Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 18

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир 

Улсын яллагч Э.Хосбаяр,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус  шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Од холбогдох 1930005570023 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар  аймгийн Дарьганга суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, био анагаах судлаач, удам зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Хүрээ амаржих газарт статистикч, их эмч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, хүү, дүү нарын  хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг О гэх газарт оршин суух хаягтай, /Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булангийн 2 дугаар хэсэг ... тоотод/ түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Г.О. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Хонда Инсаят маркийн 52-91 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан явна” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Г.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 1930005570023 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч  Г.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 22 цаг 30 минутын үед нөхөр Г.Гын хамт 52-91 УНТ улсын дугаартай Хонда инсаят маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Нөхөр бид 2 Багануур дүүрэгт 01 цагт орж ирээд нөхөр жоохон унтаад явъя гэхээр нь 2 цаг унтаад Сүхбаатар аймаг руу явсан ба 9 цаг өнгөрөөгөөд аймаг руу орох үед би машинаа хааш нь дарсныг мэдэхгүй байна ямарч байсан машины бөгс даялаад замын хойт тал руу унасан. Тэгээд бид 2 машинаасаа буугаад байж байхад хүн ирж тусалсан. Миний зүүн гарын шуу хугарсан гэх  /хх-ийн 34-35-р хуудас/

 

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 22 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу найз охин болох Оюун-Эрдэнийн хамт өөрийн эзэмшлийн 52-91 УНТ улсын дугаартай Хонда инсаят маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас ойролцоогоор 15 километрт зайд ирээд манай найз охин намайг сэрээгээд хайраа гэж дуудаад би зам руу харсан чинь машин эсрэг талын урсгал руу ороод замын хойт тал руу өнхөрчихсөн. Тухайн үед маш хурдан болж өнгөрсөн. Машиныг манай найз охин Оюун-Эрдэнэ жолоодож байсан. Би машины зүүн талд буюу хажууд урд талд сууж явсан. Намайг сэрээд харахад 80 километр цагийн хурдтай явж байсан. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид 2 суудлын бүсээ зүүсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би 2019 оны 02 сард “Нэткапитал финанс” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тухайн машиныг авсан. Миний зүүн гар хугарсан өөр гэмтэл байхгүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

 Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Г.Гын  биед зүүн шуу ясны зөрүүтэй хугарал, хүзүүний ар хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. / хх-ийн 24 хуудас/

 

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн:  “Хонда Инсаят маркийн 52-91 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганбат овогтой Оюун-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын  239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан явна” гэх заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт  / хх-ийн 25 хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 20-р хуудас/

 

Г.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/

 

Хас үнэлгээ ХХК-ний автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 45-53-р хуудас/

 

Г.Гын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/

 

Г.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/

 

 Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 62-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөөний 09 цагийн орчимд   Сүхбаатар Аймгийн  Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Хонда Инсаят маркийн 52-91 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан явна” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Г.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт  болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Г.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Г.Оийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.О   хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Г.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Улсын яллагчаас Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Оийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Оийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Од оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шүүгдэгч  Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА