгрөгийг хүргэнээрээ миний ажил дээр өгүүлсэн гэдэг нь худлаа байна. Бусад мөнгийг төлсөн гэж үзэж болно. Цогтуяа нэхэмжлэлээс 1 400 000 төгрөгийг хасаад 6 000 000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн байна. Би түүнийг өвчтэй байгааг нь мэдэж байгаа учраас зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Р.Цогтуяагаас шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Цогтуяа би Т.Оюундэлгэртэй 2013 оны 9 дүгээр сарын 14-нд 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан юм. Мөн 2013 оны 10 дугаар сарын 17-нд дахин 2 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй тус тус авч нийт 6 000 000 төгрөгийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан. Нийт зээлээ 10 дугаар сарын 17-ны өдрөөр авч хүүг нь 10 дугаар сарын 14-нд 400 000 төгрөг, 11 дугаар сарын 17-нд 200 000 төгрөг, бүгд 600 000 төгрөг өгч эхэлсэн. Дараа нь 2013 оны 12 дугаар сарын 17-нд 600 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 17-нд 700 000 төгрөгийг Оюундэлгэрийн ажил дээр нь өгсөн. 2014 оны 2 дугаар сарын 17-нд ажил дээр нь хүргэнээрээ 650 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 3 дугаар сарын 07-нд 700 000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. 3 дугаар сарын 17-нд Оюундэлгэр нь өөрөө ирж 600 000 төгрөг авсан. 2014 оны 4 дүгээр сарын 17-нд хүргэнээрээ 800 000 төгрөг хүүд өгүүлсэн ба ажил дээр нь очиж өгсөн гэсэн. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 04-нийг хүртэл зээлийн хүү төлөөгүй байж байгаад 9 дүгээр сарын 05-нд ХААН банкаар 1 600 000 төгрөгийг хүүд төлсөн. Үүнээс хойш хүү болон үндсэн зээл төлж чадаагүй. Нийт 5 050 000 төгрөг төлсөн байгаа. Иймд би нэхэмжилсэн 7 400 000 төгрөгөөс 1 400 000 төгрөгийг хасч 6 000 000 төгрөгийг ... 3 сарын дотор төлж дуусгана гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюундэлгэр нь хариуцагч Р.Цогтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Р.Цогтуяа нь нийтдээ 5 050 000 төгрөг төлсөн, нэхэмжлэлээс 1 400 000 төгрөгийг хасч 6 000 000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг үл зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Т.Оюундэлгэр нь хариуцагч Р.Цогтуяад 2013 оны 9 дүгээр сарын 14-нд 4 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай, 2013 оны 10 дугаар сарын 17-нд дахин 2 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, нийт 6 000 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд, уг гэрээний зүйл болох 4 000 000 төгрөгийг болон 2 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Р.Цогтуяа хүлээн авч гарын үсэг зурсан баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, дээрх 2013 оны 9 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангасан байна.
2. Хариуцагчийн тайлбараас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 14-нөөс 2014 оны 9 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаанд 9 удаагийн төлөлтөөр нийт 5 950 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан байх ба үүнээс нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 5 150 000 төгрөг төлснийг зөвшөөрч, харин 2014 оны 4 дүгээр сарын 17-нд 800 000 төгрөгийг төлөөгүй гэж маргасныг хариуцагч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.
3. Зохигчдын хооронд байгуулсан 2 зээлийн гэрээний үүргийг тус бүрд нь тооцож үзвэл: 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь гэрээний хугацаа 12 дугаар сарын 14-нд дуусахад зээлд 4 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 200 000 төгрөг, бүгд 5 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд хариуцагчаас уг гэрээний хугацаанд буюу 2013 оны 10 дугаар сарын 14-нд төлсөн 400 000 төгрөг, 11 дүгээр сарын 17-нд төлсөн 200 000 төгрөг, 12 дугаар сарын 17-нд төлсөн 600 000 төгрөгийг тус тус зээлийн хүүд тооцон, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 4 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлджээ.
2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 11 дүгээр сарын 17-нд дууссан байх бөгөөд хариуцагчаас гэрээний хугацаанд зээлийн зээлийн хүүг төлөөгүй, гэрээний хугацаа дуусахад энэ зээлээс 2 200 000 төгрөгийн үүрэгтэй үлджээ.
Тодруулбал хариуцагч нь 2 зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, нийт 6 200 000 төгрөгийн үүрэгтэй үлдсэн байна.
4. Талуудын хооронд байгуулсан 2 зээлийн гэрээний 3 дахь заалтад тус бүр “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг тооцон нэхэмжлэх эрхтэй юм.
Үүний дагуу 2 зээлийн гэрээний үүрэгт төлөх 6 200 000 төгрөгийн алдангид 3 100 000 төгрөг тооцогдсон ба нийт 9 300 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаа хэтрүүлж 2014 оны 1 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаанд 5 удаагийн төлөлтөөр 3 950 000 төгрөг төлснийг хасч тооцон, 5 350 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Р.Цогтуяагаас зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний алдангид 5 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс 2 050 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Р.Цогтуяад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагт болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.5.-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хэлэлцэхээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5458 дугаартай захирамжаар шийдвэрлэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Цогтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 100 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Р.Цогтуяагаа 5 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюундэлгэрт олгож, нэхэмжлэлээс 2 050 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Цогтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 100 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.