| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0021/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 22
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Хохирогч С.Ц
Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ет холбогдох 1930004310293 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй Б.Е.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Е нь хохирогч С.Цын өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн адуунаас 25 адууг завшиж 24.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед адуучин тэмцээний бооцоонд хүрэн үрээ аваачиж өгч байсан. Үүний дараа аймаг руу халзан морь, хонгор морь, хүрэн гүү, халзан гүү, хүрэн үрээ гээд таван адуу авчирч өгсөн. Би анх 6 адууны хэрэгтэй аймагт ирж шалгагдаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хохирлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны намар “Талын гал” ХК-тай Б.Е нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилласан. Адуу хүлээлгэж өгсөн баримт, данс тооцоог би цагдаагийн байгууллагад гарган өгч байсан. Эдгээр баримтыг цагдаагийн байгууллагаас шалгаад миний хохирлыг тооцож гаргасан. Миний хувьд Б.Етэй хоёр жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан. Энэ хугацаанд цалингаас гадна хөргөгч, угаалгын машин болон бусад бүх зүйлээр дэмжиж, энэ хүнийг зөв сайхан амьдраасай гэж хүсэж явдаг байсан.
Энэ хүн асуудал үүсгэсэн цагаасаа хойш надтай уулзахгүй надаас зугтаачихсан. Би хоёр сарын турш араас нь хувийн журмаар хөөцөлдөж байж аймагт байх гэрээс нь олж аваад ээжийнх нь дэргэд уулзсан. Энэ хүнийг дундаас нь үймүүлж байгаа хүн байх шиг байна. Анх 25 адуу биш 31 адуу дутсан. Гучин нэгэн адуу дутахаар нь би өөрийнхөө ажлын өрөөнд болон хөдөө хээр адуун дээр нь байхад нь уулзаад дутсан адууныхаа учрыг ол, данс тооцоо буруу бодогдсон бол шалгаж нягтлаарай гэж олон удаа хэлж байсан. Б.Е нь 31 адуу дутсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Энэ талаарх баримт байгаа. Адуу дутсаны маргааш өдөр нь өөрөө хоёр адуу авчирч өгсөн. Би өөрийн туслах малчин залууг эрэлд явуулж, 3 адуу олж ирсэн. Үүний дараа Түмэнцогт сумын цаана Хэрлэн голын хөвөөнд хүний адуунд байсан нэг адууг олж авчирсан. Нийтдээ зургаан адууг би өөрөө хүн явуулж хайж олж ирсэн. Ингээд 25 адуу болсныг Б.Е хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр худлаа хэлж байна. Хохирол төлсөн гээд байгаа 7 адууг энэ хүн өгөөгүй. Энэ хүний үгээр адууг нь ачиж, авчирч өгсөн гэрч гээд байгаа хүмүүсийн надад өгсөн адуунууд. Энэ хүн өөрөө “ахаа уучлаарай, би хохирлоо барагдуулъя” гээд нэг ч удаа надтай уулзаагүй.
Би Сүхбаатар аймгийн алдарч уяач цолтой. Өнөөдрийн байдлаар 13 азарга адуутай. Миний адуунууд бүгд хурдны удам, угшилтай гэдгийг Сүхбаатар аймгийн хурдан морь уядаг, сонирхдог бүх хүн мэдэж байгаа. Би Б.Ет алдсан адууныхаа эрэлд яв, хохирлоо багасга гэж олон удаа хэлж байсан. Эрэлд явах үед нь мотоциклынх нь банкыг бензинээр дүүргэж өгөөд, замдаа идэж, уух зүйлийг бэлдээд явуулдаг. Гэтэл эрэлд яваад надаас зугтаадаг алга болчихдог.
Миний хувьд энэ аймаг орон нутгийн гал голомт болсон байгууллагын захирлын албан тушаал эрхэлдэг хүний хувьд энэ хүнийг худал хэлж, хэрэгт унагаах гэсэн ямар ч ёс зүй, үйлдэл байхгүй гэдгийг хэлж байна. Би анх 34.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнийг Цагдаагийн байгууллагаас орон нутгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ гээд үнэлгээ хийлгэхэд 24.900.000 төгрөг гэж гаргасан. Би Б.Еийн амьдрал, боломжийг мэдэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнө нь надад хэлээгүй үгээ хэлж, уучлалт гуйх байх гэж бодож байсан боловч, харин ч эсрэг зүйл ярьж байна. Энэ хүний хохирлыг өөрийнх нь өмнөөс барагдуулъя гээд аймгийн алдарт уяач Соронзонболд гэх энэ хүний ах нь хурдны удам, угшилтай хоёр адуу өгье. Та 4-5 адуугаар тооцож аваач гэж өмгөөлөгч над руу ярьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ хоёр адууг Б.Е надад өгөлгүй дундаас нь аваад идчихсэн байгаа.
Манай компанийн зүгээс Б.Етэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нийгмийн даатгалыг нь төлөөд ажиллуулж байсан. Адуу дутаагаад надаас зугтаагаад алга болсон учраас би хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Залуу хүүхэд, ийм байдлаар өөрийн хийсэн хэрэгтээ хандаж байгаад харамсаж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний хувьд энэ хүний хохирлыг багасгах гэж өөрийнх нь өмнөөс маш их ажилласан. 2020 оны 01-р сарын 17-ны өдөр шүүх дээр Б.Е, шүүгчийн туслахтай гурвуулаа уулзсан. Хохирол жагсаасан баримт дээр 5 бүдүүн адуу гэж бичсэнийг би тав биш дөрөв гэж хэлж засуулж байсан. Би цалингаас гадна хэрэгтэй гэсэн болгоныг өгч байсан. Хамгийн сүүлд уулзахдаа гэр барьж өгнө гэж хүртэл хэлж байсан. Гэтэл миний ингэж хандаж байсныг мартаж байгаад гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1930004310293 дугаар хэргээс:
Гэрч Г.Жийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар эхнэрээ баярлуулах юм бэлдэхээр аймаг явах гэж байхад Е надад “аймгийн төв рүү нэг адуу авч цуг явъя” гэж хэлсэн. Ямар учиртай адуу болох талаар тодруулахад Е нь “Улаанаа ах мэдэж байгаа, цалиндаа авч байгаа” гэж хэлсэн. Би тухайн үед ахынхаа цагаан өнгийн портер маркийн 58-27 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүрэн гүүг манай гэрийн гадаа махлан ачиж аймгийн зүүн талд байдаг Жидаагийн бойнд өгсөн. Мөнгийг нь манай эхнэр Өийн ХААН банкны дансаар 1.300.000 төгрөг авсан юм. Учир нь Е дансгүй гээд манай эхнэрийн дансаар мөнгөө авсан. Уг мөнгөнөөс надад өгсөн зүйл байхгүй. Түмэнцогт сум руу дээрх цагаан портероор 2019 оны 3 дугаар сарын дундуур “З”-д манай гэрээс урагш 300 метр орчим зайд буруу талдаа олмон тамгатай хонгор гүү, хар үрээ, хар байдас бүгд ижил тамгатай нийт 3 адууг Төмөрөө өөрөө нядалж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төв рүү намайг явж өгөхийг гуйсан юм. Тухайн адуунууд нь ядарсан адууны бэлчээрт үлдээд байсан юм шиг байсан. Е надад хэлэхдээ “Улаанаа ах энэ адуунуудыг үхэхээс нь өмнө хэдэн төгрөг болгоод бензин тосоо ав” гэсэн гэхээр нь хамт явж ченж Төрөө гэдэг хүнд арьстай нь хамт өгсөн. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Мөнгөө бэлнээр нь Е өөрөө авсан юм. Толгой шийрийг нь адуу нядалсан газартаа хаясан. Надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Машинд түлш хийсэн. Би өөр мөнгө төгрөг аваагүй юм. Би бодохдоо Еийг хүнд тусархаг сайн залуу гэж бодож байснаас биш ийм зүйл хийнэ гэж бодсон бол би итгэхгүй байх байсан. Е өөрөө надад ярихдаа “Улаанаа ахад хэлчихсэн мөн цалиндаа авсан” гэх зэрэг юм ярьдаг байсан юм. Тэгэхээр нь би юм боддоггүй байсан. Намайг гуйхаар нь би явж өгсөн юм гэх /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч Г.Жгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Е гэдэг хүнийг танина манай төрсөн дүү Жаийнх “З” гэх газарт өвөлжиж байхад 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Цэрэндондов гэдэг хүний адууг авч очсон юм. 2019 оны 06 дугаар сард Яргайтын Балимын уулын зүүн хойд дор болсон “Яргайтын хурд” гэж нэртэй галын нээлтийн наадмын үеэр А гэх залуу мотоциклын хонжвортой шүдлэн адуу юм уу, 500.000 төгрөгийн бооцоотой сугалаа явуулж байхад нь би нэг сугалааг шүдлэн үхэр өгнө гэж авсан. Тэгээд тэр сугалаанаас супер шагнал болох Даюун маркийн улаан өнгийн шинэ хайрцагтай мотоцикл хожсон юм. Тэгээд мотоциклоо гэртээ авч ирээд байхад маргааш нь Е нь манай гэрт ирж 2 хоног мотоциклоо зарчих гэж гуйсан. Тэгээд 2 адуугаар зарсан. Олмон тамгатай хүрэн зээрд үрээ, олмон тамгатай хүрэн халзан морь өгсөн. Хэд хоногийн дараа А гэдэг залуу Еөөс сугалааны адуугаа авна гэж цэнхэр өнгийн пронтер маркийн дугаарыг нь санахгүй байна тээврийн хэрэгслээр аймаг руу оруулж маханд өгнө гэхээр нь Еөөс мотоциклын үнэ өртгөнд авсан 2 адуугаа цуг ачиж явахаар болсон юм. Тэгсэн чинь Е дахин хонгор халзан морь барьж өгөөд “энийг мөнгө болгоод мөнгийг нь авч ирж өгөөрэй” гэж надад хэлээд машинд ачуулсан. Тэр адуунуудаа “Дарьт-Шүтээн” мах бэлтгэлийн газарт өгч миний 2 адуу 1.600.000 төгрөг болсон. Еийн хонгор халзан морь 800.000 төгрөг болсныг би бэлнээр өөрт нь авч ирж өгсөн. Аийн 2 сугалааны бооцоонд Еөөс ирсэн хүрэн халзан гүүг А өөрөө бойн дээр буулгаж аваад оруулсан хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Би Еийн адуунаас Түмэнцогт сумын төв рүү болон аймгийн төв рүү зарж борлуулж байгаагүй. Еийг хүний адуу хариулдаг гэдгийг мэдэж байсан ч Еөөс би тухайн үед нь “болж байгаа юм уу, адууны эзэнд нь мэдэгдсэн үү” гэж асуухад “зүгээрээ би Улаанаа ахад хэлчихсэн, адуундаа явах мотоцикл авлаа гэдгээ хэлэхэд Улаанаа ах зөвшөөрсөн” гэж тайлбар хийж байсан юм. Мэдэгдэх боломж надад байсан ч Улаанаа ахад мэдэгдсэн гээд байхаар нь Ет их итгэж байсан юм” гэх /хх-ийн 17-19-р хуудас/,
Гэрч Ж.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ залуучуудын аль алинаас нь адуу мал авч байгаагүй. Хавар 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар сумын нутаг “Яргайт” гэх газарт 2 мотоциклын хонжвортой шүдлэн адуу юм уу 500.000 төгрөгийн бооцоотой сугалаа зохион байгуулсан юм. Тэр сугалаанаас том Жамъян буюу Ж мотоцикл хожсон юм. Тэр мотоциклоо Ет 2 адуугаар зарсан юм байна лээ. Ж надад адууныхаа оронд үхэр өгсөн. Харин Е сугалаанд оролцоё гэж гуйж байгаад 2 сугалаа авсан. Юу өгөхийг асуухад адуу өгнө гэж хэлээд 2 сугалаа авсан юм. Жгийн өгсөн үхрийг би өөрөө авч ирж бойнд өгсөн. Харин Е 2 сугалаандаа бүдүүн адуу өгье гэхээр нь тухайн үед адууг нь аваагүй, үлдээгээд Ж, Еөөс авах мотоциклынхоо 2 адууг маханд өгнө гэхээр нь Еийн сугалааны адууг цуг оруулаад өгөөрэй гэж хэлээд орхисон юм. Тэгээд Жг аймагт адуу ачаад ирсэн байхад нь Жидаагийн бойн дээр очиж уулзахад цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй дугаарыг нь санахгүй байна. Хонгор халзан морь, хүрэн халзан морь, хүрэн халзан гүү, хүрэн хязаалан үрээ зэрэг 4 адуутай ирсэн байсан. Тэгээд би Жд “чи надад явуулсан адууг нь борлуулаад Еийн мөнгийг өгөөрэй” гэж хэлээд явсан. Тэгээд Ж надад өөрийн өгөх ёстой 170.000 төгрөг, мөн Еийн 1.000.000 гэж нийт 1.170.000 төгрөг өгсөн. Би Жгийн авч ирсэн адуунуудын тамгыг хараагүй. Сураг сонсоход би Еийг Улаанаа ахын адууг хардаг гэж сонсож байсан. Тийм ч болохоор Еөөс адуу авч чадахгүй мөнгийг нь авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч Б.Еийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/
Шүүгдэгч Б.Еийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/49 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 54-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 57-66-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ет холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Е нь хохирогч С.Цын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 25 адууг завшиж 24.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Е, хохирогч С.Ц нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч Г.Ж, Г.Ж, Ж.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Е нь хөрөнгө завших гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Еийн дээрх үйлдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Е нь хохирогч С.Цын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдын эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Е нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Е нь хохирогч С.Цын 25 адууг завшиж 24 900 000 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс 7 адууны үнэ 6 719 998 төгрөгийг төлсөн байх тул Б.Еөөс 18 адууны үнэ 18 180 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Цт олгож, Б.Е, Ц.Бямбаа, Л.Зууннаст, Б.Гэрэлтуяа, Б.Баяржавхлан нарын эзэмшлийн Г-1205001028 дугаартай Сүхбаатар суманд байрлалтай 1680 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/49 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг хөрөнгөнөөс Б.Ет ногдох хэсгээс хохирлыг гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Б.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул гэмт хэргийн нийгмийн хор уршгийн шинж чанар, хохирлоос төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэхээр тогтов.
Шүүгдэгч Б.Ет ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Еийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Е нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Ет авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Еөөс 18 адууны үнэ 18 180 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух С.Цт олгосугай.
6. Ялтан Б.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 7 адууны үнэ буюу 6 719 998 төгрөгийг төлсөн, Б.Е, Ц.Бямбаа, Л.Зууннаст, Б.Гэрэлтуяа, Б.Баяржавхлан нарын эзэмшлийн Г-1205001028 дугаартай Сүхбаатар суманд байрлалтай 1680 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/49 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг хөрөнгөнөөс Б.Ет ногдох хэсгээс хохирлыг гаргуулж төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА