Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 45

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Аы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А би Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Мэдээлэл сүлжээ хариуцсан мэргэжилтэн”-ээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар ажилд томилогдсон.

       Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсээр ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг руу ажлын айлчлал хийж ирээд явсан ажлын талаар ажлын албаныхандаа танилцуулж мэдээлэл өгөөгүй, ажлын хэсэгт оруулж авч яваагүй хэрнээ тэр тухай мэдээлэл тавихыг надад үүрэг болгосон. 

Миний бие ажлын хэсэгт орж явсан Тамгын газрын мэргэжилтнээс мэдээлэл авах гэсэн боловч ажилтай байна гэснээр 2017 оны 09 дүгээр сарын 04-нд Хурал.мн сайтад мэдээллээ оруулсан. Өмнө нь надад ямар нэг арга хэмжээ авах талаар анхааруулж сануулаагүй хэрнээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг гаргаж танилцуулсан. 

       Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоол “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2.4 дэх заалтыг зөрчсөн захирамж гаргасан учраас миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Г нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний танхим, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн А.Лыг ажлаас нь чөлөөлж, төрийн албаны шалгалтад ороогүй Б.Аыг мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсан байдаг. 

Миний бие Б.Ад хариуцсан ажил үүргийнх нь дагуу удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч хангалтгүй буюу огт биелүүлж байгаагүй болно. Тухайлбал: 

2017 оны 08 дугаар сарын 04-нд ажилтнуудын бүх компьютерт вирусны программ суулга гэсэн үүрэг даалгавар өгсөн боловч үүнийг одоо хүртэл биелүүлээгүй. Удаа дараа шаардсаны эцэст 10 дугаар сарын 22-нд суулгасан, 

9 дүгээр сард Д.О, Б.А нарт Hural.mn цахим хаяг дээр тавьж байгаа мэдээллээ сайжруулах талаар мөн үүрэг даалгавар өгөхөд үүнийг хангалтгүй биелүүлсэн. Жишээ нь: Манай ажлын албаны хурал хороодын хэлтсийн дарга Ж.Жы зургийг тавиад хурлын дарга гээд бичсэн байгаа нь ажлаа хариуцлагатай хийж байгаа гэх үндэслэл алга байна. 

2017 оны 8 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Шилийн гол аймагруу ажлын айлчлал хийхдээ бид аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтныг авч явсан. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд олон хүн авч явах боломжгүй байсан. Харин бэлэн материалаас аваад өөрийн цахим хаяг дээрээ тавихад энэ хүнд ямар бэрхшээл байсныг ойлгохгүй байна. 

1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолыг зөрчсөн мэт бичсэн байна. Өөрт нь мэдэгдэлгүй арга хэмжээ авсан гэж байх шиг байна. Би энэ олон удаа үүрэг даалгавар өгнө гэдэг чинь өөрт нь сануулаад байсан гэж ойлгох хэрэгтэй. Ер нь даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байж анх удаа сануулах арга хэмжээ авахуулчихаад шүүхэд хандаж байгаа ийм хүн цаашид төрийн албыг чанартай гүйцэтгэнэ гэдэг нь эргэлзээтэй санагдаж байна гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь миний удирдлаган дор ажилладаг. Би Б.Аыг ажлаа сайн хийдэг хүн гэж үзэхгүй байгаа. Миний хувьд ч гэсэн олон үүрэг даалгавар өгч байсан боловч биелүүлж байгаагүй. Хурлын даргатай уулзаж арга хэмжээ авсан захирамжаа хүчингүй болгоод нэг удаадаа анхааруулаад өнгөрвөл яасан юм бэ? гэж хэлсэн боловч зөвхөн нэг удаагийн үйлдэлд нь би энэ арга хэмжээг аваагүй гэж хэлж байсан. Урьд нь төрийн албанд ажиллаж байгаагүй, залуу хүн учраас ажилдаа сайн дадаж өгөхгүй байна уу даа гэж бодсон. Гэхдээ нэгэнт л энэ албан тушаалд томилогдсон учраас төрийн албыг цалгардуулахгүй хийх л ёстой. Б.А 2017 оны 2 дугаар сард энэ албан тушаалд томилогдсон. Томилогдсон цагаасаа хойш Хурлын ажил биш намын ажлыг хийж байсан гэж хэлэхэд болно. Ганц Шилийн гол аймагт ажилласан талаарх мэдээллийг сайтад оруулсангүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ аваагүй. 

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй болон огт биелүүлж байгаагүй учраас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэв. 

                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Ааас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны “Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист” хариуцсан ажилтан Б.Ад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ. 

 

Нэхэмжлэгчээс ... надад сахилгын шийтгэл ногдуулах талаар урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй, тус захирамж нь “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зөрчиж гарсан тул үндэслэлгүй ... гэж, хариуцагчаас ... Б.А нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй болон огт биелүүлж байгаагүй тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ... гэж тус тус маргаж байна. 

 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагаа болон түүнийг явуулах арга хэлбэрийн талаар зохицуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны “Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист” хариуцсан ажилтан Б.Ад шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, шийдвэрт хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

 

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй юм. 

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчийг ганц Шилийн гол аймагт ажилласан талаарх мэдээллийг сайтад оруулаагүй гэж буруутгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй болон огт биелүүлж байгаагүй учраас шийтгэл ногдуулсан” гэж хэд хэдэн үндэслэлийг тайлбарлан маргаж байгаа боловч үүнийгээ нотлох хуулийн шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргаж буй хариу тайлбар үндэслэлийнхээ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй байна. 

 

Иймд хариуцагч талаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийнхаа үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох Хурлын даргын тэмдэглэлийн дэвтрийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД