| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0043/э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 53
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хүдэр,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн 2030000000038 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг Ш гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй О.Б .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Г.Зын 1 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000000038 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас бор азаргатай адуунаас соёолон насны, хээр зүстэй, сартай зургаан хошуу тамгатай гүү алдаад тэр хавиар эрээд олоогүй. Харин тэр адууг О.Б хулгайлсан байсан. О.Б надад оронд нь адуу өгсөн ба одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-р хуудас/
Гэрч З.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын дундуур манай гэрт Дорнод аймгаас Төрөө ах ирээд миний машинтай айлаас хонь цуглуулахаар явсан юм. Тэгээд тэр хонийг нь Төрөө ахын мал байдаг гэрт буулгах гэж байхад Б утсаар яриад Төрөө ах ирсэн бол адуу зармаар байна гэхээр нь би өөрийнхөө Бонго-3 маркийн 16-39 СҮА дугаартай машинтай яваад очтол Б худаг дээрээ мал услаад байж байсан. Б өөрийнхөө улаан өнгийн даюун мотоциклийг унаж хөдлөөд худгийн урд байсан бор азаргатай адуунаас хар зүсмийн, сартай зургаан хошуу тамгатай гүү тастаж хөөж худаг дээрээ ирж барьж аваад энийг борлуулаад өг гэсэн. Би гүүг гэрийнхээ гадаа авч очоод ганцаараа янзалж өгсөн. Тэр гүүг Төрөө ахад 550.000 мянган төгрөгөөр тохиролцоод зарсан. Тэгээд 500.000 төгрөгийг нь Төрөө ах Бгийн данс руу нь хийсэн. Үлдэгдэл 50.000 төгрөгийн нь би авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/
Гэрч О.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын сүүлээр намайг “Б” гэх газар мал авч байхад Б адуу зарна гээд Бяаар нэг адуу явуулсан байсан. Бя гэрийнхээ гадаа ажиллаад надад махыг нь өгсөн. Махыг нь би 550.000 төгрөгөөр тохироод авсан. Тухайн үед хар зүсмийн адууны шир харагдаж байсан. Хулгайн адуу болох талаар мэдээгүй авсан. Би өөрийн приус-20 машинтай явж байсан болохоор ганц тэр адууг аваад буцсан Дорнод аймаг оруулаад “Их Чулуут” захад 680.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14-р хуудас/
“Л” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-24,30-36-р хуудас/
Шүүгдэгч О.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 46-р хуудас/
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-50-р хуудас / зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Г.Зын 1 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.З, гэрч З.Б, О.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд О.Бгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Зын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Бг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Зын хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Бгийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/13 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч О.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Бг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/13 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА