Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 354

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Ш.Буянжаргал,

шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Сайнбаярын Бд холбогдох эрүүгийн 1906 06332 2736 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Монгол овогт Сайнбаярын Б, 1970 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ДарханУул аймагт хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Саруул тэнгэр” нийтийн аж ахуйн үйлчилгээний конторт дулааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 2а-271б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ТИ70053117/,

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын 2а-11 тоотод хохирогч Ш.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, язрал, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим хохирогч 99709619 дугаартай гар утаснаас над руу залгаж “чиний хоолойг яаж хэрчиж алах юм бэ, манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Өмнөх асуудлаас болж намайг байнга дарамталдаг байсан. Би хохирогчийн гэрийн гадна очоод хаалгыг тогшсон. Өмнө нь хохирогчийн гэрээр орж гарч байсан учир хаалгын замган түгжээг яаж онгойдог гэдгийг би мэдэж байсан. Хохирогч гэрээсээ гарч ирээд намайг шууд цохиж унагаасан. Би өөрийгөө хамгаалж хохирогчийн цохисон. Хохирогчийн авгай, хүүхэд нар гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед манай хүүхэд хашааны гадна зогсож байгаад чимээ гарсан учир хашаа дотор орж ирсэн. Гэтэл хохирогчийн хүүхэд манай хүүхдийг бариад авсан. Би хүүхэддээ “цаашаа бай” гэж хэлсэн. Манай хүүхэд миний үгэнд ороод яваад өгсөн. Хохирогч, бид хоёр 10 минут барилцсан  ба хохирогч тухайн үед согтуу байсан юм. Дуудлагаар ирсэн цагдаа “та эрүүл байж яах гэж энэ айл руу орсон юм бэ” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага дээр очоод би батлан даалтад гарсан. Хууль эрх зүйн хувьд би зөв үйлдэл хийсэн. Монгол Улсын шүүх хэргийн үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж байна” гэв.

Хохирогч Ш.Буянжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний амьд явах, амьдрах талаар нарийн тодорхой заасан. Аливаа асуудалд маргаан гардаг. Гэтэл айлд дайран орж ирээд хүнийг зодож болохгүй. Шүүгдэгч надад ажил зуучилж өгөөд 10 хувийг авдаг байсан. Би өөрийн цалингаараа багаж авсан. Шүүгдэгч өмнө нь надад “38.000.000 төгрөгийн ажил байна” гэж хэлсэн ч мянга гаруй километр яваад очиход 8.000.000 төгрөгийн ажил байсан. Би ажлын байран дээр жаахан уусан учир намайг тус газарт ажиллуулахгүй гэсэн. Би шүүгдэгчид “багажаа аваад хэрэглэ” гэж хэлсэн. Би шүүгдэгчийг өөрөө ойлгож ухаарах байх гэж бодсон. Багажны талаар ярихад “багаж худалдаж авсан тал мөнгийг өгнө” гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн. Би шүүгдэгчийн “хоолойг хэрчиж ална” гэж хэлээгүй. Би тухайн өдөр шүүгдэгчийг айлган сүрдүүлж, асуудлыг шийдэхээр ирсэн гэж бодож байна. Шүүгдэгч намайг 2-3 удаа цохихоор нь би заамдаж авсан. Би заамдаж авахаас өөр үйлдэл хийж чадах ч үгүй. Тэгээд шүүгдэгч бид хоёрыг заамдалцсан байх үед шүүгдэгч маш хурдан 2 удаа миний нүүр лүү цохисон. Би гэрийнхээ цонхыг нүдээд “энэ хүн чинь намайг аллаа” гэж хэлээд гэр бүлийн хүнийг дуудсан. Манай ар гэрийн хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн ажилтан надад “та эрүүл байгаа учир таниас мэдүүлэг авна” гэж хэлж хэлсэн. Шүүгдэгч надад үнэхээр зодуулсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах ёстой байсан. Шүүх дээр ирээд худал ярьж болохгүй. Эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна, гэвч баримт байхгүй байна жич нэхэмжлэх эрхийг үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ш.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны орой цохиулснаар баруун нүд хөхөрч хавдсан, дээд уруулын дотор тал язарч хавдсан...миний хоёр нүдний ухайрхайн дээд хэсгээр юм дараад байгаа мэт зовиуртай байгаа...2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 21-22 цагийн орчим Б манай гэрт ирсэн. Гэрийн хаалга чанга нүдээд байхаар нь би гараад чи яах гэж айлын хаалга балбаад байгаа юм гэжх хэлэхэд Б миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь гэрийн цонхоо балбаад хурдан гараад ирээч намайг зодоод аллаа гэж хэлтэл манай хоёр гараад ирсэн...Б эхлээд миний толгой руу цохиход зүүж байсан харааны шил газар унаад гишгэгдэж гаргасан...сантехникийн ажил зуучилж өгсөн. Ажил зуучилж өгсний 10 хувийг би өөрт нь өгч байсан. Тэр байгууллагаас авсан удирдлагаар сантехникийн багаж авч байсан. Энэ жил Б надад дахиад нэг ажил олж өгсөн. би ажлаа хийж байх явцдаа ганц лааз пиво уусан. Б надтай уулзаад чамайг архи уусан, ажиллуулахгүй байна гэсэн. За тэгвэл тэг, би багажаа аваад явлаа гэхэд битгий хуц, энэ миний багаж гээд салаавч гаргасан. Тэгээд би багажаа хаяад явчихсан. Хэд хоногийн дараа Бтай уулзахад багажны тал мөнгийг чамд өгнө гэсэн...мөнгөө өгөхгүй байхаар нь би утсаар нэхтэл намайг мөнгө нэхлээ гэж манай гэрт ирж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.Сайнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гаднаас байшингийн хаалга аймар нүдээд байсанюм, тэгээд нөхөр Буянжаргал гараад онгойлгох үед Б гэгч ирсэн байсан...намайг хувцсаа өмсөөд гарч ирэх үед манайн  нөхрийн баруун нүд рүү нь цохьсон бололтой өөрлөлттэй байсан. Охин тэр үед араас нь шагайгаад надад хандан энэ хоёр чинь зодолдоод байгаа юм биш үү гэхээр нь гартал манай нөхрийг цохичихсон байсан...Б, Буянжаргал нар хоёулаа гэртээ даралт нь ихсээд хэцүү байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Насанд хүрээгүй гэрч Б.Үнэнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өрөөндөө хичээлээ хийж байхад хаалга нүдээд байхаар нь босоод очих гэхэд аав Буянжаргал хаалга тайлж өгөөд гарч байсан. Би юу болсон юм бол гээд гарахад Б ах манай аавтай барилцаад хэрэлдээд заамдалцаад байж байхаар нь ээжид орж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр гарч очоод салгах гэхэд салахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр айлгая гэж бодоод цагдаа дуудлаа гээд байшин руу явсан. Ээжийг оруулчихаад би үлдээд ажиглаж байсан чинь манай аавыг Б гэгч цохьсон, би гэр рүүгээ бүтэн оролгүй харсан. Тэгээд гэртээ ороод байж байтал удалгүй аав цонх тогшоод гараад ир, намайг зодоод байна гэсэн юм. Тэгээд гарахад манай аавын баруун нүдийг нь цохисон байсан, нүд нь тэр дороо хавдчихдаг юм билээ...аав Буянжаргал, Б нар аль аль нь эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Яллагдагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед тэд Буянжаргал болон эхнэр хүүхэд нь цагдаа дуудлаа гэсэн тэр үед нь би дуудаа л гэсэн, дуудлагаар 2 цагдаагийн алба хаагч ирсэн, би нэрийг нь санахгүй байна, тэр цагдаагийн алба хаагч нар тухайн үед надад хандан та эрүүл байна, энэ хүн чинь архи хэрэглэсэн байна гэхдээ мэдүүлэг өгөх чадвартай гэж ярьж байна, та дуудлаа гээд яагаад ирж байгаа юм бэ ирээгүй бол ийм асуудал гарахгүй ш дээ гэж надад хандаж хэлсэн. Би бол эрүүл байсан бүгд мэдэж байгаа, цагдаагийн алба хаагч нар мэдэж байгаа Буянжаргалаас архи үнэртэж байсан хаана хэнтэй уусныг нь бол би мэдэхгүй. Буянжаргал нь барьцалдаж байгаад намайг 2 удаа нүүрэн тус газар мөргөсөн, тэгэхэд үүссэн байх магадлалтай, би түүнийг тийм болтол зодсон гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12191 тоот дүгнэлтэд: 

1. Ш.Буянжаргалын биед баруун нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, хамрн нуруунд цусхуралт, дээд уруулын салстад цус хуралт, язрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын 2а-11 тоотод хохирогч Ш.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, язрал, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ш.Буянжаргалын: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 21-22 цагийн орчим Б манай гэрт ирсэн. Гэрийн хаалга чанга нүдээд байхаар нь би гараад чи яах гэж айлын хаалга балбаад байгаа юм гэжх хэлэхэд Б миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан. ...мөнгөө өгөхгүй байхаар нь би утсаар нэхтэл намайг мөнгө нэхлээ гэж манай гэрт ирж зодсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Сайнтуяагийн: “...гаднаас байшингийн хаалга аймар нүдээд байсан юм, тэгээд нөхөр Буянжаргал гараад онгойлгох үед Б гэгч ирсэн байсан...намайг хувцсаа өмсөөд гарч ирэх үед манайн  нөхрийн баруун нүд рүү нь цохьсон бололтой өөрлөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Үнэнзаяагийн: “...Б ах манай аавтай барилцаад хэрэлдээд заамдалцаад байж байхаар нь ээжид орж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр гарч очоод салгах гэхэд салахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр айлгая гэж бодоод цагдаа дуудлаа гээд байшин руу явсан. Ээжийг оруулчихаад би үлдээд ажиглаж байсан чинь манай аавыг Б гэгч цохьсон, би гэр рүүгээ бүтэн оролгүй харсан. Тэгээд гэртээ ороод байж байтал удалгүй аав цонх тогшоод гараад ир, намайг зодоод байна гэсэн юм. Тэгээд гарахад манай аавын баруун нүдийг нь цохисон байсан, нүд нь тэр дороо хавдчихдаг юм билээ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ш.Буянжаргал нь хавтаст хэрэгт эмчилгээ болон гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч С.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж,  торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол овогт Сайнбаярын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Бд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Бд нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ш.Буянжаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР