| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0002/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 05
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар ,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Бт холбогдох 1930004700300 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Боловсрол хорооллын ... тоотод түр оршин суух, Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1-18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Г.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг Ө хорооллын 211 тоот хашаанд байх түрээсийн байранд хохирогч Г.Тийг зодож хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Т надаас ажлын хөлс авна, чи надад мөнгө өгөх ёстой гээд өгөх ёсгүй мөнгийг надаас нэхээд дарамтлаад байсан. Ер нь “чи Сүхбаатарт ирээд давраад байна уу? үгүй юу” гээд хэд хоногийн өмнөөс найзуудтайгаа нийлээд дарамтлаад байсан гэв.
Эрүүгийн 1930004700300 дугаартай хэргээс
Хохирогч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд Г.Бтай хамт архи ууж байгаад архиндаа согтож тасарсан бөгөөд өглөө 07-08 цагийн хооронд сэрэхэд Ба ах унтаж байсан. С гэдэг хүн ирээд гэр шүүрдэж байсан. Харин Г.Б сэрчихсэн байсан. Тухайн үед миний нуруу, гуя, өгзөг хэсгээр хөндүүр байсан. Тухайн үед архи бараг гараагүй байсан бөгөөд Д.Ба ах сэрээд ундааны саванд хийсэн архи надад өгөхөөр нь тэрнээс нэг удаа балгасан чинь буцаад согтох гээд байсан. Удалгүй би гэр рүүгээ явах замдаа “О” дэлгүүрээр хүний утсаар ярих гэж орсон юм. Бие өвдөөд ухаан орж гараад байсан бөгөөд нэг мэдсэн чинь түргэний эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд намайг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Нуруу, гуя, өгзөг, зүүн гарын долоовор болон эрхий хуруу, баруун гарын шуун дээр хутгаар зүсэгдсэн байсан. “О” дэлгүүрээс эмнэлэг дээр очиж эмнэлгээс гэртээ очоод хартал миний цээжин дээгүүр хутганы үзүүр хэсгээр хатгасан бололтой шархтай байсан. Би Г.Бтай хамт архи ууж байгаад согтоод тасраад унтаад өгсөн. Тухайн үед гэрт нь байсан Д.Ба ах бүр тасраад унтаад өгсөн байсан. Тийм болохоор Г.Баас өөр хүн миний эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны орчим гэрт нь нэг удаа очиж байсан. Тэрнээс өмнө нь очиж байсан удаа байхгүй. Өмнө нь хоорондоо маргалдаж муудаж байсан удаа байхгүй. 2019 оны 07 дугаар сард наадмын дараа шиг санаж байна. Даймонд барилга дээр ажиллаж байгаад гардаг өдөр Г.Бтай цалин, мөнгөний асуудлаас болж би чамд үнэгүй ажил хийж өгөх хүн биш шүү. Дараа үлдэгдэл мөнгөө авна гэж байсан. Үүнээс өөр ямар нэгэн асуудал байхгүй. Би Г.Быг дээрэлхэж дарамтлаад байх хүн биш. Г.Бын бие хааг нь харсан ч хүнд дээрэлхүүлээд яваад байх хүн биш гэж бодож байна. Би хутгалуулснаас болж баруун гарын шуу, нуруу, зүүн хөлийн гуя хэсэгтээ 3 оёдол 45.000 төгрөгөөр хийлгэсэн. Би Амарбат, Чинбат гэдэг хүмүүсийн хамт барилга дээр дүүргэлтийн блокоор өрлөг хийдэг юм. Би Г.Бд хутгалуулснаас болж 5 дугаар бүрэн дунд сургуулийн барилга дээр ажиллах ёстой байсан. Энэ хугацааны мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/ ,
Хохирогч Г.Тийн Цагдаагийн газарт гаргасан: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бат хутгаар зүсүүлж биедээ хөнгөн гэмтэл авсан. Бид 2 харилцан тохиролцож эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 46-р хуудас/
Гэрч Д.Ба мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баруун-Урт сумын 4 дүгээр багт байрлах “Ө” хороололд байр түрээсэлдэг Г.Бын гэрээр 21-22 цагийн хооронд согтуу очсон. Намайг очих үед Г.Б нь хоол хийж байсан бөгөөд С, Бат-Эрдэнэ гэх цуг ажилладаг залуучууд архи ууж байсан. Тэгээд би тэр хэдийн ууж байсан архинаас ууж байгаад архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Шөнө сэртэл хамт байсан хүмүүс байхгүй, өөр өмнө нь хамт ажиллаж байсан Т гэх залуу ирчихсэн Батай маргалдаж муудаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг муудаж болохгүй гэтэл бид хоёр хоорондоо маргалдаж муудаагүй гэж байсан. Миний авч явж байсан архи Баын гэрт байхаар нь би Ба, Т хоёртой хамт хувааж уусан. Тэгээд мөн архиндаа согтоод унтаад өгсөн. Өглөө сэртэл Т нь явчихсан. Ба ажилдаа явна гээд сэрчихсэн байсан. Ажил төрөл яриад хоорондоо маргалдаж муудаад байх шиг байсан. Харин хутга барьсан эсэх талаар би огт мэдэхгүй байна. Г.Тийг хэзээ ирсэн талаар би мэдэхгүй байна. Намайг унтаад сэрэхэд ирчихсэн Г.Бтай маргалдаж муудаж байсан. Мөн Бат-Эрдэнэ, С хоёрыг хэзээ нь явсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас /,
Гэрч Т.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 10:35 цагт Г.Т нь манай дэлгүүрт орж ирээд шууд лангууны доор эвхрэлдээд ойчоод өгсөн. Би очоод асуутал “88404649 гэдэг дугаар руу залгаад өг, манай найз байгаа” гэсэн. Тэгээд би уг дугаар руу залгаж Тийг манай дэлгүүр дээр бие нь муу байна гэтэл Т нь өөрөө миний утсаар тэр найзтайгаа “найз нь хүнд хутгалуулчихлаа” гэсэн. Удалгүй Тийн гэрийнхэн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэний машин нар цуг ирсэн. Тэгээд Тийг аваад явсан. Г.Т нь халамцуу байсан. Өмсөж явсан цамц болон гар нь бага зэрэг цус болсон байсан. Би цамцыг нь сөхөөд хартал ар нуруун дээр хатгагдсан шарх, аль гуя байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан нэг гуяндаа хутгалуулсан. Надад хаанаас орж ирсэн талаараа хэлээгүй. Би хэнд хутгалуулсан юм гэхэд би найздаа хутгалуулсан. Тийм болохоор цагдаад хэлэхгүй гээд байсан. Мөн гэрийнх нь орж ирэхэд би цагдаад хэлэхгүй гээд гэрийнхэнтэйгээ маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас /,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим цуг ажилладаг Ба, С нарын хамт Баын хамт түрээсийн гэр рүү нь хамт очсон. Баын гэрт 2-3 шил архи хувааж уугаад орой 19 цагийн орчим гэр рүүгээ явсан. Ба ахтай хамт үлдсэн. С нь надтай хамт цуг яваад өгсөн. Ба нь дунд зэргийн согтуу гэртээ үлдсэн. Ба ах тасраад унтаад өгсөн. Намайг гарах үед хоол хийнэ гээд мах гаргаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ба, Ба, өөр нэрийг нь мэдэхгүй залуутай хамт Баын гэрт 2 шил архи хувааж ууж байгаад би 15-16 цагийн орчим гэр рүүгээ явсан. Харин Ба, Ба нар гэртээ үлдсэн. Би г гэртээ хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим Баын гэрээр ортол Ба унтаж байсан. Хуучин Даямонд хотхоны барилга дээр ажиллаж байсан Т, Ба хоёр нь сэрүүн байсан. Тэгээд бид 4 тэнд байсан нэг шил архийг хувааж уугаад би буцаад яваад өгсөн.. Ба намайг шалыг цэвэрлэчих гэхээр нь шалны алчуураар шалыг нь арчих үед цус шиг улаан зүйлүүд байсан. Тэрийг нь цэвэрлэсэн. Т нь нэг гараа харуулаад /аль гар гэдгийг нь санахгүй байна/ энэ яасан байна гэхээр нь харсан чинь зүсүүлсэн байдалтай байсан. Энэ үед Ба нь орон дээрээс наад хоёр чинь өнгөрсөн шөнө хоорондоо зодолдоод намайг унтуулаагүй гэж байсан. Тийн архи нь гараагүй бололтой халамцуухан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас /,
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г.Тийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Г.Тийн биед нуруунд бүсэлхий орчим, баруун гарын шууны урд дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний доод хэсэгт, гуяны ард дунд хэсэгт хатгагдсан шарх гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шанаанд, цээжинд зүүн хөх махны дотор хэсэгт, зүүн доод хэсэгт, баруун суганы доод хэсэг, зүүн эрхий, долоовор хуруунд өнгөц зүсэгдсэн шархтай, хэвлийн урд хэсэгт цэгчилсэн олон тооны өнгөц хатгагдсан шарх гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 547 дугаартай: Г.Тийн биед зүүн шанаанд, цээжинд зүүн хөх махны дотор хэсэгт, зүүн доод хэсэгт, баруун суганы доод хэсэгт, зүүн эрхий, долоовор хуруунд өнгөц зүсэгдсэн шархтай, хэвлийн урд хэсэгт цэгчилсэн олон тооны өнгөц хатгагдсан шархтай, нуруунд бүсэлхий орчим, баруун гарын шууны урд дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний доод хэсэгт, гуяны ард дунд хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт -Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 21-р хуудас/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-05-р хуудас /
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06-р хуудас/
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-р хуудас/
-Нийслэлийн Найлах дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/
-Г.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27-р хуудас/
-Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/
- Г.Бын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 47-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 104 дугаартай санал /хх-ийн 48-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг Ө хорооллын 211 тоот хашаанд байх түрээсийн байранд хохирогч Г.Тийг зодож хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Т, гэрч Д.Ба, Т.О, Б.Б, Б.С, шинжээч эмч С.Эрдэнэцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 547 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. .
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Тт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “29.7 см урттай, ажлын хэсгийн урт 17 см, бариул хэсгийн урт 12.7 см урт, шаргал өнгийн бариултай, бариул хэсэгтээ 2 хадаастай, ажлын хэсэг дээр “ХОРТИЦЯ” гэсэн латин бичигтэй хутга” ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван/ зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Бт оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “29.7 см-ийн урттай, ажлын хэсгийн урт 17 см бариул хэсгийн урт 12.7 см урт шаргал өнгийн бариултай, бариул хэсэг дээрээ 2 хадаастай” ажлын хэсэг дээр “ХОРТИЦЯ” гэсэн латин бичигтэй 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Тт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА