Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,

Улсын яллагч Э.Хосбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч  Б.Ад холбогдох 1930000000316 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, “Г” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Мэргэжлийн хяналтын байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Грийн таун” хотхоны гадаа хохирогч А.Гыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шанаа ясны нумны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр ....00 цагийн үед нэг литрийн монгол архи найзтайгаа хувааж уусан. Тэр өдөр 22 цагийн үед О гэдэг найзындаа очсон архи уугаагүй юм ярьж сууж байгаад амрах гээд буцаж явж байхдаа У дэлгүүрт ажилладаг хүмүүстэй таараад мэндэлсэн. Өмнөх өдөр нь дэлгүүрээр нь очсон учраас шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгааг нь мэдэж байсан. Би “Green town” хотхоны гадаа очоод Ор гэдэг хүүхэнтэй таараад “сайхан баярлаж байна уу?  гэхэд машины цонхоор нэг хүн намайг цохисон. Хэн нь яагаад намайг цохьсоныг мэдээгүй учраас би машинаасаа бууж очиход У дэлгүүрт ажилладаг залуучууд нийлээд намайг зодсон. Би босож ирээд нэг залууг нь татаж ирээд цохьчихсон. Тэр нь А.Г гэдэг залуу болж таарсан. А.Г нь намайг цохиогүй, зүгээр салгаж байсан юм байна лээ. Үүнийг нь би сүүлд мэдсэн. Олон залуучууд нийлж намайг зодоод байхаар нь би босож ирээд нэгийг нь цохисон. Гэтэл тэр залууд гэмтэл учирсан байсан. Энэ надад хэцүү санагдаж байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 1930000000316 дугаартай хэргээс: 

 

Хохирогч А.Гын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой “У” дэлгүүрийн шинэ жилийн арга хэмжээ Б бааранд болж шөнийн 00 цаг 30 минутын орчим баарнаас гарч дарга Оын машинтай Ор, Эрдэнэцагаан сумаас ирсэн ажилчдын хамт “Грийн Таун” хотхоны голд очсон юм. Гэтэл Б.А гэх залуу манай зарим ажилчидтай маргалдаж муудаад байхаар нь би холдуулж тоглоомын талбайн баруун талд очсон юм. Гэтэл Б.А нь шууд миний зүүн талын шанаа хэсэг рүү толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, 

Хохирогч А.Гын Цагдаагийн газарт гаргасан: “А.Г миний бие 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ад зодуулсны улмаас хүндэвтэр гэмтэл авсан. Би Атэй эвлэрч эмчилгээний зардалд 300 000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх  зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 34-р хуудас / 

 

Гэрч А.Оргийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ “Б” бааранд болж шөнийн 00 цагийн орчим тарсан юм. “Б” баарнаас гараад захирал Оын гэр рүү манай ажилчид 2 машинтай явж Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны голд очиж буусан юм. Гэтэл уг хотхоны голд машинтай сууж байсан А гэх залуу согтуу байсан бөгөөд хүмүүстэй муудаад байсан юм. Үүнийг манай ажилтан Г нь болиулж холдуулсан юм. Гэтэл А нь Гын толгой руу мөргөсөн юм. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Г, А хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Харин А нь өөр хүнтэй муудаад зодолдох гээд байх шиг байхаар нь Г нь Аийг болиулж холдуулсан. Энэ үед А нь Гыг мөргөсөн. А нь их согтуу байсан. Харин Г нь архи бага уусан. Одоо зүүн талын хацарны яс нь хугарсан гэсэн. Мөргүүлсэн хойноо зодолдох гээд дайраад байсан. Зодолдсон зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, 

 

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай: А.Гын биед зүүн шанаа ясны нумны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хоёроос дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

 

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн ...-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 25-р хуудас /

 

-   Шүүгдэгч Б.Аийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн      28-р хуудас/ 

 

-  Шүүгдэгч Б.Аийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 хуудас/

 

-Шүүгдэгч Б.Аийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35-р хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 36 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Грийн таун” хотхоны гадаа хохирогч А.Гыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шанаа ясны нумны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Г, гэрч А.Ор, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Ад  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Шүүгдэгч Б.Аийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Аийн хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй. 

 

Улсын яллагчаас Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардалд 300 000 төгрөг төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно. 

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Ад оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Ялтан Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА