| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1920002830165 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Т овогт Б.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн Т.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ 2 удаа алгадсан, тэгээд гарын шууг барьсан чинь хавдсан байсан. Ингээд эхнэр цагдаад мэдэгдсэн. Тэр өдөр миний утасруу хүн мессэж бичиж таараад түүнээс болж бид хоёр муудалцах болсон. Одоо ямар нэгэн тийм харилцаа байхгүй дууссан байгаа. Хохирогчид хохирол төлбөр барагдуулсан гомдол саналгүй гэсэн гэв.
Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би Б.Г-г 2-3 удаа алгадсан. Б.Г зөрүүлээд миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Үргэлжлүүлээд Б.Г миний баруун бугалга руу гараараа 1 удаа цохисон. ...Б.Г-д зодуулснаас болж надад хөнгөн гэмтэл учирсан. Миний зүүн хацар, чих хөхөрч хавдсан, бас баруун бугалга, шуу хөхөрсөн байсан. ...миний зүгээс нөхөр Б.Г-д гаргах гомдол санал байхгүй. Хохиролдоо нэхэмжлэх зүйл алга…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.У-н зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд талд цус хуралт, баруун шууны дотор талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд дан дангаараа “гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/
Шүүгдэгч Б.Г өмнө нь зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан эсэх талаар Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа /хх-ийн 29-31/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/
Шүүгдэгч Б.Г хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 36-39/
Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40
Шүүгдэгч Б.Г, хохирогч Т.У нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг гэртээ хохирогч Т.У-г зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд талд цус хуралт, баруун шууны дотор талд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Шүүгдэгч Б.Г энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Б.Г-г 2-3 удаа алгадсан. Б.Г зөрүүлээд миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Үргэлжлүүлээд Б.Г миний баруун бугалга руу гараараа 1 удаа цохисон. ...Б.Г-д зодуулснаас болж надад хөнгөн гэмтэл учирсан. Миний зүүн хацар, чих хөхөрч хавдсан, бас баруун бугалга, шуу хөхөрсөн байсан. ...миний зүгээс нөхөр Б.Г-д гаргах гомдол санал байхгүй. Хохиролдоо нэхэмжлэх зүйл алга…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...миний зүгээс нөхөр Б.Г-д гаргах гомдол санал байхгүй. Хохиролдоо нэхэмжлэх зүйл алга…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн тул Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц