Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 573

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын Эрдэнэбаярын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 4-р анги төгссөн. 1976-1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өвчний улмаас цэрэгт яваагүй. Улмаар 1982 онд өрх тусгаарлаж, эхнэр авсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Манай жижиг гэр шатсан учир надад ямар нэгэн баримт байхгүй байна. Иймд миний гаргаж өгсөн баримтын хүрээнд 1976-1991 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Эрдэнэбаяр нь 1976-1991 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-А.Эрдэнэбаярын нэр дээрх эмнэг хангал адуу, тэмээг уналга эдэлгээнд сургах даалгавар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1615 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1976-1990 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Ажиллаж байх үед нэгдлийн багийн хурал дээр авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч М.*******ын Би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 3-р бригадад 1974-1990 оныг дуустал бригадын дарга, тоо бүртгэгч, агент, нярваар ажиллаж байсан. А.Эрдэнэбаяр бид хоёр нэг голд өссөн. Тэрээр 1976 онд нэгдлийн гишүүн болсон. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна гэх мэдүүлэг,

-Гэрч П.*******гийн Би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 3-р бригадад 1976-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. А.Эрдэнэбаяр манайх хоёр нэгдлийн малыг 1976 оноос хойш тасралтгүй маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн А.Эрдэнэбаярыг 1976-1991 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын Эрдэнэбаярыг 1976-1991 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА