| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0001/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 01
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч.Хд холбогдох 1930005000305 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 24А байрны ... тоотод оршин суух ял шийтгэлгүй Ч.Х.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 10 дугаар сарын 12-13-ны хооронд өөрийн хонинд нийлсэн 8 ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч А.Бт 615 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хонио урд зүг рүү бэлчээгээд дэрснээс хөөж ирэхэд 8 ямаа нийлсэн байсан. Цэнхэр будагтай тэдгээр 8 ямаанаас хоёрыг нь хүнсэндээ хэрэглээд хоёрыг нь бойнд аваачиж өгсөн. Үлдсэн дөрвөн ямааг нь А.Бын хүргэн ахынд хүргэж өгсөн гэв.
Эрүүгийн 1930005000305 дугаартай хэргээс:
Хохирогч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 10-нд “З” гэх газраас 10 тооны ямаагааа авчруулж Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Говь” гэх газар Ггийн гэх айлдтавьсан юм. Тэгсэн надад 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ггийн хүргэн Баатар утсаар холбогдож таны тавьсан 10 ямаанаас 8 ямаа дутуу байна гэж хэлсэн юм. Тэгээд манай 8 ямаанаас Х ахын хониноос Э.Б 4 ямаа зүс имээр авсан. Би Норовсүрэн ахынхаас 10 ямаа авсан юм. Тэгээд Г ахынд бүдүүн эр ямаа-2, бүдүүн эм ямаа-4, борлон-3, ишиг-1 ямаанууд тавьсан. Алдсан гэх ямаанууд гэвэл бүдүүн эр ямаа-2, бүдүүн эм ямаа-3, борлон-2, ишиг-1, нийт 8 ямаа алдсан. Манай алдсан 8 ямаанаас 2 эр, 2 эм ямаа нь зүүн чих цуулбар имтэй улаан зүсмийн ямаанууд байхгүй байгаа юм. Би 1 бүдүүн эр ямааг 150.000 төгрөгөөр үнэлж 2 эр ямааг 300.000 төгрөгөөр үнэлнэ. 1 эм ямааг 110.000 төгрөгөөр үнэлж 2 эм ямааг 220.000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдсан 2 эм ямаа бүдүүн сувай ямаанууд байсан. 2 борлон ямааг 1 борлонг 50.000 төгрөгөөр нийт 100.000 төгрөг, 1 ишгийг 25.000 төгрөгөөр, бүдүүн эм ямааг 110.000 төгрөгөөр нийт 755.000 төгрөгийнхохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,
Хохирогч Б.Бын Цагдаагийн газарт гаргасан: “Батбаатар би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Баруун-Урт сумын Эвдэрхий гэх газраас 4 ямаа алдсан. Миний бие Ч.Х гэх хүнээс хохирлын бүрэн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 29-р хуудас/
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хадам аав Ггийнд А.Б ах 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 ямаа авчирч тавьсан юм. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би хонио хашаанаас гаргах үед А.Б ахын 10 ямаанаас 8 ямаа дутуу байсан. Би тэр өдрөө гэрийнхээ ойролцоо айлуудаар орж алдсан 8 ямааг эрж сураглаж яваад Х ахын хонинд алдсан ямаануудаас 4 ямаа байсныг авсан. Тэгээд Х ахын эхнэр /нэрийг нь мэдэхгүй/-ээс 4 ямаа хэзээ хаанаас нийлсэн талаар асуухад “эгч нь мэдэхгүй, Х ах нь Баруу-Урт сум руу өвсөнд явсан эзгүй байгаа” гэж хэлэхээр нь яваад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х ахын хониноос 4 ямааг авсан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хонио хариулж байхад Х ахын хонь манай хоньтой ойрхон бэлчээрлэж байсан. А.Б ахын 10 ямаа манай хониноос ижил буруу учраас салах гээд байсан. Тухайн өдөр Х ахын хонинд 8 ямаа нийлсэн байх. А.Б ахын 10 ямаа ижил зүүн чих цуулбар имтэй голдуу хүрэн зүсмийнх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас /,
Гэрч Б.Чын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг мал махны “4Г” хоршоонд зохион байгуулагчаар ажилладаг юм. Би Баруун-Урт сумынх болохоор Ч.Х ахыг зүс танина. Ч.Х 2019 оны 10 дугаар сарын 14-нд манай хоршоонд 2 гулуузалсан ямааны мах өгсөн юм. Тухайн үед ямааны арьс үнэгүй байсан учраас арьсыг худалдаж аваагүй. 2 ямаа нийлээд 50 кг болж 1кг-ыг 5000 төгрөгөөр бодож 2 ямааны гулууз 250.000 төгрөг болж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,
Гэрч С.Аын мөрдөн байцаалтанд өгсөн “... Намайг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ байж байхад Ггийн хүргэн Б.Б ирээд надад “манай хонинд айл 10 ямаа тавьсан юм, тэгсэн 8 ямаа өглөө үзэхэд байхгүй эрж хайгаад явсан чинь танай хонинд 4 тооны ямаа байна, Х ах яасан юм бэ” гэж асуугаад яваад өгсөн. Тэр өглөө манай нөхөр Х Баруун-Урт сумын төв рүү машинтай өвсөнд явсан ирээгүй байсан. Манай хонийг нөхөр Ч.Х хариулдаг юм. Би 8 сартай зээ охиноо байнга хардаг болохоор 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө нөхөр Ч.Хыг 4 ямаа хийгээд явсныг мэдээгүй. Харин 2019 оны 11 дүгээр сард аймгийн цагдаа нөхөр Ч.Хыг аваад явсны дараа айлын 4 тооны ямаа хийж зарж борлуулсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,
- Шүүгдэгч Ч.Хы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 19-р хуудас/
- Шүүгдэгч Ч.Хы иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 20-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 18-р хуудас /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-р хуудас/
-Ч.Хы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 31-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх 105 дугаартай прокурорын санал /хх-ийн 32-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 10 дугаар сарын 12-13-ны хооронд өөрийн хонинд нийлсэн 8 ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч А.Бт 615 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Хы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Б, гэрч Б.Б, Б.Ч, С.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Хы гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ч.Хы энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Хы бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ч.Х нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Хыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Хд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Хыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Хд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ч.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА