Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0648

 

О.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.Б нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч О.Б 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагадаа:

“З.Б Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “У” их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5x25 м хэмжээтэй үйлчилгээний барилгын өргөтгөл барилгыг баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргахыг даалгах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн З.Б өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр:

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, 5.13, 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.12.1, 10.12.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б гаргасан “З.Б барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “З.Б барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ерөнхий байцаагчийн дүгнэлтийг хууль журамд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж”, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ”Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас З.Б барилгад шалгалт хийж албан шаардлага өгсөн атлаа түүний хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн үндэслэл болсон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Байгаль орчны хяналтад энэ хэсгийн заалт хамаарахгүй”, 5.13-т “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэж заасныг буруу хэрэглэж О.Б гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжтай хяналт шалгалтыг З.Баясгалантөгөлдөрийн барилгад хийж холбогдох эрх зүйн актыг үйлдэж ажиллагааг хийсэн байх ба дээрх хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1-т “холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасан нь тухайн хяналт шалгалтын ажилд өөр байгууллагыг татан оролцуулах үндэслэл байхгүй мөн лабораторийн шинжилгээ хийж гүйцэтгүүлэх шаардлагагүй бөгөөд дээрх хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу.

3.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3-т “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулах гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүр мөсөн зогсоох тухай дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан бөгөөд шалгалтаар уг хуулийн 10.9.7-д заасан нөхцөл байдал шууд тогтоогдоогүй ч “өргөтгөлийн барилгатай холбоотой баримт бичиг байхгүй байсан” үндэслэлээр улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлагыг хүргүүлсэн.

Тухайн барилга нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2013 оны 4 дүгээр сарын сарын 8-ны өдрийн ....... дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-тай байсан ба хэрэгт авагдсан байгаа.

4.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолын Тодорхойлох хэсгийн 5 дахь хэсэгт дурдсан гомдол гаргах эрхээ алдсан байтал нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан, тухайн эрхийг сэргээсэн талаар огт авч хэлэлцээгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсгийг баримтлан хэрэг үүсгэх талаар хяналт тавилгүй дээрх шийдвэрийг гаргасан нь бүхэлдээ үндэслэлгүй шүүхээс шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангах эрхийг зөрчсөн, төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М мөн дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Б шүүхэд гомдол мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хөөн хэлэлцүүлэх хугацаа сэргээлгэх талаар ямар ч хүсэлт гаргаагүй атал нэхэмжлэлийг хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн.

Энэ нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг зөрчлөө. Уг маргаан бүхий барилга 2013 онд өргөтгөл хийж дууссан байсан нь О.Батсүхийн шүүхэд нотлох баримтаар өгсөн фото зургаар нотлогдож байгаа ба тухайн үед нь О.Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн ба уг хариуг хүлээн авсан талаар маргадаггүй. Хариу хүлээн авч гомдол гаргах 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

2.О.Б нь улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлагад холбогдуулан гомдол гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Хуулиараа оролцогч гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл уг шаардлага З.Б холбогдох бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан шаардлага байсан болно.

3.О.Б удаа дараагийн гомдлоор уг маргаан бүхий барилга зохих зөвшөөрөлгүй баригдаж байгаа эсэх асуудлыг хянан үзэж зохих ёсоор хариу өгч байсан. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй 2 давхар хүртэл, 3600 м.куб эзэлхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны барилга” гэж зааснаар иргэн өргөтгөлийн барилгын ажил эхлүүлэхэд зөвшөөрөл шаардлагагүй байсан болно.

4.Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар О.Б удаа дараагийн гомдлоор уг маргаан бүхий барилга зохих зөвшөөрөлгүй баригдаж байгаа эсэх асуудлыг хянан үзэж зохих ёсоор хариу өгч байсан бөгөөд албан шаардлагын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ..... тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-тай байсан ба холбогдох бичиг баримтыг үзүүлснээр зөрчил илрээгүй тул улсын байцаагчаас торгууль, шийтгэвэр зэрэг зөрчил арилгуулах талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй.

5.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй.

6.Шүүхийн шийдвэрт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эдгээр үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 573 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч О.Б өмчлөлийн 25.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагаа гуравдагч этгээд З.Б өргөтгөлийн барилга баригдсанаар алдагдсан эсэх, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг хууль, журамд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэсэн байх тул үүнийг “дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон дүгнэлт гаргах эсэхийг шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчлөн, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, харин хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг буцаав.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана”,

- уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, ...тухайн барилга байгууламж, ...-ийн ашиглалтыг зогсоох” нийтлэг бүрэн эрхтэй,

-харин хуулийн 10.12.3-т улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхтэй гэж тус тус хуульчилсан.

Мөн маргаан бүхий өргөтгөлийн барилга баригдах үед үйлчилж байсан Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “Барилга байгууламж нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй” байх, 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт ...-ийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх”-ээр заасан төдийгүй тухайн үед Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/114 дүгээр албан бичигт энэ талаар тодорхой дурджээ.

Нэхэмжлэгч О.Б дээрх хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “дүгнэлт” гаргуулахаар хандсан боловч тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07/2996 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна.

Гэтэл үүнээс өмнө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 02-01/3671 дүгээр албан бичгээр “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, ...шийдвэр хүчин төгөлдөр бол” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээх боломжгүй байх тул шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг О.Батсүхэд өгсөн үйл баримт тогтоогдож байхад хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гомдлын дагуу дүгнэлт бичих шаардлага үүссэн эсэх, үгүй бол ямар учир шалтгаантай болох нь тодорхойгүйгээр гомдлыг хянуулахаар доод шатны байгууллагад шилжүүлж буй нь хууль бус эс үйлдэхүйд тооцогдоно.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна” гэж хуульчилсан. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дангаараа хариуцагчаар оролцох боломжтой” гэснээс үзэхэд ч тус байгууллагаас чухам ямар үндэслэлээр дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, татгалзаж байгаа шалтгаан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд З.Б өргөтгөлийн барилга угсралтын ажлын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хангуулах хугацаатай үүрэг өгсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-136/1306 дугаар албан шаардлага үндэслэлтэй эсэхийг гаргасан этгээд болох барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Г дээрх хуульд зааснаар бүрэн хариуцах нь тодорхой.

Гагцхүү энэ үйл баримт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий болон улсын ахлах байцаагчийн “дүгнэлт” гаргах эрхээ хэрэгжүүлэхэд хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй, иймд О.Б гомдлын хүрээнд дүгнэлт гаргах эсэхийг доод шатны байгууллагад “гомдлыг шилжүүлэх” байдлаар шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

Харин дүгнэлт гаргах хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг шүүхээс тогтоох, цаашлаад дүгнэлт гаргахыг даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл энэ нь хариуцагчийн хуулиар олгосон эрх хэмжээнд хамаарна.

Энэ хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 101 дүгээр тогтоолд “...иргэн З.Б үйлчилгээний барилгын өргөтгөл болох 2 давхар барилга нь барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй талаар мэргэжлийн хяналтын байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд үүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргад тухайн барилгыг албадан буулгах арга хэмжээ авахуулахаар хандах эрх нь нээлттэй...” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 410 дугаар тогтоолд заасны дагуу гуравдагч этгээдийн маргаж буй нэг үндэслэл болсон нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй байх боловч энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь О.Б өргөтгөлийн барилгатай холбогдуулан 2014 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагад, тухайлбал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд дээр дүгнэсэнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн өргөдлийн хариуг нэхэмжлэгчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 02-03/3728 дугаар албан бичгээр өгсөн, мөн уг бичигт “Танаас ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу хуульд заасан хугацаанд буюу 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Харин шүүхийн шийдвэрээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шийдвэрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Г.Г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э олгогдсон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/3530 дугаар итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөн оролцож байгаагаас бус Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг төлөөлөх эрх олгогдоогүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ,...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3...” гэснийг хасч, “...Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг хууль, журамд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах” гэснийг “...дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон дүгнэлт гаргах эсэхийг шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 114 дүгээр зүйлийн 114.7-д заасныг баримтлан О.Б нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г гаргасан давж заалдах гомдлыг буцаасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН