| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2016/00398/и |
| Дугаар | 2067 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2067
ХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00907 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХХ-д холбогдох
Гэр хорын хохиролд 8 529 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ХХХХ болон түүний өмгөөлөгч ХХХХ-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ХХХХ
Хариуцагч ХХХХ
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ
Прокурор ХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ХХХХ-д холбогдох эрүүгийн хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ. ХХХХ нь талийгаач охиныг маань анги хамт олных нь өмнө үстэн зодож, элдвээр гутаан доромжилж сурган хүмүүжүүлэгч хүний ёс зүйд баймааргүй балмад үйлдэл гаргаснаар талийгаач охиныг маань сэтгэл санааны хувьд хүндээр цочирдуулан амиа хорлоход хүргэсэнд бид маш их гомдолтой байна. Уг харамсалтай явдал болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч ХХХХ нь бидэнтэй нэг ч удаа уулзаж, бидний уй гашууг хуваалцаагүйд бид гомдож явдаг юм. ХХХХ-д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон тул бид эд материалын хохирлыг буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжилж байна. СХД-ийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 919 тоот прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 2-т тогтоож өгсөн 6 858 000 төгрөгийн хохирлын төлбөрийг хариуцагч ХХХХ-аас гаргуулж өгнө үү. Мөн миний охин аавтай минь хамт амьдардаг байсан. Аав охиныг минь бурхан болсноос хойш сэтгэл санаа болон эрүүл мэндийн гүн хямралд автан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл улсын болон хувийн 9-10 эмнэлгээр явж шинжилгээ өгөх, онош тодруулах, хэвтэн эмчлүүлсэн билээ. Эцэстээ чихний хэнгэрэг нь цоорч, чихний хагалгаанд орж, хоёр чихний сонсгол муудаж эмчийн хяналтад байна. Зарим эмнэлгийн ор хоног, шинжилгээ, оношлогооны төлбөр тооцооны нэгээхэн хэсгийн баримтыг хавсаргав. Гэхдээ хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гаднаас авч хэрэглэсэн эм, тариаг тооцсонгүй. Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд 2015 оны 6 дугаар сар, 2016 оны 7 дугаар сард явж эмчлүүлж, сувилуулсан зардлыг тооцсонгүй. Бидэнд тохиолдсон уй гашуудлыг 3-4 өдрийн турш бидэнтэй хуваалцсан ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олныг гэртээ хүлээн авч зочилж, хүндэтгэхэд гарсан бүх зардлыг мөн тооцсонгүй. Миний аав эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байгаагаас гадна сэтгэл санааны маш их гутрал, ганцаардлыг амсаж явна. Иймээс аавынхаа онош, шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн зардал болох 1 671 200 төгрөгийн хохирлыг буюу 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш эмнэлгээр дагуулж явсан эмнэлгийн зардлыг нэмж нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХХ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр сурагч ХХХХ-ын ангиас гарган явуулсны улмаас уг сурагч өндрөөс унан амь насаа алдсан хэрэгт холбогдсон билээ. 2015 оны З дугаар сарын 2-ны өдөр ангийн интернэтийн утас тасран доошоо унасан байсныг ангийнхнаасаа лавлатал сурагч ХХХХ нь “Багшаа биднийг өнөөдөр ангид орж иртэл эвдэрчихсэн байсан, смена анги эвдэлчихсэн байна” гэж хэлсэн. Ангийнхнаас энэ тухай асуутал бүгд тийм гэж хариулсан. Ингээд смена ангийн багш Тилэктэй уулзан ангийн эд хогшил эвдэрсэн байсныг хэлээд нэгэнт тэдний анги тараад явчихсан тул маргааш уулзаж эд зүйл эвдэлсэн сурагчийг олж засуулахаар болсон. Ингээд 2015 оны З сарын З-ны өдрийн мягмар гаригт Тилек багшийн даасан 7е ангийн сурагчидтай уулзан хэн интернэтийн утас эвдэлснийг асуутал тэдний ангийн 1 сурагч “Багшаа өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр танай ангийн ХХХХ, ХХХХ 2 зодолдож байгаад эвдэлсэн, бидэнд хамаагүй” гэж хэллээ. Ингээд 1-р ээлжийн хичээл эхлэх цаг болж манай анги орж ирсэн. Сурагч ХХХХ хамгийн сүүлд орж ирсэн. ХХХ-ыг орж ирэхэд уурлаж янз бүрээр хэлж загнасан. Би өөрөө эхний цаг хичээлтэй тул өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн жижүүр хийсэн сурагчдыг босгон “үнэнээ хэлэхийн оронд багш нарыг хооронд нь муудалцууллаа” гээд сурах бичгээрээ 1,1 удаа цохисон нь үнэн гэхдээ энд тийм айхтар ширүүн зүйл байгаагүй. Би хичээлтэй яарч байсан болохоор ХХХ-ыг “харьж гэрээсээ хүн олж ир, эвдэлснээ засуул” гээд гаргасан. Энэ үйл явдал ердөө 5 хан минутын хугацаанд болж өнгөрсөн бөгөөд талийгаач ангид ороод гарсан хугацаа бичлэгтэйгээ сургуулийн камерт бичигдсэн байгаа. Маш их уурлан гарч явсан. Эхний цагийн хичээл дуусаад ээж ХХХХ руу нь залгаж охин нь ирснийг асуухад үгүй гэсэн. Би ээжийг нь дуудсан. Ээж ХХХХ нь манай ангийнхантай уулзаж болсон явдлын талаар ярилцах тэр үед л би талийгаач охин өмнө нь амиа хорлохоор бодож ярьж байсан, дээвэр дээр гарчихаад ангийнхаа охиныг дуудсан, өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсныг нь ангийнхнаасаа дуулж мэдсэн юм. Энэ үйл явдал З сараас 12 сар хүртэл үргэлжилж энэ хугацаанд өршөөлийн хууль ч гарсан. Би энэ хэргийг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байсан ч олон хүний тэр дундаа прокурор ХХХХ-ийн зөвлөгөөгөөр хэрвээ шүүхээр энэ хэрэг шийдэгдвэл та дор хаяад тэнсэн харгалзах ял авч улсад ажиллах боломж чинь байхгүй болно. Өршөөлийн хуулиар эргэн төлөлт хийх баталгаа гаргасан тохиолдолд энэ хуульд хамруулж байгаа, энэ нь танд өөрт хэрэгтэй гэсэн. Энэ үед л би мөнгө нэхэмжилж байгаа тухай олж мэдсэн юм. Талийгаач охин бол миний хайртай шавь нарын 1 байсан. Сэргэлэн цовоо, чадвартай бас надад их дотно байсан. Гэр бүлийнхээ зарим асуудлыг ч ярьдаг, миний зүгээс дэмжиж болох бүх зүйл дээр дэмждэг байсныг гэр бүлийнхэн нь тэр дундаа ээж нь маш сайн мэднэ. Өмнө нь олон удаа миний зөвшөөрөлтэй ангиас гарч явдаг л байсан тэр ч бүү хэл дүүгээ цэцэрлэгээс нь аваад ангидаа авчран дэргэдээ суулган хичээлээ хийхэд нь хүртэл би зөвшөөрдөг байсан. Хэдийгээр охиныхоо амиа хорлосон үйлдэлд энэ гэр бүл намайг шууд буруутгаж байгаа хэдий ч зүрх сэтгэлдээ өчүүхэн ч болов өөрсдийнхөө бурууг мэдэрцгээж байгаа гэж найдна. Талийгаач охин хойд эцэгтээ маш дургүй бүр үзэн яддаг байсныг нь би маш сайн мэднэ, ангийн найзууд нь ч мэднэ. Сүүлийн 1, 2 сарын хугацаанд ааш зан нь маш их өөрчлөгдөн хувирч их ууртай догшин болж үе үе ангийнхаа хүүхдүүдийг зоддог болчихсон байсан. Болж өнгөрсөн үйл явдал үнэнээрээ энэ юм. Иймд шударга шүүхээр миний асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 6 594 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.ХХХХ т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 263 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс шаардлагаа нэмэгдүүлсэн 1 671 200 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгон,
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 120 460 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.
Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Хариуцагч ХХХХ миний бие нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр талийгаач ХХХХ-ын амиа хорлосон хэрэгт шууд буруутгагдан шалгагдсан бөгөөд энэ хугацаанд шүүхийн зүгээс миний буруу тогтоогдохгүй байгаа тул буцаасаар анхан шатны шүүх 2, Нийслэлийн давж заалдах шатны шүүх 1, нийт гурван шатны шүүхээр буцаагдаж “Өршөөлийн хууль”-д хамрагдаж хэрэгсэхгүй болгосон билээ. Өөрийн буруугүйг нотлохоор уг хэргийг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байсан ч тухайн үед хэргийг хянасан хяналтын прокурор ХХХХ-ийн ятгалгаар төлбөр төлөх тухай баримт бичсэн. Гэвч гэр бүлийнхэнтэйгээ, өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөгүй буруу шийдвэр гаргаснаа мэдээд маргааш нь ХХХХХ прокурортой уулзахаар очсон ч хүүхдээ аваад Солонгос явсан гээд асуудал өнгөрсөн юм. Талийгаач охины сэтгэл санаа тогтворгүй гэр бүлийн маргаантай байсныг мөн олон гэрчүүд өмнө нь амиа хорлохыг хэд хэдэн удаа завдсан гэдгийг гэрчлээд ч мөрдөн байцаалтад нөлөөлөөгүй. Миний хувьд тухайн өдөр өөрийн ажлаа хийж байсан, зохих шаардлагаа л тавьсан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг тийм явдал болоогүй. Ангийн сурагчид тухайн цагт байсан багш ч энэ тухай гэрчилсэн байгаа. Одоо миний хувьд 4 хүүхэдтэй, нөхөртэйгөө хоёулаа авсан цалингаараа л амьдардаг. Энэ их хэмжээний мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй. Иймд уг хэргийн хянаж үзээд үнэн зөв, бодит шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ХХХ-ын нэхэмжлэлээр явагдсан энэхүү шүүх хуралдаан хууль зөрчиж явагдсан гэж үзэж байна. Уг хуралдаан СХД-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих прокурор ХХХХХ оролцсон билээ. ХХХХХ прокурор ямар хуульд заагдсан үндэслэлээр уг хуралдаанд оролцсон болж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь зүйл хэсэгт заахдаа "Прокурор төрийн ишиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно" гэж заасан байдаг билээ. Гэтэл энэхүү хурал нь яахаараа төрийн ашиг сонирхол зөрчигдсөн хурал болж байна. Миний үйлчлүүлэгч ХХХХыг хохирогч ХХХХ-ын амиа хоролсон хэрэгт гэм буруутай гэж үзэн СХД-ийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад чухам хохирогчийн амиа хоролсонд буруутай гэж тогтоож чадалгүй талийгаач охин амиа хорлох болсон шалтгааныг бүрэн гүйцэд тодруулж чадалгүй 3 ч удаа мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцаж байсан билээ. Энэ нь чухам юуг харуулаад байна гэвэл "ХХХХыг ХХХХ-ын амиа хоролсон хэрэгт шууд буруутай гэдэг нь эргэлзээтэй байна" гэдэг нь тодорхой харагдаж байна. "Өршөөлийн тухай хууль" гарч СХД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор ХХХХ-ийн хүчин чармайлтын үр дүнд Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон байдаг. Уг нь миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэл байхад прокурор ХХХХХ "хохирол төлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар" элдвээр ятгаж тулгасан өнгө аястай бичиг хийлгэн аваад хэрэгт хавсарган хэргийн өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгоод зугтсан мэт маргааш нь Солонгос явсан байдаг. Энэ нь чухамхүү хэргийн үнэнийг тогтоолгүй амар хялбар аргаар уг хэргээс салах гэсэн үйлдэл гэж хархаас өөр аргагүй байна. Хэдийгээр ХХХХ нь ангийн багшийн хувьд зүй ёсны шаардлага тавьсан болохоос гараад амиа хорлоно гэж яахан мэдэх билээ. Хохирогч ХХХХ-ын хувьд эцэг эхийн зүгээс халамж анхаарал муутай, өвөг эцэгтэйгээ нийлээд зожиг амьдралтай, сургалт хүмүүжлийн асуудалд анхаарал тавьж сурган хүмүүжүүлэгч багш нартай уулзаж санаа тавьдаг хүн байгаагүй явдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Миний үйлчлүүлэгч С.Энхжаргалыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ХХХ-ын нэхэмжлэлээр хуралдаж 6 594 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хуульд нийцсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохиролд 8 529 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу талийгаач охины өвөө ХХХ-ын эмчилгээний зардлыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ирээдүй цогцолборын 1 дүгээр дунд сургуулийн 102 тоот ангид өөрийн даасан 7е ангийн сурагч ХХХ-ыг самбарын өмнө гаргаад “Интернетийн утасны гаднах гэрийг эвдсэн” гэсэн үндэслэлээр загнаж, үснээс нь зулгааж, барьж байсан номоороо цохиж, “...гэрээсээ хүн олж ир, ангийн хүүхдүүдийг дандаа зоддог, чи шилжинэ үү байна уу өөрөө мэд, битгий ирээрэй, ангиас гар, худалч дээрэлхүү...” гэх мэтээр нэр алдар хүндийг нь анги хамт олны нь өмнө гутаан доромжилсны улмаас ХХХХ байрны 7 давхраас үсэрч амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ХХХХ-д холбогдох хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 919 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ хариуцагч ХХХХ нь хохиролд 6 858 000 төгрөгийг төлөх асуудлаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХаас талийгаачийн оршуулгатай холбогдон гарсан зардлаа шаардах эрхтэй.
Хуульд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хорын хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.
Нэхэмжлэгч гэм хорын хохиролд талийгаачийн оршуулгын зардал болон шашны зан үйлд зарцуулсан мөнгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг хавсарган ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг гэм хорын хохирлоо нотолсон гэж үзнэ. /хэргийн 4-8 дугаар тал/
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх зардлаас 263 600 төгрөгийн зардлыг нотолсон баримтыг ирүүлээгүй гэж дүгнэн хасч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч ХХХХаас оршуулгын болон зан үйлийн зардалд 6 594 400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалттай нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу иргэн ХХХ-ын эмчилгээний зардалд 1 671 200 төгрөг нэхэмжилснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасны дагуу ХХХХ нь өөрийгөө төлөөлүүлэх эрхийг нэхэмжлэгч ХХХХт олгосныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 671 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч, хариуцагч түүний өмгөөлөгч прокурорыг оролцуулсан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулсан нь уг заалтад нийцээгүй боловч энэ зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ ШШ2016/ 00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан
“Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 6 594 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.ХХХХ т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 934 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн тогтоох хэсгийн дугаарын “3” гэснийг “2”, “4” гэснийг “3” болгон тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
Ц.ИЧИНХОРЛОО