Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00314

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2269 дүгээр магадлалтай,

Б.Агийн нэхэмжлэлтэй

“З Т Н”ОНӨААТҮГ-т холбогдох

Тэтгэмжийн зөрүү 7 117 957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Автобус-1 компанийн захирлын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалаар тэрэг тавигч механикаар ажилд орсон бөгөөд автобус баазад 1977 оноос эхлэн 27 жил ажилласан. “З Т Н”ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/515 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингээд 10 сард миний данс руу 2 033 720 төгрөг цалин гэж орсон. Тухайн үед удирдлагууд солигдсон гэх зэрэг нөхцөл байдал үүссэн учраас үйлдвэрчний эвлэлийн хороонд хандан өргөдөл гаргасан. Тус байгууллагад тасралтгүй 9 жил 1 сар ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гаргахад 9 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд 7 сарын тэтгэмжийг дутуу олгосон. Иймд 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 1 016 851 төгрөг бөгөөд 7 сарын тэтгэмж 7 117 957 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолно гэж заасан ба нэхэмжлэгч тэтгэвэрт гарч байх үед тэтгэмжийг олгоогүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал дээр 2 033 720 төгрөг гэж байгаа. Энэ мөнгийг тэтгэмж гэж мэдээгүй. Учир нь тушаалд Зорчигч тээврийн нэгтгэлийн цалин гэж бичсэн байдаг. Тэр үед АСЕМ-ийн үйл ажиллагаанд холбогдуулан тэрэг хариуцагчаар түр томилсон тухай тушаал гарсан байсан учраас энэ хугацааны цалин гэж ойлгосон. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхээ хамгаалахаар үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан уг байгууллага нь хамтын гэрээний асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд үүссэн асуудал нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд тэтгэмжийн хэмжээ, ажилласан жил, гэм хорын асуудлаар хариуцагч маргаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Зорчигч тээврийн нэгтгэлд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрөө хүсэлт гаргаж өндөр насны тэтгэвэрт гарсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэмж олгох тухай тушаал гарч 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг байгууллага олгосон. Тэтгэмж олгох тушаал гараад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийн даалгавраар Б.Ан дансанд шилжүүлсэн байгаа. Төлбөрийн даалгаварт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б918, Б919 тоот тушаалын дагуу гүйлгээ хийж байгаа гэх үндэслэлээр 2 сарын тэтгэмжийн мөнгийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-аас 7 117 957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 128 837 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2269 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: “З Т Н”ОНӨААТҮГ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ миний бие Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2269 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 -д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. 2017оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2269 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-т холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэтгэмжийн дутуу 7 117 957 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...хамтын гэрээний нэг тал болох Автобус нэг компани татан буугдсан, ...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Б.А нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж, ажил олгогчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох Автобус нэг ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ нь хамтын гэрээг шинээр батлагдах хүртэл хугацаагаар байгуулагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан журмын дагуу ажил олгогч  2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр уг гэрээний нэмэлт өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 8.5-д “...өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад нь байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...”-ыг заасан тул энэ болзлыг хангасан нэхэмжлэгч нь 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан тул үлдэх 7 сарын тэтгэмжийг хариуцагчаас гаргуулсан нь хамтын гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд хамтын гэрээний оролцогч буюу ажил олгогч Автобус-нэг ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор татан буугдаж, эрх, үүрэг нь “З Т Н”ОНӨААЭҮГазарт шилжсэн нь хамтын гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй.  Шинээр үүсгэн байгуулагдсан “З Т Н”ОНӨААТҮГазар нь хамтын гэрээг шинээр байгуулаагүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, тэтгэмж авах талаар “З Т Н”ОНӨААТҮГазрын Үйлдвэрчний эвлэлийн хороонд удаа дараа гомдол гаргасан ба Үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 01 дүгээр сарын 10, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд хариуг албан бичгээр өгсөн, Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус байгууллагаас хариу ирүүлсэн байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2269 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 129 840 төгрөгийг улсын орлогод  үлдээсүгэй.

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА