Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч В.Давааням

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Г.Цэрэндолгор

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт В.Б-эд холбогдох .... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн *******н суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Ц овогт В.Б. /РД: ЖЛ/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч В.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Баянмөнх” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ....улсын дугаартай “Ниссан Эдвард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 3.1.а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн, ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, ...зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн урд талд хэвтэж байсан *******ыг дайрч, эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч В.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Баянмөнх” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ....улсын дугаартай “Ниссан Эдвард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 3.1.а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн, ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, ...зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн урд талд хэвтэж байсан *******ыг дайрч, эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн .... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...В.Б усаа хийх савнуудаа цуглуулаад гэрийн урд талд байсан өөрийн эзэмшлийн “Ниссан Эдван” маркийн ....маркийн машинаа асаасан. ...гэнэт хүмүүс хүүе, хаая болоод хашхирсан ба би гэрээс гараад очоод харахад ******* машины урд талд хэвтүүлээд цусыг нь цэвэрлэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* сумын эмнэлэгт эмчээр ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...машинд хүн дайруулсан гэх дуудлага авсан юм. ...Намайг очиход айлын гадна доошоо харсан байдалтай машинд дайруулсан хүн байсан. ...улмаар үзлэг хийж анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би В.Б-ийн машины урд унтаж байгаад машинд нь дайруулсан гэсэн. Би хэрхэн яаж дайруулсан талаар огт санахгүй байна. Согтуу унтаж байсан. Надад учирсан хохирлыг ******* бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. ...одоо гараа удаан өргөж чадахгүй, нэг гараараа ажил хийж болохгүй байгаа. ...тухайн үедээ зүгээр болсон гэж бодсон боловч тийм биш байна. Миний эхнэрийн данс -724. Ийм учраас цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

Шүүгдэгч В.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...би машины арын багаажийг онгойлгож усны савнуудаа хийгээд араар нь тойрч машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөхөд нэг юман дээгүүр гарах шиг болоод донсолсон. ...******* дайрсан байсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урд өдөр нь архи уусан байсан. ...Надад жолоо барих эрх байхгүй. Хохирогчийн эмчилгээ болон бусад зүйлд нийт 4196950 төгрөгийг төлж барагдуулсан. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9, 10-11, 12, 13, 14, 15 дүгээр хуудас/,

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №712 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...*******ын биед эрүү ясны зөрөөтэй хугарал, баруун 1,2,7-р хавирганы хугарал, уруулын дотор салст, дух баруун чихний дэлбэнд мэс заслын оёдол бүхий шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, баруун сарвууны 1-р хуруунд зулгаралт, хүзүү, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №133 дугаартай  дүгнэлт: “...В.Б гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрч байна. ...согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

            - Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч В.Б-ийн хувийн байдлын талаар: Жолооны эрхийн үнэмлэхгүй тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 50, 51, 52, 53, 63, 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн .... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллгааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Баянмөнх” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ....улсын дугаартай “Ниссан Эдвард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн урд талд хэвтэж байсан *******ыг дайрч, эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогч ******* /хх-ийн 25-26 дугаар хуудас/ шүүгдэгч В.Б нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9, 10-11, 12, 13, 14, 15 дүгээр хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №712 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №133 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь архи ууж согтуурсан, хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч В.Б нь хохирогч *******д хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 4196950 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Үүнд – Хаан банкны 5954088724 дугаартай дансанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 100000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600000 төгрөг, 20000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300000 төгрөг, нийт 1255000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны дасны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Мэс засал, холбогдох эм тарианы зардал 880,000 төгрөг, эм, эрүүл мэндийн үйлчилгээнд 231250 төгрөг, гэр худалдан авсан үнэ 1100000 төгрөг, гэр ачих зардал 150,000 төгрөг, гэрт яндан 25000 төгрөг, ор 180000 төгрөг, галын тавиур 65000 төгрөг болон эмч, эмчилгээнд нийт 4196950 төгрөгийг төлсөн байна.

Иймд шүүгдэгч В.Б-ийг хохирогч *******д хэрэгт авагдсан баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч В.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолооох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч В В.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч В.Б-ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч В.Б-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч В.Б-ийн ЖЛ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт В.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолооох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч В.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч В.Б-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч В.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч В.Б-ийн ЖЛ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Хохирогч В.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН