| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0016/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 21
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Иргэний нэхэмжлэгч А.Э
Шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүхийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Жд холбогдох эрүүгийн 1830002920224 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, соёлын ажилтан мэргэжилтэй, хувиараа мужааны цех ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Ж.Ж.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Т” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 3.091.614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай сумын Т гэдэг газар хуучин жонш олворлож байсан газар байдаг. Сумын хэсэг малчид нөхөрлөл байгуулж жонш олборлож болох уу гэдгийг та хуулийн хүрээнд нь судлаад үзээч гэсэн санал тавьсан. Тухайн үед би жонш гэдгийг мэддэггүй байсан учраас уурхай дээр очоод ил гарсан байсан цэнхэр чулуунаас нь аваад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явуулж шинжилгээ хийлгэхэд жонш мөн байна. Гэхдээ агууламж муу байна. Газрын гүн рүү ухаж байж агууламжийг нь тогтооно гэсэн хариу ирсэн. Тиймээс би Улаанбаатар хот руу явж координат тогтоогч авчираад кординатыг нь тогтоогоод Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын кадастрын албан дээр очиж, тухайн координат дээр лиценз байгаа эсэхийг шалгуулахад урьд нь хайгуулын лицензтэй байгаад цуцлагдсан гэж хэлсэн. Би “энэ нутгийн хүн байна. Нутгийн иргэдтэйгээ нөхөрлөл байгуулаад олборлолт явуулж болох уу?” гэж асуухад “энэ газар нь эдийн засгийн эргэлтэнд оруулахад үр ашиггүй гэсэн үнэлгээтэй учраас өмнөх лиценз нь цуцлагдсан байна. Та манай сайт руу ороод нөхөрлөл хэрхэн байгуулах талаарх баримтуудыг аваад нөхөрлөлөө байгуулаад сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа шийдвэрлүүлээд ажиллахад болно гэж хэлсэн. Тиймээс би сумын удирдлагуудтайгаа уулзаж энэ талаараа хэлэхэд албан ёсоор нөхөрлөлөө байгуулаад ирэхэд бид нар татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хамаатны хэдэн залуучуудыг хүрз, жоотуугаар 2 метр газар ухуулахад хуучин ухаж байгаад булсан сул шороо нь дээрээс дарчих гээд байхаар нь би Бор-Өндөр сумаас хүнээс экскаватор түрээсэлж авсан ба тэнд гар аргаар жонш олборлодог газруудыг очиж үзсэн учраас нөхөрлөл байгуулаад ажиллаж болох юм байна гэж үзсэн. Миний түрээсэлж авсан экскаваторын гал хамгаалагч нь шатчихсан, шланкнууд нь цоорчихсон, эвдэрчихсэн байгаа гэхээр нь 5.000.000 төгрөгөөр түрээсэлж авсан. Энэ экскаваторыг ажиллуулахын тулд Бор-Өндөр суманд амьдардаг таньдаг ах маань Дарьганга сумаар явна гээд ирэхээр нь үзүүлээд, засуулсан. Тэгээд хуучин ухсан нүхнүүдийн 2-4 метрийн шороог гаргасан. Зарим газарт нь миний экскаватор жижигхэн учраас ухаж хүрээгүй. Тиймээс гараар ухаад шороог нь гаргачихсан байсан. Гэтэл сумын байгаль орчны байцаагч ирээд зөвшөөрөл байгаа эсэхийг асуухаар нь байхгүйгээ хэлэхэд ухсан нүхээ буцааж бул гэж хэлсэн.
Би ухсан бүх нүхээ булаад байгаль орчны байцаагч эмэгтэйг газар дээр нь аваачиж зургийг нь авахуулсан. Гэтэл намайг Улаанбаатар хотод байхад үнэлгээ хийх шаардлагатай байна. Та үнэлгээний мөнгө 1.000.000 төгрөгийг төлөх шаардлагатай гээд данс өгөхөөр нь тэр мөнгийг шилжүүлсэн. Би техникийн нөхөн сэргээлтийг нь хийсэн. Харин биологийн нөхөн сэргээлтийг хийгээгүй байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ж.Ж нь нөхөн сэргээлт гэж ухсан газраа булаж техникийн нөхөн сэргээлтээ хийчихээд байгаа. Биологийн нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Ж.Ж нь 2018 оны 06 сард нөхөрлөл байгуулж жонш олборлоно гээд явж байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар нөхөрлөл байгуулсан зүйл байхгүй байсан тул та нөхөрлөлөө байгуулж ирээд Засаг даргатай гэрээ жоншоо олборлоход татгалзах зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин холбогдох бичиг баримтгүй жонш олборлож болохгүй, энэ нь хууль бус үйлдэл гэдгийг хэлж байсан. Одоо болтол Ж.Ж нь нөхөрлөл байгуулсан зүйл байхгүй. Ж байгаль орчинд учруулсан хохирлоос техникийн нөхөн сэргээлт хийсэн тул биологийн нөхөн сэргээлт хийх 1376000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалах санд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.
Эрүүгийн 1830002920224 дугаартай хэргээс:
Гэрч Н.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2018 оны 06 сарын үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг “Чулуун завод” гэх газарт байх гэртээ байхад Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд ажиллаж амьдардаг төрсөн ах Ж.Ж нь над руу удаа дараа утастаж “Наагуур чинь хямдхан түрээслэх экскаватор байна уу? Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт “Т” гэх нэртэй газарт жонш олборлох гэсэн гараар олигтой явж өгөхгүй байна” гэхээр нь би хүнээс асууж сураглаж үзье гэж хэлчихээд хүнээс асууж сураглаж Улаанбаатар хот руу явахад сарын 20.000.000-25.000.000 төгрөгийн үнэ ханштай байсан. Тэгэхээр нь үнэтэй байна гэж бодоод өөр хүнээс асууж сураглаж эхэлсэн. Ингээд Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж амьдардаг найз Цэеэ гэгчээс “түрээслэх экскаватор байна уу” гэж асуухад “манай энд жижиг болохоос биш ажилладаг бага оврынх байна” гэхээр нь би Айраг сум руу очиж үзэхэд боломжийн юм шиг санагдахаар нь эзэн нь болох Цэрмаа гэх эмэгтэйд 5.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод аваад явсан. Уг “Т” гэх газар өөр техник хэрэгсэл ашиглаагүй. Ж ах намайг очиход жонш олборлох үйл ажиллагааны зөвшөөрлийг өөрөө бүгдийг нь хариуцна. Сум орон нутгийн удирдлагуудтай ярьж тохирсон байгаа гэхээр нь би нутгийн хүн болохоор үгэнд нь итгэсэн. Гэхдээ найдвартай юм байгаа биз дээ би хүний техникийг түрээсээр авчирсан, асуудал болж хураалгачихгүй юм байгаа биз дээ гэхэд Ж ах бүгдийг зохицуулсан гэж байсан. Үйл ажиллагаа эхлээд зогсох хүртлээ нийт 60-70 тонн ачдаг Хова маркийн хүнд даацын автомашинаар нийт 2 удаа л Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу тээвэрлэж авчирсан. Гэхдээ уг жонш нь цэвэр жонш биш байсан. Бид судлыг нь дагаад хөрсний шороотой нь ачиж байсан юм. Яг хэдэн төгрөг болсон эсэхийг мэдэхгүй. Надад ямар ч байсан ашиг гэж мөнгө ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Ё.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н.Л нь манай Айраг сумын харьяат Лхагварагчаа гэх хүнээр дамжуулж анх миний “Хонда” маркийн экскаваторыг түрээсэлж авсан. Тухайн үед Лхагвасүрэн нь ах дүү нартайгаа нийлж жонш хийх гэж байгаа гэж ярьж байсан. Бид 2 түрээсийн гэрээ байгуулаагүй. Лхагвасүрэн миний экскаваторыг түрээслэхдээ эхлээд 1 сар авч явна гэж түрээсийн мөнгө болох 5.000.000 төгрөг төлөөд явсан. Харин түүнээс хойш дахин 1 сар болсон ч тэр сарынхаа мөнгийг өгөөгүй. Энэ экскаватор нь миний эзэмшлийнх, би үүнийг уул уурхай ажиллуулж байхдаа олон жилийн өмнө авч байсан. Өнгөний хувьд саарал, шар 2 алагласан Хонда маркийн экскаватор байгаа”гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн Т нэрт газрын экологи-эдийн засгийн үнэлгээ: Хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг хөрсний ялзмаг агуулгаар экологи-эдийн засгийн үнэлгээ хийхэд 1 715 614 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг газарт Биологийн нөхөн сэргээлт хийхэд 1 376 000 болно гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/
“М” ХХК-ийн гаргасан экологи-эдийн засгийн үнэлгээний дүгнэлт хэсэгт “...Хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг хөрсний ялзмаг агуулгаар экологи-эдийн засгийн үнэлгээ хийхэд 1.715.614 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг газарт Биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.376.000 төгрөг болно гэж гарав” гэх үнэлгээ,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-р хуудас/
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын Ж.Жгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70-р хуудас/
Шүүгдэгч Ж.Жгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-71-р хуудас/
Хас үнэлгээ ХХКомпанийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-97-р хуудас/
Шүүгдэгч Ж.Жгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 75-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Т” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 3 091 614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Жгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Эийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Л, Ё.Ц нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, экологи-эдийн засгийн үнэлгээний дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, шүүгдэгч Ж.Ж нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Т гэх газарт жонш байгааг мэдэж байсан бөгөөд нутгийн хүмүүс нөхөрлөл байгуулаад жонш гаргаж болох талаар судлаач гэсэн санал тавихад холбогдох газраас тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр холбогдох газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд зориуд хохирол учруулсан байна
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Ж нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Т” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 3.091.614 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Жг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд Ж.Ж нь байгаль орчинд 3.091.614 төгрөгийн хохирол учруулснаас техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгаас биологийн нөхөн сэргээлтийн 1 376 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалах санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Жгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд Ж.Ж нь байгаль орчинд учруулсан хохирлоос техникийн нөхөн сэргээлт хийсэн болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. Жг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ж.Жгийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Жд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялтан Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Жгаас 1 376 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалах санд олгосугай.
7. Шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА