Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа, Т.Батаа, Г.Гэрэлтцолмон,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан У.Бөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01161 0529 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн У.Б, 1987 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Мандалговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага наран 23 дугаар гудамж, 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч У.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Баасансүрэнгийн эзэмшлийн “Ниссан Тида” маркийн 61-17 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.Амаржин, 16 настай эмэгтэй Б.Батцэлмэг, 16 настай эрэгтэй Б.Бат-Эрдэнэ нарыг мөргөж Б.Батцэлмэг, А.Амаржин нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Бат-Эрдэнийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм бурууд маргахгүй байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн хохиролд 500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Батцэлмэгийн хохиролд 6.500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Амаржингийн хохиролд 4.390.000 төгрөг тус тус хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлсөн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Батцэлмэгийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр би хүүхэд рүүгээ сүүлд ярьсны дараа 5 минутын дараа залгахад утас нь яриад байсан. 33 дугаар сургуулийн хүүхдүүд ер нь их оройтдоггүй. Би хүүхдээ утсаа авахгүй болохоор нь аав руугаа ярьж “охины утас нь холбогдохгүй яриад байна” гэж хэлсэн. Нөхөртэйгээ ярьж дуусаад 2 минутын дараа “хүүхэд чинь осолд орсон байна” гэж эргэж хэлсэн. Уул нь тэр гарцыг гараад л манай гэр байдаг. Би сонсоод шууд Гэмтлийн эмнэлэг рүү очиход хүүхэд маань хүн харахын эцэсгүй болсон байсан. Цээж, баруун гар нь эрүүл бусад бүх эрхтэн нь бэртэлтэй байсан. Шүд нь хугарсан, шүдээрээ хоол идэж чадахгүй байгаа. Хүүхэд маань их зовиуртай шинжилгээ өгөхөд 3 дугаар зэргийн бэртэлтэй одоогоор алхаж чадахгүй байгаа гэсэн. Би байнга хүүхэд рүүгээ ярьж хараа хяналттай байдаг. Би хүүхдээ хагалгаанд оруулна гэж бодсон боловч өсвөр насны хүүхэд гээд 7 сар хүртэл хүлээгээрэй гэж эмч хэлсэн. Би Монголын бүх гэмтлийн эмнэлгүүдээр явж хүүхдээ үзүүлсэн. Ирээдүй нь их бүрхэг, өөрөөрөө юм идэж чадахгүй байгаа. Би хүүхдээ харахад их хэцүү харагддаг. Хүүхдээ гадагшаа явуулж эмчлүүлнэ. Энэ жилийн сургууль соёл худлаа болсон. Би их гомдолтой байна. У.Б нэг ч удаа утасдаж хүүхдийн биеийг асууж ярьдаггүй. Би хүүхдээ “Хөх хот” руу очиж эмчлүүлнэ. Хагалгаанд орсон ч хүүхдийн биеийн байдал ямар байхыг мэдэхгүй байна. Шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 6.500.000 төгрөг авсан энэ мөнгөөр охиндоо имплант шүд хийлгэсэн, эмчилгээнд нь зарцуулсан зарим баримт нь гэрт байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Т.Батаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд тухайн осолд орсон өдөр байгаагүй. Тэр өдөр хөдөө ажилтай явж байгаад орой нь мэдсэн. Сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. У.Б нь надад эмчилгээний зардал 500.000 төгрөг өгсөн. Энэ хүн тухайн өдөр самбаачлага гаргаж зогссон бол ийм осол болохгүй байсан. Сэтгэл санааны хувьд хүнд байна. Далд бэртэл сүүлд гарч ирэх магадлалтай. Би гомдолтой байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Амаржингийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтцолмон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр хүүхдээ машинд мөргүүлснийг багшаас нь мэдсэн. Манай ангийн 3 хүүхэд мөргүүлсэн байна гэж надад хэлсэн. Би их гомдолтой байна. Хожуу гэмтэл нь илэрвэл бид нар яах вэ, тэр асуудал хэцүү байна. Хүүхдийн эмчилгээний зардалд нийт 4.390.000 төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Батцэлмэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ангийнхан Богд уул руу гарцгаагаад буугаад Бат-Эрдэнэ, Анужин, Анударь бид хэд гэр ойролцоо болохоор бөөндөө явцгаасан...Бат-Эрдэнэ, Амаржин бид гурав Баянцээл төвийн харалдаа явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүүлсэн. Тухайн гарц нь гэрлэн дохио байхгүй, явган хүний гарцын тэмдэглэгээтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Батцэлмэгийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн замд явган хүний гарцаар манай охин Батцэлмэг ангийнхаа 2 хүүхдийн хамт зам гарч байгаад мөргүүлж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учран ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 0 дугаар сарын 13-ны өдөр гарсан одоо гэрээрээ хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тухайн ослоос болж манай охин Батцэлмэгт тархиндаа хугаралттай, зүүн нүдний зовхиндоо хугаралтай, баруун шагай цууралттай, зүүн өвдөг холбоосын зөөлөн эдийн гэмтэлтэй, сав нь шингэн хуралттай, үүдэн нэг шүд хугарсан, 1 араа сэтэрсэн, доод 2 шүд эмтэрсэн зэрэг маш хүнд гэмтэлтэй байгаа. Жолооч эмчилгээнд хэрэглээрэй гээд 2.000.000 төгрөгөөр 2 удаа нийтдээ 4.000.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. цаашдаа хүүхдээ хөл дээр нь босгомоор байна. Урьд нь ямар л хүүхэд байсан тэр хэвэнд нь оруулмаар байна. Эмэгтэй хүүхдийн хувьд гоо сайхан бие махбодь сэтгэл санаагаар маш их хохирсон зовхиндоо маш том оёо хийлгэж сорвитой болсон. Цаашид гарах бүх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Насанд хүрээгүй хохирогч А.Амаржин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Баянцээлийн баруун талын явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байхад гэнэт зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаас машины гэрэл гарч ирж байсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Бат-Эрдэнэ, Батцэлмэг бид 3 цугтаа зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Насанд хүрээгүй хохирогч А.Амаржингийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлтцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн замд манай хүү Амаржин машинд мөргүүлээд ухаангүй байна гэж хэлсэн тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүхдийн хувцас хунар ниил цус болчихсон ухаангүй байсан. Тэгээд манай хүү шөнөдөө ухаан орсон. Манай хүү уг зам тээврийн ослын улмаас тархиндаа эрвээхэй ясны хугарал, тархины цусан хуруу үүссэн, чихнээс нь цус гоожсон байсан, нуруу болон гар хөл нь зулгарсан байсан, гар хөл нь хөх няц болсон байсан. Манай хүүгийн одоогийн биеийн байдал хуучнаа бодвол арай дээр байгаа гэхдээ сайн тэнцвэрээ олж чадахгүй, сайн явж чалахгүй мөн байнга ядарч сульддаг болсон. 2.000.000 төгрөг өгсөн хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа. Гомдолтой байна. хүүхдийнхээ цаашдын эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. Цаашид манай хүүхдийн эрүүл мэндэд ослын улмаас дахин янз янзын зүйл болохоос айж санаа зовж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Амаржин, Батцэлмэг бид 3 Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад зүүн гар талаас нэг машин хурдтай гарч ирээд бид гурвыг мөргөсөн. Бид гурав ар араасаа цуваад алхаж байсан. Би урд, миний ард Батцэлмэг, түүний ард Амаржин алхаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Т.Батаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны 18 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн замд манай манай хүү Бат-Эрдэнэ 2 найзын хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад байсан. Би тухайн үед хөдөө Архангай аймагт явж байхад орой надад манай гэр бүлийн хүн хүү машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Манай хүү уг зам тээврийн осолд ороод нүүрэндээ битүү шархтай зүүн өвдөг, зүүн тохой, нуруу толгойн хэсэгтээ гэмтэл байсан. Намайг хөдөөнөөс ирэхэд манай хүү гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсан. Манай хүү Бат-Эрдэний эмчилгээний зардалд ойролцоогоор 500.000 төгрөгний зардал гарсан байгаа. Хүүгээ саяхан MRI-д харуулсан тэгэхэд гайгүй зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн тийм учраас дахин нэмэлт шинжээч томилуулахгүй. Хүүгийнхээ нуруу хэсгийг дахин MRI хийлгэх гэж байгаа. Жолооч надтай нэг ч удаа уулзаагүй. Нэг л удаа утсаар ярьсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Манай хүүхэд болон гэр бүлийн гэмтэл сэтгэл санааны маш их хохиролтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Насанд хүрээгүй гэрч У.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд би эргэж хараад явах гэтэл ард чанга чимээ гарахаар нь эргээд харахад хүн машинд мөргүүлсэн байсан тэгээд намайг яг харахад Батцэлмэг газар өнхөрөөд унаж байсан. Намайг яг тэгж орилж байх үед замын 1, 2 дугаар эгнээний машинууд зогсчихсон зам тавьж өгсөн байсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход манай 3 найз машинд мөргүүлсэн байсан тэгэхээр нь би Батцэлмэгийн ээж рүү залгатал утсаа аваагүй тэгэхээр нь аав руу нь залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Гэрч Н.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У.Б нь манай 2 дахь хүү байгаа юм. Хувиараа барилгын сан техникийн ажил хийгээд явдаг юм. Манай хүү эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт айлын хашаа түрээслээд амьдардаг юм. У.Б нь уул нь төлөв даруу, архи тамхи хэрэглэдэггүй, амьдралын төлөө явж байгаа хүү маань байгаа юм. Тухайн үед зам тээврийн осол гаргаж хүний хүүхдийг гэмтээсэнд маш их харамсаж байна. Эхнэр нь ажилгүй нялх хүүхэдтэй гэртээ байдаг юм том хүүхэд 5 настай цэцэрлэгт явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹12122 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Батцэлмэгийн биед дух ясны хугарал, зүүн ухархайн дээд хана, баруун гайморовын хөндийн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нэг шүдний хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн хамсөг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыэн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹12121 дугаартай дүгнэлтэд:

1. А.Амаржингийн биед суурь ясны их далавчны хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, бүсэлхий, баруун шилбэ, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыэн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1409 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Батцэлмэгийн биед 2019.10.05, 07-ны өдрүүдийн зүүн өвдөг, тохойн үе, баруун өвдөг, шагайн үений хоёр байрлал, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зургуудаар ясанд гэмтэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹12164 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, цээж өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыэн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 76/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн №545 дугаартай дүгнэлт:

1. Ниссан Тида маркийн 61-17 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Уртнасангийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дахь заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3 дахь заалт “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-д заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Батбаярын Батцэлмэг, Амартүвшингийн Амаржин, Батаагийн Бат-Эрдэнэ нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 100-101/,

Яллагдагч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний буруутай үйлдлээс болж хохирогч нарын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. тэр хүүхдүүдийн эмчилгээний зардал мөнгийг цаашид барагдуулах болно. Тухайн 3 хүүхдээс болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Зам тээврийн осол болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээл төвийн замд урдаасаа хойшоо явах замын 3 дугаар эгнээнд 61-17 УНС дугаартай Ниссан Тида маркийн автомашин хойшоо харсан байрлалтай зогсож байх бөгөөд зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл үүссэн ул мөргүй байх тул жолооч У.Бөөр заалгаж явган зорчигч Б.Бат-Эрдэний анх мөргүүлсэн цэгийг Б үсэг, явган зорчигч Б.Батцэлмэгийн мөргүүлсэн цэгийг “1-р”, буюу түүний мөргүүлээд унасан цэгийг “2-р”, явган зорчигч А.Амаржингийн мөргүүлсэн цэгийг “3-р”, түүний төргүүлээд унасан цэгийг “4-р”, “В” цэг буюу үл хөдлөх цэгээр зорчих хэсгийн зүүн урд талд байх дугааргүй гэрлийн шонгоор авч тус тус тэмдэглэв. Явган хүний гарцын өргөн 4.0 метр байв. 2 дугаар цэг буюу Б.Батцэлмэгийн мөргүүлээд унасан гэх газар цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Зам тээврийн осол гаргасан Ниссан Тида маркийн 61-17 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, копуд цөмөрч хонхойсон, зүүн талын толь хугарсан зэрэг эвдрэлтэй байв.

Хяналтын камерын бичлэг, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 17-22/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албан тоот /хх-ийн 86/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 150/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/,  хохирлын тооцоо /хх-ийн 128, 132/, хохирол төлсөн баримт /хх-ийн 146-147/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 158/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 159/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 160/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 157/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 154/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч У.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Баасансүрэнгийн эзэмшлийн “Ниссан Тида” маркийн 61-17 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюудгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.Амаржин, 16 настай эмэгтэй Б.Батцэлмэг, 16 настай эрэгтэй Б.Бат-Эрдэнэ нарыг мөргөж Б.Батцэлмэг, А.Амаржин нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Бат-Эрдэнийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.Батцэлмэгийн: “2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ангийнхан Богд уул руу гарцгаагаад буугаад Бат-Эрдэнэ, Анужин, Анударь бид хэд гэр ойролцоо болохоор бөөндөө явцгаасан...Бат-Эрдэнэ, Амаржин бид гурав Баянцээл төвийн харалдаа явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Амаржингийн: “...Тухайн өдөр Баянцээлийн баруун талын явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байхад гэнэт зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаас машины гэрэл гарч ирж байсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Бат-Эрдэнэ, Батцэлмэг бид 3 цугтаа зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэний: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Амаржин, Батцэлмэг бид 3 Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад зүүн гар талаас нэг машин хурдтай гарч ирээд бид гурвыг мөргөсөн. Бид гурав ар араасаа цуваад алхаж байсан. Бид урд, миний ард Батцэлмэг, түүний ард Амаржин алхаж явсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч У.Сарангэрэлийн: “...тэгээд би эргэж хараад явах гэтэл ард чанга чимээ гарахаар нь эргээд харахад хүн машинд мөргүүлсэн байсан тэгээд намайг яг харахад Батцэлмэг газар өнхөрөөд унаж байсан. Намайг яг тэгж орилж байх үед замын 1, 2 дугаар эгнээний машинууд зогсчихсон зам тавьж өгсөн байсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход манай 3 найз машинд мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Б нь шүүх хуралдааны өмнө шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаад 6.500.000 төгрөг, Т.Батаад 500.000 төгрөг, Г.Гэрэлтцолмонд 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байсан бөгөөд шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтцолмонд 386.374 төгрөгийн төлбөртэй гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирол төлөхөөр хуульд заасан завсарлага авсан ба уг хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтцолмонд 390.000 төгрөгийг нэмж төлөн нийт 4.390.000 төгрөгийг төлж хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.

Харин насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч болох Н.Болормаа, Т.Батаа, Г.Гэрэлтцолмон нар нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болох Б.Батцэлмэг, Б.Бат-эрдэнэ, А.Амаржин нарт учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохирлын талаарх бусад нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтын дагуу нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. У.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар У.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар У.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Бийн тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаад 6.500.000 төгрөг, Т.Батаад 500.000 төгрөг, Г.Гэрэлтцолмонд 4.390.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

 

  1. Хэрэгт хураагдан ирсэн У.Бийн №1176022 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

 

  1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа, Т.Батаа, Г.Гэрэлтцолмон нар нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл У.Бөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР