Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 174/2020/0022/э |
Дугаар | 25 |
Огноо | 2020-01-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 25
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох 1930004970008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1967 онд Дарьганга суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой,биеийн тамир, цэрэгжилтийн багш мэргэжилтэй, Сүхбаатар сумын “Х” ОНӨААТҮГ-ын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Ховолын 2-1 тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ЦГ67040110 регистртэй, Зээрднүүд овогт Будсүрэнгийн Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар Х ОНӨААТҮГ-ын захирлын өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилтан Б.Стэй маргалдаж улмаар түүний толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 1930004970008 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд би дарга Б.Бийн өрөөнд ажил ярихаар орсон. Тэгээд бид 2 ажлаас болоод маргалдаж хэрэлдэж байснаа Б гэнэт босож ирээд миний зүүн талын чихний дээд хэсэгт нэг удаа цохисон тэр үед би гэнэт цохиулсандаа манараад байж байтал намайг заамдаж аваад өрөөнийхөө баруун буланд шахаад 2-3 удаа толгой руу цохиход нягтлан Мөнх-Эрдэнэ орж ирж биднийг салгасан. Миний хувьд Бийг зодсон цохисон асуудал байхгүй... Маргааш өглөө нь босоход бие нэг л эвгүй байсан учраас эхнэр Т руу утсаар ярьж эмч аваад ирээч гэхэд Туяа эмч Сэндэр эмч 2-ыг аваад ирсэн. Тэгээд намайг үзээд эмнэлэг авч явсан бөгөөд эмнэлэгт очоод би ухаан алдсан. Одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б надаас уучлалт гуйж бид эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... би ажил дээрээ ирээд тайлангаа хийчихээд Б даргаар гарын үсэг зуруулах гээд өрөөнд нь ороход менежер С даргын өрөөнд юм яриад сууж байсан. Намайг гарсны дараа тэр хоёр маргалдаад том том дуугараад байсан. Тэгээд гэнэт түр няр хийх чимээ сонсогдохоор нь би гүйгээд ороход хоёулаа хоёр биенийгээ заамдалцаад зогсож байсан. Би газар унасан сандалыг босгоод та хоёр яаж байгаа юм бэ гэж хэлчихээд гарсан. Намайг ороход хоёр биерүүгээ дайраад байснаас нэг нэгийгээ цохиж зодсон талаар хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Гэрч Н.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд С толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Яасан юм гэхэд даргатайгаа муудаад толгойруугаа 3-4 удаа цохиулаад тэрнээс болж өвдөөд байх шиг байнаа гэж байсан. Хоол хийж өгөхөд аяганы тал хоол идээд бөөлжөөд гаргасан. Тэгээд эмнэлэгт очиход даралт их байна гээд эмчилгээ хийж өгөөд явуулсан. Өглөө намайг ажил дээрээ байхад 08 цаг өнгөрөөгөөд над руу ярьж миний бие бүр эвгүй байна дээрдэхгүй байна гэхээр нь эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд машин барьж чадахааргүй байна гэхээр нь би эмнэлэг рүү дуудлага өгөөд эмч явуулсан. Эмнэлгийн тогооч Болороо над руу яриад та хурдан хүрээд ирээч гэхээр нь яваад очиход С 2 удаа таталт өгсөн...”гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
Гэрч Р.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ажил дээрээ ирэхэдбага эмч Туяа дуудлага ирсэн гээд цугтаа явцгаасан. Тэгээд очиход С гэртээ орон дээрээ хөнжил дотроо хэвтэж байсан. Тэгээд шууд эмнэлэг авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн ба ирээд манитол дуслаар залгаад хэвтүүлснээс хойш гэнэт татлаа гэхээр нь очиж үзлэг хийхэд тэрээр нумарч татсан байдалтай байсан. Тэгээд эмчилгээ хийгээд таталт гайгүй болсон. Ерөнхийдөө 4 цаг орчмын дараа биеийн байдал хэвийн болсон гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Гэрч Ц.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчимд С эхнэрийн хамт эмнэлэгт ирж үзүүлсэн бөгөөд үзлэгээр түүний даралт 130 хүрсэн пүльс нь 84-тэй шилэн хүзүүний хөшингө байхгүй байсан. Өөрийнх нь ярьж байснаар толгой хүчтэй өвдөнө хүзүү хөшөөд байна гэж байсан. Би үзлэгээ хийгээд тархины хаван хөөх тариа хийж эмчилгээ хийгээд, зөвлөгөө өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаартай: Б.Сгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 06-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг даргын Б.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/
- Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 52 хуудас/
- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 50-р хуудас /
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 06 дугаартай санал /хх-ийн 62-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар Х ОНӨААТҮГ-ын захирлын өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Стэй маргалдан түүний толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.С, гэрч Б.Мэ, Н.Т, Р.Э, Ц.Т нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА