Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 16

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Улсын яллагч  хяналтын прокурор Э.Хосбаяр ,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Зулаа 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Э.Э, 

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүхийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн 1930002090262 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 1988 оны  04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй,  ам бүл 6, эх, нөхөр, 4 сараас 11 насны 3 хүүхдийн хамт амьдрах.  Сүхбаатар  аймгийн  Баруун-Урт сумын 1 дүгээр баг  Жавхлант жишиг хорооллын ... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, Г.М. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

         Шүүгдэгч Г.М нь Сүхбаатар аймгийн “С”  орон нутгийн өмчит  үйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа  2017, 2018 онуудад итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө  болох төсвийн хөрөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглан 44 738 857  төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие С ОНӨААТҮ-ийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2017, 2018 онуудад байгууллагынхаа данснаас интернет банк ашиглан мөнгө авсан нь үнэн. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоос 3 900 000 төгрөг төлсөн,  үлдэгдэл мөнгийг  байшингаа зараад төлнө гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  иргэний нэхэмжлэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлоо төлж барагдуулбал өөр ямар нэгэн гомдол байхгүй. Энэ хүний буруутай үйлдлээс болоод манай байгууллага бусад хувь хүн, байгууллагад 39.000.000 төгрөгийн өр үүссэн. Эдгээр байгууллагууд эхнээсээ манай байгууллагыг шүүхэд өгчихөөд байгаа.Тиймээс хохирлоо аль болох хурдан хугацаанд төлөх шаардлагатай байна гэв.

 

Эрүүгийн 1930002090262 дугаартай хэргээс:

 

           Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн:   “Намайг “С” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны санхүүгийн баримтанд 2018 оны 03 дугаар сард шалгалт хийхэд нягтлан бодогч Г.М нь ажилчдад илүү цалин бодож нийт 9,794,600 төгрөгийг илүү олгосон байна гэсэн зөрчил заагдаж акт тавигдсан. Ингээд би энэ талаар Г.Мээс асуухад “ажилчдын цалинг илүү, давхардуулж шилжүүлсэн байна” гэж надад тайлбарласан.  2018 оны эхний 3 сарын Г.Мийн арилжааны банкны харилцах дансных нь хуулгыг авчруулж тулгаж үзэхэд энэ хугацаанд 4.300.000 төгрөгийн илүү цалинг данснуудаараа авсан нь тогтоогдсон. Тэгээд Г.Мтэй уулзаад энэ талаараа хэлэхэд “нийт 9 сая гаран төгрөгийг өөртөө илүү бодож авсан” гэдгээ надад бичиж өгсөн. Үүний дагуу би Г.Мийн илүү цалин авсан болон өөрийнх нь хувийн 4 банкин дахь данснуудыг шалгаж өгөөч гэсэн өргөдлийг аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн. Мөн намайг ажлаа авахад татвар, нийгмийн даатгалд энэ байгууллага 7,000,000 орчим төгрөгийн өртэй байсан. Тэгээд хамгийн түрүүнд өрөө тэглэх зорилгоор татварын өрийг барагдуулахаар ажиллаж тухай бүр нь өрийг барагдуулахаар төлүүлсэн. Ингээд би татварын өрийг тэглээд өргүй болсон гэж бодож байтал намайг ажлаа өгсний дараа татварт манай байгууллага 9,216,182 төгрөгийн өртэй байна. Дээрх татварт төлөх ёстой мөнгийг Г.М нь өөрийнхөө Голомт банкны дансаар шилжүүлэн авсан болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018  оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын харилцах данснаас касс руу 2655000 төгрөгийг шилжүүлж авсан боловч дээрх мөнгө яасан нь тодорхойгүй, нярав Даваажаргал энэ талаар мэдэхгүй байсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын сувиллын буудлын хөлсөнд төлөх ёстой аймгийн Засаг даргын захирамжаар 270000 төгрөг байгууллагын дансанд орж ирсэн. Уг мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлэхээр Г.М нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баримтан дээр гарын үсэг зуруулсан боловч интернет банк ашиглан өөрийн Голомт банкны 5900002285 тоот дансанд захирамж гэсэн утгатай шилжүүлэн авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас.

        Гэрч Б.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: “С “ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогч Г.М нь нийт 22 удаагийн үйлдлээр 14.108.100 төгрөгийн цалинг Голомт, ХААН, Хас, Төрийн банкны харилцах дансаар дамжуулан илүү авсан нь тогтоогдсон. Мөн 2017, 2018 онуудад ажилчдын цалингаас суутган тооцдог хувь хүний орлогын албан татвараас 9.351.200 төгрөгийг төлөөгүй байсан учир акт тавигдсан. Тэгэхээр Г.М нь төсвөөс нийт 23.459.300 төгрөгийг дутагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас.

       Гэрч Д.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “С “ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын баримтыг шалгахад нягтлан бодогчоор ажиллаж  байсан Г.М нь 2017, 2018 оны тус байгууллагын данснаас хэзээ, хэдэн удаагийн үйлдлээр өөрийн ямар данс руу шилжүүлсэн болохыг шалгахад нийт 66 удаагийн шилжүүлгээр 44.738.857 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгөнөөс  ХААН банкин дахь 5645003728 тоот дансанд 3.9 сая төгрөгийг цалингийн зөрөө гэж шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг хасалгүйгээр нийт дүнг гаргаж ирсэн. Амралтын мөнгө гэх 587945 төгрөгийг хасаж тооцсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас

          Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн:  “Голомт банкны 5900002285 тоот дансанд нийт 18,809,893 төгрөг, хувийн харилцах Төрийн банкны 270000183571 тоот дансанд 12,441,637 төгрөг, хувийн харилцах ХААН банкны 5025427675 тоот дансанд 5,810,420 төгрөг, хувийн харилцах Хас банк дахь 5000686706 тоот дансанд 7,676,907 төгрөг, нийт 44,738,857 төгрөгийг хувийн дансанд 66 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.5-д “хариуцлагатай байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх”, 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг”-ийн 20.2.13-д “нягтлан бодогч нь эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах” гэсэн заалтууд зөрчигдсөн гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 38-44-р хуудас

         

           Сүхбаатар аймгийн “С” /ОНӨ/ үйлдвэрийн газрын даргын 2013 оны  04 дүгээр сарын 01-ний өдрийн  17 дугаартай  тушаалаар “Г.Мийг нягтлан бодогчоор томилсон тухай тушаалын хуулбар,

 

           Сүхбаатар аймгийн “С” /ОНӨ/ үйлдвэрийн газрын даргын  2018 оны  08 дугаар сарын 15-ны өдрийн  Б/31 дугаартай  тушаалаар “Г.Мийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан  тухай тушаалын хуулбар /хх-ийн 76-р хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/48 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 09-10-р хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/

 

Г.Мийн Голомт банкны харилцах дансанд шилжүүлсэн орлогын жагсаалт /хх-ийн 09-р хуудас 47-49/

 

Нийтлэг үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын харилцах данснаас Г.Мийн ХААН банкны хувийн харилцах 5025427675 тоот дансанд шилжүүлсэн орлогын жагсаалт /хх-ийн 50-р хуудас

 

С ОНӨААТҮГ-аас нягтлан бодогч Г.Мт 2017 онд олгосон цалингийн жагсаалт /хх-ийн 51-р хуудас/

 

С ОНӨААТҮГ-аас нягтлан бодогч Г.Мт 2017 онд олгосон цалингийн жагсаалт /хх-ийн 52-р хуудас/

 

Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 72-р хуудас/

 

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/

 

ХААН банкны  цалингийн жагсаалт  /хх-ийн 20-63,144-151-р хуудас/

 

Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 79-83-р хуудас/

 

Төрийн банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 85-94,135-143, 152-154-р хуудас/ 

Хас банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-98-р хуудас/

 

ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-119, 127-134, 155-164-р хуудас/

 

ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 165-168-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн  Засаг даргын  Г.Мийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-74-р хуудас/

Шүүгдэгч Г.Мийн  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-66-р хуудас/

Шүүгдэгч  Г.Мийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Г.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.М нь Сүхбаатар аймгийн “С”  орон нутгийн өмчит  үйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа  2017, 2018 онуудад итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө  болох төсвийн хөрөнгөөс албан тушаалын байдлаа ашиглаж 44 738 857  төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч  Б.Сумъяа,  Б.Ч, Д.О нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, шүүгдэгч Г.М нь албан  тушаалын байдлаа ашиглан төсвийн  мөнгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа албан тушаалын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Мийн төсвийн мөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглан 44 738 857 төгрөгийг завшиж  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Мийг  албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан төсвийн мөнгөнөөс завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  Г.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан тул Г.М нь С  орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 44 738 857 төгрөгийн хохирол учруулсан   үүнээс  3 900 000 төгрөгийг  төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мээс  40 838 857 төгрөгийг гаргуулж С орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна.  Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/48 дугаартай  тогтоолыг хэвээр үлдээхийг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөнөөс завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч  Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 4 сар  29 хоногтой нярай,  6,11 насны 3 хүүхэдтэй,  сэтгэцийн өвчтэй эхийгээ асардаг хувийн байдал,   гэмт хэргийн улмаас  учирсан хохирлоос төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт болон эд мөрийн баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3 900 000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Г.Мийг албан тушаалын байдлаа ашиглан,  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Мт оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.М дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялтан Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мээс 40 838 857 төгрөгийг гаргуулж С” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/48 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт болон эд мөрийн баримт ирээгүй,  С  орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 3 900 000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА