Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2017/0025/З/ |
Дугаар | 00033 |
Огноо | 2017-12-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн Ж.Д /ХП65091414/-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
"Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс миний өргөдлийг шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан намайг ажилд эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “… Миний бие 2016 оны 12 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулах шаардлага гарсан гэж үзэн хүсэлт гаргаж 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/43 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөгдсөн юм. Түр чөлөө авсан шалтгаан арилсан тул ажилдаа эргэж орох талаар удаа дараа хүсэлт гаргаж чөлөө авснаас хойш 1 жил 8 сар 10 хоног өнгөрсөн боловч ажилд буцаан томилохгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Миний ажлын байр хуулиар хадгалагдаж, ажилдаа буцаж орох эрх нээлттэй байсаар байтал намайг ажилд эгүүлэн томилохгүй, миний ажлын байранд өөр хүн томилон ажиллуулж байгаа нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Өөрийн эрх зөрчигдөж байгаа асуудал буюу ажилдаа буцаж орох талаарх өргөдлийг 2017 оны 06 дугаар сарын 22-нд гаргасан боловч хариу өгөөгүй, үүний дараа 08 дугаар сарын 23-нд дахин гаргахад мөн л хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.
Иймд Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс миний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан намайг үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Ж.Д-ын ажлаас чөлөөлөхдөө С.Э-ийг тэтгэвэрт гарахад нь ажилд буцааж авна гэж тохирсон. Сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн нь орон тооны бус улсын байцаагч гэж явдаг учраас улсын байцаагчийн эрх нь жил жилээр олгогдож сунгагдаж байдаг юм ...” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас өөрийн хүсэлтээр чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нь Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар нотлогддог. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/463 тоот бичгээр ирсэн зөвлөмжийг сумын Засаг даргад өгсөн байдаг. Ж.Д нь шүүхэд гомдол гаргасан бөгөөд тухайн үед шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байсан тул 2017 оны 3 дугаар сард хуулийн дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч З.Н-ийг Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг үржлийн тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна.
Энэ хугацаанд Ж.Д-ын улсын байцаагчийн эрх хүчингүй болсон бөгөөд өөрөө Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын Б/44 тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтөөр халагдсаны тэтгэмж авсан нь бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөнийг нотолж байна. Иймээс Ж.Д-ыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар авах боломжгүй байна.
Ж.Д өөрийн ажлыг С.Э-т хүлээн өгсөн боловч С.Э-ийн мэргэжил уг ажлын байранд таарахгүй байсан учир түүнийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр томилж, оронд нь З.Н-ийг малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тоо сул байгаа бөгөөд түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлах үед Ж.Д сонгон шалгаруулалтанд орж болно шүү дээ. Ж.Д-ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргасан боловч үнэн хэрэгтээ тэрээр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ж.Д бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж тэтгэмжийн мөнгө авсан байгаа ...” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Зоригт овогтой Н нь 2006 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмч мэргэжлээр төгссөн. 2011 онд төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцэж Б сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 10-нд мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Миний бие энэ ажлын байранд ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй, ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.
Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөгдсөн гэж байгаа боловч аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 тоот захирамжийг үндэслэн Б сумын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн үндэслэлээр тэтгэмж авсан байгаа нь уг ажлын байранд эргэж орох боломжгүй гэж би ойлгож байгаа. Ийм учраас миний одоо ажиллаж байгаа албан тушаалыг минь хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас өөрийн хүсэлтээр чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Ажлаас чөлөөлөгдсөний дараа малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн ажлыг өөрийн үндсэн ажилтай давхар хийж байгаад 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн энэ хүний ажлыг малын их эмч мэргэжилтэй З.Н үргэлжлүүлэн хийж байгаа. Миний тэтгэвэрт гарах хугацаа 2017 оныг дуусгаад жилийн тайлан мэдээгээ өгөөд гарах бодолтой байна. Миний орон тоон дээр одоогоор бэлтгэгдсэн боловсон хүчин суманд байхгүй байгаа. Энэ орон тоон дээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежер, мал зүйч хүн байх ёстой. Миний хувьд тэтгэврийн нас болсон учир төрөөс олгодог 36 сарын тэтгэмжийг сая авсан байгаа. Иргэн Ж.Д-ын ажлын байр миний байгаа ажлын байртай огт хамааралгүй, мэргэжил нь ч тохирохгүй болно” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Б сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ж.Д нь бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн учир түүнийг ажилд эгүүлэн авах боломжгүй. Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Ж.Д бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн болох нь нотлогдоно. Ж.Д бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж тэтгэмжийн мөнгө авсан байгаа” гэж маргасан.
Гэвч нэхэмжлэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх, сувилуулах, өөрийн үндсэн мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээний ажил хийх зорилгоор 1,5 жил хүртэл хугацаагаар чөлөө олгохыг хүссэний[1] дагуу түүнийг Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар[2] 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,5 жил хүртэл хугацаагаар түр чөлөөлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “… биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан ба Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримталжээ.
Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар[3] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Ж.Д-т 2 191 594 төгрөгийн тэтгэмж олгосон байх боловч үүнийг хуулийн өөр заалт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн олгосон тэтгэмж гэж үзэхээргүй байна.
Мөн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Ж.Д-т 2 191 594 төгрөгийн тэтгэмж олгосон нь түүнийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн болохыг нотлохгүй, харин Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Ж.Д-ыг ажлаас түр чөлөөлсөн болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Д төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар хангагдах эрхтэй.
Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр түүнийг “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох”-ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсгүүдэд заасан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ... мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “Энэхүү журмын ... 2.2.1, ...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заасан.
Иймд Ж.Д нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх эрхтэй бөгөөд мөн хуулийн 23.3.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн учир хуулийн 23.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдоно.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “Ж.Даваажав өөрийн ажлыг С.Э-т хүлээн өгсөн боловч С.Э-ийн мэргэжил уг ажлын байранд таарахгүй байсан учир түүнийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр томилж, оронд нь З.Н-ийг малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тоо сул байгаа бөгөөд түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна” гэх тайлбар, Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаал[4] зэргээс үзэхэд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тоо 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сул орон тоо болсон байна.
Ж.Д Б сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн сул орон тоонд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нөөцөөс томилогдох эрхтэй болсон гэж үзэхээр байна. Харин энэ хугацаанд Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэг[5] эцэслэн шийдвэрлэгдээгүй байжээ.
Анх Ж.Д төрийн албанаас түр чөлөөлөгдөхдөө С.Э-ийг тэтгэвэрт гарсны дараа ажилдаа орохоор тохиролцсон болох нь мал эмнэлэг, үржлийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл[6], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх ба Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар[7] С.Э-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Иймд Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн орон тоо суларсан, тохиролцсон ёсоор С.Э ажлаас чөлөөлөгдсөн зэрэг нөхцөл байдлууд бүрдсээр байтал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар Ж.Д-ыг мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байх тул Ж.Д-ыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар томилохыг Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй боловч хохирлын хэмжээг С.Э-ийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар анх тохиролцохдоо С.Э-ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа Ж.Д ажилдаа эргэж орохоор тохирсон байсан тул ажилгүй байсан хугацаанд холбогдох хохирол 548784,5 /таван зуун дөчин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Харин 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагчийн зүгээс Ж.Д-ын улсын байцаагчийн эрх хүчингүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч улсын байцаагчийн эрхийг эрх бүхий байгууллагаас дахин олгох боломжтой тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4, 4.7-д “албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэж заасан байх тул гуравдагч этгээд З.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Ж.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу "Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох”-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын "Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас хохирол 548784,5 /таван зуун дөчин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутган тооцож гаргуулж нэхэмжлэгч Ж.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах“ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 25 дугаар хуудас
[2] Хэргийн 2 дугаар хуудас
[3] Хэргийн 27 дугаар хуудас
[4] Хэргийн 95 дугаар хуудас
[5] Хэргийн 57-72 дугаар хуудас
[6] Хэргийн 36-37 дугаар хуудас
[7] Хэргийн 84 дүгээр хуудас