| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00325/и |
| Дугаар | 1113 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 32 тоотд оршин суух, эрэгтэй, УШ52052516 дугаарын регистртэй, Өнжүүл овогт Доржсүрэнгийн Бүрэнтогтохын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 2 дугаар байр, Нэгдсэн үндэстний гудамж, УБ/15160, Сангийн яаманд холбогдох,
Ажлаас халагдсаны тэтгэмжийн үлдэгдэл 8 430 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бүрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бүрэнтогтохоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот тушаалаар Тяньжин хот дахь “Улаанбаатарын төлөөлөгчийн газар”-ын захирлаар томилогдон ажиллаж байгаад мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ын даргын 20 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн газрын зөвлөхөөр томилогдон сард 2 810 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаартай тогтоолоор Тяньжин боомт дахь “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ыг татан буулгаж, чиг үүргийг нь “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Шадар сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлж, Шадар сайдын 2013 оны 60 дугаар тушаалаар батлагдсан цалингийн хэмжээгээр тооцон, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү тушаалд зааснаар миний бие нь 3 сарын тэтгэмжийг 2016 оны 5 дугаар сарын 19-нд авсан. Үлдэх 3 сарын тэтгэмжийг олгохгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Шадар сайдын тушаалыг салбарын сайд хэрэгжүүлэх ёстой байх. Гэтэл Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 171 тоот тушаалаар 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгох болсон гээд 2 янзын тушаал байгаад байгааг ойлгохгүй байна. “Хөрөнгө гаргах тухай” гэсэн дээрх тушаал нь огноо, дугаар нь ижил атлаа 2 өөр агуулгатай тушаал Сангийн сайдаас гарсан байдаг. Миний гаргаж өгсөн тушаалыг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн зарлагын хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Үүрцайх гэдэг хүнээс авсан. Хуулбарлаад авсан. Гэтэл харицагчийн нотлох баримтаар гарагсан 171 тоот тушаалыг нягтуулахаар өмнөх шүүх хуралдаанд хүсэлт тавьж гаргуулахад мөн л надад олгосноос өөр тушаал байна. Үүний учрыг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж хэлсэнгүй. Иймд би хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжийн үлдэгдэлд 8 340 000 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалангаас шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Монгол Улсын Засгийн газрын бүтэц, өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж, бүтцийн өөрчлөлт орсон байдаг. Засгийн газрын 501 дүгээр тогтоолын 11 дэх хэсгийн “Д”-д зааснаар Тяньжин хотын Улаанбаатар төлөөлөгчийн газрын ажилтнуудын тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Сангийн яаманд олгосон. Хөдөлмөрийн тухай хуулиар 1-с дээш сарын тэтгэмж олгохоор заасан. 2016 оны Сангийн сайдын 171 тоот тогтоолоор нэр бүхий хүмүүст 1-3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид нийтдээ 22 740 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид 2016 оны 5 дугаар сард 8 340 000 төгрөгийг олгосон тул одоо нэхэмжлэгчид нэмж олгох тэтгэмж байхгүй гэж үзэж байна. 8 340 000 төгрөгийг авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Дээрх 171 тоот тушаал өөр, өөр байна гэж байх боловч байгууллагын архивт хадгалагдсан тушаалыг шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тэр тушаалыг мэдэхгүй байна. Уг тушаалын үндэслэлтэй эсэхэд захиргааны хэргийн шүүхийн журмаар гомдол гаргах ёстой, гэтэл ийм байдал тогтоогдоогүй. Энэ тэтгэмжийн мөнгө нь Сангийн сайдын багцаас гарсан. Бүтцийн өөрчлөлтийн сан нь Сангийн сайдын багцад хамардаггүй. Шадар сайдын тушаалыг баримталж байгаа бол Сангийн яаманд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бүрэнтогтох нь хариуцагч Сангийн яаманд холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжийн үлдэгдэлд 8 340 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Сангийн яамнаас Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйлийн ”Д”-д заасны дагуу бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн ажилтнуудад батлагдсан төсвийн хүрээнд хуульд заасны дагуу тэтгэлэг, тэтгэмж олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан ба энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн сайдаас 2016 оны 5 дугаар сарын 02-нд 171 тоот “Хөрөнгө гаргах тухай” тушаал баталж, нэр бүхий хүмүүст тэтгэмж олгохоор заасан, үүнд Д.Бүрэнтогтоход 1 жил ажилласан хугацаанд нь ноогдох 3 сарын тэтгэмжийг олгосон тул дахин дээрх тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийг үл зөвшөөрөн маргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Д.Бүрэнтогтох нь 2015 оны 1 дүгээр сарын 21-нээс Тяньжин хот дахь “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ын захирлаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ноос тус газрын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 15-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тушаал, “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай тушаал, Шадар сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаал зэргээр нотлогдсон байна.
2. Дээрх 04 дугаартай тушаалд зөвлөх Д.Бүрэнтогтохыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу Шадар сайдын 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар тушаалаар батлагдсан цалингийн хэмжээгээр тооцож, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Уг 60 дугаартай “Улаанбаатар төлөөлөгчийн газар”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалын 1 хавсралтад “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ын орон тоог 5 байхаар, сард 12 900 000 төгрөгийн цалингийн сантай байхаар баталсан байх ба түүнд зөвлөхийн сарын цалинг 2 810 000 төгрөгөөр тодорхойлжээ.
3. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 501 дугаартай “Засгийн газар агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэхэмжлэгч Д.Бүрэнтогтохын ажиллаж байсан БНХАУ-ын Тяньжины боомт дахь “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ыг татан буулгаж, чиг үүргийг нь “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн, тогтоолын 11 дэх хэсгийн “Д” заалтаар бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн ажилтнуудад батлагдсан төсвийн хүрээнд хуульд заасны дагуу тэтгэлэг, тэтгэмж олгохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан байна.
4. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.Бүрэнтогтох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “аж ахуй нэгж, байгууллага...татан буугдсан...” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба энэ тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүргийг ажил олгогч хүлээдэг.
Засгийн газрын 501 дугаартай тогтоолоор татан буугдсан ажил олгогч “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-ын эрх, үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн, харин чөлөөлөгдсөн ажилтнуудад тэтгэлэг, тэтгэмж олгох үүргийг Сангийн сайдад шилжүүлсэн байна.
Үүний дагуу хариуцагч Сангийн яамнаас нэхэмжлэгч Д.Бүрэнтогтоход сарын цалинг 2 810 000 төгрөгөөр тооцон 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 8 340 000 төгрөг олгосон нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна.
5. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Шадар сайдын, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаалд Д.Бүрэнтогтоход 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг зөрчөөгүй байх бөгөөд хариуцагч талын Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” тушаалаар Д.Бүрэнтогтоход 1 жил ажилласан хугацаанд нь ноогдох 3 сарын тэтгэмжийг олгосон учир дээрх тэтгэмжийг дахин олгох үндэслэлгүй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжийг ажилласан хугацаанд нь ноогдох хэмжээгээр тооцохоор шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.
6. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Сангийн яамнаас ажлаас халагдсаны тэтгэмжид 16 860 000 төгрөгийг авах эрхтэй ба энэ тэтгэмжээс төлөгдөөгүй үлдсэн 8 340 000 төгрөгийг хариуцагч байгууллага нь төлөх үүрэгтэй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хариуцагчаас 8 340 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 149 830 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 149 830 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримтлан хариуцагч Сангийн яамнаас тэтгэмжийн үлдэгдэлд 8 430 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүрэнтогтоход олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 830 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 149 830 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.