Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0892/З |
Дугаар | 221/МА2021/0105 |
Огноо | 2021-03-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0105
2020 оны 03 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“Ч х б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Ч.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ч х б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-ын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ч х б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 35 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О нь 35 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 11.3 дугаар зүйлд Банкны тухай хууль зөрчих нь зөрчилд тооцохоор, мөн зүйлийн 15-д зааснаар “Энэ зүйлийн 1-14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй” үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байх тул “Ч х б” ХХК-аас “... Монголбанк уг шаардлага биелүүлээгүй гэж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050242 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэжээ.
“Ч х б” ХХК нь Монголбанкны тавьсан шаардлагуудын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж, хохиролгүй болгохын тулд тохиролцоонд хүрч Нийгмийн даатгалын ерөнхий газартай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж график гаргасан байдаг. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шаардлагын дагуу мөн Монголбанкны 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А-6/250 дугаар шаардлагын дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 3201000023 дугаар данснаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/53 дугаар албан бичгийн дагуу 2 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Мөн одоогийн байдлаар манай банк нь уг төлбөр тооцооны талаар иргэний маргаантай явж байгаа бөгөөд хэрэг хяналтын шатанд очиж байгаа. Иймд Монголбанкнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийг хянаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0035 дугаар шийдвэр, Монголбанкны ахлах хянан шалгагч, Ч.Д-ын Ч х б-д оногдуулсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050243 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч хууль хэрэглээний болон шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Гомдол гаргагч “Ч х б” ХХК нь “... улсын байцаагч нь шийтгэл оногдуулахдаа илт ялгаварласан утга бүхий агуулгын хувьд алдаатай шийтгэлийн хуудас оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт ... ” гэсэн үндэслэлээр “Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гарган маргаж, анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны явцад “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан ... бид Монголбанкны тавьсан шаардлагыг биелүүлээгүй бус биелүүлэхээр үйл ажиллагаа явуулж Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлбөр барагдуулах гэрээ байгуулан ажилласан ...” гэж гомдлын шаардлагын үндэслэлээ тодруулан маргасан байна. Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч маргаан бүхий актын үндэслэлээ “... тус банк нь 2020 оны эхнээс харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй, үйл ажиллагааны хүндрэлд орсон болно. Иймд Ч х бинд их хэмжээний төлбөр тооцоо саатаад байна. Тус банкны томоохон харилцагч НДЕГ, ЭМДЕГ, Э т т ХК, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанкинд ирүүлсэн ... Монголбанкнаас харилцагчийн төлбөр тооцоог яаралтай гүйцэтгэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, эсвэл биелүүлэх үндэслэлгүй гэдгээ албан ёсоор Монголбанкинд мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэн ...” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх “Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Банкны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөөх хуулийн этгээдийн хувьд аливаа банк нь хуульд заасны дагуу Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулахдаа Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, 16.1.2-т “өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх” гэж тус тус заасан шаардлагыг хангаж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв банк (Монголбанк) нь Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус хуулийн 5 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-д “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор ... өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна” гэж заасан үйл ажиллагааг эрхлэх хууль ёсны эрх бүхий этгээд байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн ... , хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол ..., хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч х б-д хянагч томилох тухай” Н/48 дугаар тушаал[1]-аар Ч х бинд ажиллах Монголбанкны хянагчаар ахлах хянан шалгагч Ч.Д, хянан шалгагч Б.Халиунаа нарыг томилж, Монголбанкны хянагчийн ажлын удирдамжийг баталсан байх бөгөөд Монголбанкнаас Ч х б-ны гүйцэтгэх захиралд саатсан гүйлгээг гүйцэтгэж, арга хэмжээ авах тухай албан шаардлагуудыг удаа дараа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Монгол банкны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А-6/213, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А-6/257 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон, гомдол гаргагч нь Монголбанк, тус банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч нарын хяналт шалгалт хийх эрх, хариуцагч Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээ, тус банкны харилцагч төрийн байгууллагуудаас Монголбанкинд гомдол гаргасан байдал, Монголбанкнаас “Ч х б” ХХК-д хүргүүлсэн албан шаардлагуудыг хүлээн авсан талаарх үйл баримтуудтай маргаагүй байна.
Зөрчлийн хэргийн материалд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүү, бүртгэлийн дарга Б.Д-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “... 2019 оны 10 дугаар сараас өмнөх хугацаанд гүйлгээ хийгдэж байсан. Үүнээс хойш зарлагын гүйлгээ хийх асуудал үндсэндээ тасалдсан ...” гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү, төлбөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “... миний санаж байгаагаар 2019 оны төгсгөлд дахин 2 удаа, 2020 он гараад 5 удаа, нийт 113 тэрбум төгрөгийн дүнтэй төлбөрийн даалгаврыг албан бичиг, шаардлагын хамт хүргүүлсэн. Эдгээр төлбөрийн даалгавар өнөөдрийг хүртэл гүйцэтгэгдээгүй ...” гэх мэдүүлэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/2378, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 1/2530, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/2575, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/234, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 1/1318, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 1/2574, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/1153 дугаар албан бичгүүд зэрэг баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “Ч х б” ХХК нь харилцагчдын мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөөгүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн гомдол гаргагч “Ч х б” ХХК-ийг Монголбанкнаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн, уг шийдвэрийн улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болсон байна.
Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны явцад “... Нийгмийн даатгалын ерөнхий газартай төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэж арга хэмжээ авч, ... Монголбанкнаас гаргасан шаардлагын дагуу төлбөрийн гүйлгээг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ...” гэж тайлбарлан маргасан, зөрчлийн хэрэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “... хүсэлтийн дагуу зарлагын гүйлгээний хуваарийг хавсралтын дагуу хийж баталгаажуулахаар хүргүүлж байна ...” гэх 1/2575 дугаар албан бичиг авагдсан байх боловч энэ нь тус банкны гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Ч х б” ХХК нь харилцагч байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон эсэх, Монголбанкнаас хүргүүлсэн албан шаардлагын дагуух үйл ажиллагааг “боломжоороо явуулж байсан” эсэхээс үл хамааран холбогдох хуульд заасан журмыг баримтлаагүй буюу Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй байх тул гомдол гаргагчийн “... Монголбанкны тавьсан шаардлагуудын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж, хохиролгүй болгохын тулд тохиролцоонд хүрч Нийгмийн даатгалын ерөнхий газартай ... төлбөр барагдуулах гэрээ байгуулж график гаргасан ... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ... шаардлагын дагуу мөн Монголбанкны ... шаардлагын дагуу ... 2 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн ... Монголбанкнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хангаж, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болоогүй хэдий ч хэрэгт Монгол Улсын Хөгжлийн банкны “... Ч х б-д 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №12-08-2/705 тоот гэрээгээр байршуулсан 25.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дууссан боловч тус банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, төлбөрийн чадвар муудсанаас үүдэн өнөөдрийг хүртэл дээр дурдсан мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрийг барагдуулаагүй байна ...” гэх агуулга бүхий 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдээлэл хүсэх тухай” 3/271[2], Хадгаламжийн даатгалын корпорацийн “... Ч х б дахь Хадгаламжийн даатгалын корпорацийн ... харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600.0 сая төгрөгийг Монголбанкин дахь харилцах данс руу шилжүүлж төлбөрийн даалгавраар гүйлгээ хийсэн боловч өнөөг хүртэл манай Монголбанкны харилцах дансанд ороогүй байна ...” гэх агуулга бүхий 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Тусламж хүсэх тухай” А-1/73[3], Барилгын хөгжлийн төвийн “... данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 862,700,000.00 төгрөг, 3,063,537.14 төгрөгийн гүйлгээ хийлгэсэн хэдий ч хүлээн авагч дансанд ороогүй ...” гэх агуулга бүхий 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Яаралтай шалган шийдвэрлүүлэх тухай” 1/367, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “... тус банкаар 5,000,000 /таван сая/ ам.долларын гүйлгээ хийлгэхээр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 3 удаа хандсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, харилцах дансны зарлагын гүйлгээг ямар ч шалтгаангүйгээр хойшлуулан одоог хүртэл ямар нэгэн гүйлгээ хийхгүй байгаа нь манай компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна ...” гэх агуулга бүхий 2020 оны “Хүсэлт гаргах тухай” 01/556, Зээлийн батлан даалтын сангийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “... данснаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 183,070,000.00 /нэг зуун наян гурван сая далан мянга/ төгрөгийг Капитрон банкны данс руу гүйлгээ хийж, хадгаламжийг шилжүүлсэн ... 1,000,000,000.00 /нэг тэрбум/ төгрөгийг хүүний хамт Капитрон банкны данс руу гүйлгээ хийж, хадгаламжийг шилжүүлсэн. Гэвч дээрх хоёр гүйлгээ өнөөдрийг хүртэл бодитоор хийгдээгүй хадгаламж дансанд орж ирээгүй байна ...” гэх агуулга бүхий 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1/135, Монголын Ипотекийн корпораци ОССК-ийн “... нийт 1,235,836,745.01 (нэг тэрбум хоёр зуун гучин таван сая найман зуун гучин зургаан мянга долоон зуун дөчин таван төгрөг нэг мөнгө) төгрөгийг өнөөдрийг хүртэл зарлагадан авч чадахгүй байна ...” гэх агуулга бүхий 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/15-1180, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн “... нийт 171,366,365.53 /нэг зуун далан нэгэн сая гурван зуун жаран зургаан мянга гурван зуун жаран таван төгрөг 53 мөнгө/ төгрөгийг төлөөгүй байна ...” гэх агуулга бүхий 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/792 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд авагдсан байх боловч гомдол гаргагч “Ч х б” ХХК-ийн зүгээс эдгээр баримтуудыг үгүйсгэж, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэгт хамааралгүй, хэрэглэх шаардлагагүй хуулийн зохицуулалтыг буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” гэж заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн хувьд утга агуулгын алдаа гаргасан байх тул эдгээрийг засч зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч х б” ХХК-ийн “Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ