Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 893

 

                                  

 

 

 

 

 

­

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байрны 38 тоотод оршин суух, ХД80120212 дугаарын регистртэй, Боржигон овогт Мандуулын Дамдингийн,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 5 дугаар гудамж, 55 тоотод оршин суух, УЕ87021508 дугаарын регистртэй, Боржигон овогт Бат-Эрдэнийн Ууганбаярт холбогдох,

Эх байх эрхийг нь хасуулах, хүүхдүүдийн асрамжийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Ууганбаярын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Дамдинд холбогдох, сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2016 оны 4 дүгээр сарын 05-нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Дамдин, түүний өмгөөлөгч Г.Дашдамба, хариуцагч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.                                                                                       

                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Дамдингаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Ууганбаяртай 2013 онд Солонгос улсад танилцаж үерхсэн. 2013 оны 9 дүгээр сард би, 10 дугаар сард Ууганбаяр ирсэн. Бид монголдоо ирээд хамтран амьдарсан ба 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Д.Маралжингоо, 2015 оны 05 сарын 24-ны өдөр хүү Д.Сүхбаатар нар нь төрж 2 хүүхэдтэй болсон. Би монголдоо ирсэн цагаас хувийн бизнес эрхэлж амьдрал ахуйгаа хүний дайтай авч явсан. Б.Ууганбаяр нь хамтран амьдрах болсноосоо хойш илт зан ааш нь хувирч, архи дарс ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнгын хэрүүл хийх, зодож нүдэх, танхайрах болсон. Миний бие хүүхдүүдээ болон цаашдын амьдралаа бодоод байнга буулт хийж гуйж, аргадаж, засрах байх гэсэн итгэлээр өдийг хүрсэн. Эхнэр Б.Ууганбаяр нь догшин авиртай, архи их уудаг бөгөөд уусан үедээ агсам согтуу тавьж, хавь ойрын айл амьтныг амраахгүйн дээр намайг туйлын ихээр гомдоож, зодож дээрэлхэж, танхайрдаг байсан. Мөн хүүхдүүдээ зодож, айлгаж, ёс бус үйлдэл удаа дараа гаргаж хүүхдийн эрх ашгийг ноцтой хохироож, хүмүүжил төлөвшил ёс суртахуунд нь сөрөг үр дагавар үүсгэж байсан. Энэ талаар хууль хяналтын байгууллага, гэр бүл хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд холбогдох дүгнэлтийг гаргасан. Миний бие энэхүү ёс бус үйлдлийг үл тэвчин шүүхэд хандсан бөгөөд шүүхээс өмнө нь Б.Ууганбаярыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1., 16.1.5.-д зааснаар 6 сарын хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах тухай шүүхийн шийтгэвэр гарсан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасны дагуу охин Маралжингоог миний асрамжинд үлдээж, хүү Сүхбаатарыг эх Б.Ууганбаярын асрамжинд 6 сарын хугацаанд тус тус байлгахаар шийтгэвэр гарсан. Гэтэл Б.Ууганбаяр нь хүүтэй минь уулзуулахгүйн дээр охиныг минь аав, ээжтэйгээ нийлэн хууран мэхэлж гэртээ аваачин надад өгөхгүй дээрэлхэж доромжилсоор байна. Түүнчлэн түүний дүү нь миний хүүхдүүдийг “гөлөг шиг өсгөнө тэгээд чамайг алуулна” гэх зэргээр сэтгэл зүйд баймааргүй зүйл ярьж байсныг өөрийн биер сонссон бөгөөд ийм үл бүтэх хүмүүст хүүхдүүдээ өгч өсгүүлмээргүй байна. Миний бие үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ ухамсарлан ажиллаж амьдардаг бөгөөд цаашид өөрийн хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх чин хүсэлтэй байна. Б.Ууганбаяр нь байнгын архи ууж, үр хүүхдүүдээ айлган сүрдүүлж, зодож танхайрч, сэтгэхүйн хувьд тогтворгүй болгож байгаад туйлын гомдолтой байна. Хариуцагч Ууганбаяр нь хүүхдүүдээ эх хүн шиг асарч, тэжээх ямар ч чадваргүй хүн. Хүүхдээ жаахан байхад нь ална, балкон дээрээс шидлээ гэж дарамталж байсан. Охиноо төрснөөс хойш турна гээд 2  сар ч хүрээгүй байхад нь хөхнөөс нь гаргаж, би хүүхдээ угжиж өөрөө тэжээж байсан. 2016 оны 1 дүгээр сард 2 хүүхдийг Ууганбаяр авснаас хойш надтай уулзуулдаггүй, би уулзах гээд очиход өмгөөлөгч нь чи хүүхэд дээрээ битгий ир гээд хөөгөөд явуулсан. Энэ хугацаанд би шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргах үед л 2 хүүхэдтэйгээ нэг удаа уулзсан. Уулзах гэхээр надтай хүүхдүүдийг уулзуулдаггүй. Би ийм хүнд хүүхдүүдээ өгөөд асруулах сэтгэл байхгүй. Тиймээс би өөрөө 2 хүүхдээ авч асарч тэжээх хүсэлттэй байна. Би уг нь 2 хүүхдээ нэг нэгээр нь аваад өсгөх боломжтой, хэн хэн нь хүүхдээ харах тэжээх үүрэгтэй юм чинь, бие биенийхээ сэтгэлийг бодож санал хэлсэн боловч хүлээж аваагүй. Би ийм зан ааш нь барьцгүй, хүүхдээ зодож нүддэг хүнд хүүхдүүдийг өгөх боломжгүй. Тиймээс би Ууганбаярын эх байх эрхийг нь хасч, хүүхдүүдийнхээ асран хамгаалагчаар тогтоолгож, өөрийн асрамжиндаа хүүхдүүдээ авах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв

 

Хариуцагч Б.Ууганбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Дамдингийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би одоо 29 настай, сурган хүмүүжүүлэгч  мэргэжилтэй. Бид Солонгос улсад байхдаа танилцаж үерхсэн, би энэ хүний төлөө л амьдарч ирсэн. 2 хүүхдийг нь төрүүлсэн. Нөхөр М.Дамдингийн хувьд хамгийн гол буруу зүйл нь түүний бэлгийн дарамт байсан. Надтай хамт амьдарч байх хугацаандаа өөр эмэгтэйтэй холбоотой байсан ба салснаас хойш 1 сарын дараа гэхэд тэр эмэгтэйгээ өөрийнхөө орон сууцанд дагуулж ирэн хамт амьдарсан. Намайг архичин, биеэ үнэлдэг, янхан, хүүхдээ зарах гэсэн, хүүхдээр бизнес хийдэг, төрөлхийн дүлий, сэтгэцийн эмгэгтэй гэх зэргээр нийгмийн хог шаар болгож гүтгэн доромжилсон. Би энэ хүнд хангалттай, доромжлуулж гүтгүүлсэн. Дамдингийн нэхэмжлэлд бичсэн шиг үйлдэл огт гаргаж байгаагүй, намайг өөрөө гэр орноосоо хөөж би хүүхэдтэйгээ Хүчирхийллийн эсрэг төвд хонож байсан. Өдийг хүртэл би 2 хүүхдээ, амьдралаа бодож Дамдингийн хүчирхийлэл, харгис хэрцгий занг нь тэвчиж байсан. Намайг зодож зүүн чихний хэнгэргийн цооролт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг учруулж, байнга зодох, тарчлаах зэргээр сэтгэл санааны дарамтанд байлгаж байсан.  Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Надад өширхсөний улмаас шүүх цагдаагийн байгууллагаар их явсан. Намайг харгис хэрцгийгээр зодож гэмтээсэн асуудалдаа цагдаагийн байгууллагаар шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Би энэ хүнийг насан туршийн хань гэж бодон 2 хүүхэд төрүүлж, байгаа бүхнээрээ тусалж дэмжин, эцэст нь өөрийгөө доромжлуулж, гүтгүүлж байсан ч 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гэж тэвчин амьдарч байсан. Гэтэл энэ хүн надаас салахын тулд гэртээ камер байрлуулж, нууцаар бичлэг хийж, намайг өдөөн хатгаж уурлуулж бухимдуулан миний сул талыг ашиглан баримт бүрдүүлж олон хүмүүст үзүүлэн тарааж, нүцгэн усанд орж байгаа бичлэгийг тарааж, намайг сэтгэцийн эмгэгтэй гэж гүтгэж, шар хадны эмнэлэгт хүртэл үзүүлж дүгнэлт гаргуулж байсан, хүний машин эвдсэн гэсэн гэмт хэрэг тохож ял авхуулах гэж оролдсон. Бүх хүмүүсийг миний эсрэг болгож намайг сэтгэлээр унагаж амьд явахад надад хэцүү болсон тул би Хүний эрхийн комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЦЕГ-ын харъяа хүчирхийлэлтэй тэмцэх тасаг зэрэг бүх л газруудад хандаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 11-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхээс тусдаа амьдрахыг даалгаж, охин Маралжингоог Дамдингийн асрамжинд, хүү Сүхбаатарыг миний асрамжинд байлгаж 00048 тоот шийтгэвэр гарсан боловч миний бие давж заалдах гомдол гаргаж, 2016 оны 1 дүгээр сарын 29-нд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхээс охин Маралжингоог Дамдингийн асрамжинд үлдээснийг хүчингүй болгосноор охиноо авсан. Энэ үед 1 ой 10 сартай охин маань ээжийгээ санаж бэтгэрсэн, нүд дүүрэн нулимастай асрамжийн асуудал нь их хүнд байсан. Дамдин нь орон гэртээ байдаггүй, 7 хоногт өдөр бүр ажилтай байдаг, хоол унд идсэнгүй гэж бага балчир хүүхдээ зоддог, 2 хүүхдэд маань эхийн асрамж маш их шаардлагатай учир би 2 хүүхдээ Дамдингийн асрамжинд өгөхгүй, өөрийнхөө асрамжинд хэвээр үлдээх хүсэлттэй байна. Өөрөө зовж тээж төрүүлж өсгөж байгаа 2 хүүхдээ энэ хүнд өгч хойд эхийн гарт оруулж амьдын хагацал үзэж амьдарч чадахгүй. Хүүхдүүд минь надад аз жаргал, амьдралын минь утга учир, нэг насны минь хань юм. Дамдин хүүхдүүдээ асууж утсаар ч ярьдаггүй, энэ хугацаанд хүүхдүүдээ нэг ч удаа эргэж байгаагүй. Иймд хүний асрамжинд би яаж хүүхдүүдээ байлгах вэ. Миний бие Боловсролын их сургуулийг багш мэргэжлээр төгсөж, одоо Төв аймгийн Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байна. Би хүүхэдтэй хэрцгий харьцах нь битгий хэл муухай ч харж үзээгүй хүн. Эх байх чадваргүй ноцтой нөхцөл байдал огт байхгүй, ямар ч баримтгүй намайг доромжилж байгаад гомдолтой байна. Би цаашид 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлж тэжээх боломжтой. Иймд М.Дамдингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож охин Маралжингоо, Сүхбаатар нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ууганбаяраас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ууганбаяр би богино хугацаанд бие биенээ сайн таньж мэдээгүй байхдаа М.Дамдинтай дотносож гэр бүлийн харилцаа үүсгэсэн. Нэг жилийн зайтай хоёр дэрсхэн хүүхдийг төрүүлж өнөр өтгөн, бат бөх гэр бүл болж аз жаргалтай амьдрахыг хүссэн боловч М.Дамдингийн олон жил ганцаараа амьдарсан эр хүн гэр бүлийн харилцаанд шууд орох нь хүнд хэцүү байсан уу гэр орондоо анхаарал халамж тавих нь маш муу, хэрүүл маргаан байнга өдөөж, Б.Ууганбаяр намайг элдэв муугаар хэлж, удаа дараа зодож, биед гэмтэл учруулсан. Эрүүгийн хэрэгт авагдсан Дамдингийн мэдүүлэгт надаас өөрөө салахаар төлөвлөж бүх зүйлийг зохион байгуулсан гэдгээ зөвшөөрсөн. 2016 оны 1 дүгээр  сарын 29-ний өдрөөс  хойш 2 хүүхэд маань эх миний асрамжинд байгаа бөгөөд эрүүл саруул эсэн мэнд бойжиж байгаа, үүнээс хойш нэг ч удаа хүүхдээ асууж ирээгүй, хүүхдэд шаардлагатай зүйлийг сэтгэлээсээ өгч байгаагүй, хүүхдийн төрсөн өдрийн баяраар ч ирээгүй, ийм сэтгэлгүй хүнээс авах хүсэл ч байгаагүй. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Б.Ууганбаяр миний асрамжинд охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нар байгааг харгалзан үзэж эцэг М.Дамдингаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М.Дамдингаас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ууганбаяр нь 2 хүүхдээ асарж тэжээх, өсгөх, хүмүүжүүлэх чадваргүй хүн. Энэ хүн хүүхэддээ хоол өгдөггүй хүн шүү дээ. Хүүхдүүдийг эх дээр нь байлгахад тэдгээрийн эрх ашиг маш их дордоно гэж үзэж байна. Хүүхэддээ харгис хэрцгий хандаж зоддог, эх хүнээс гаршгүй ааш авир гаргадаг ийм хүн шүү дээ. Хүүхдээ зармаар байна гэж хэлдэг хүн. Ийм хүн хүүхэд өсгөх, тэжээх, хүмүүжүүлэх боломжгүй. Охиныг бол би өөрөө угжиж өсгөсөн. 2 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй тул хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Дамдин нь хариуцагч Б.Ууганбаярт холбогдуулан түүний эх байх эрхийг хасах, охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нарыг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нь үл зөвшөөрч хуульд зааснаар 2 хүүхдэд оногдох тэтгэлгийг хуульд зааснаар нэхэмжлэгч М.Дамдингаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.Дамдин нь нэхэмжлэлдээ “...охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нарын асран хамгаалагчаар М.Дамдин намайг тогтоож өгнө үү” гэж бичсэн байх боловч, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн охин Маралжингоо, Сүхбаатар нарыг өөрийн асрамжиндаа үлдээхээр шаардан тодорхойлсон байна.

 

Шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч М.Дамдин, хариуцагч Б.Ууганбаяр нар 2013 оноос 2015 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд хамтран амьдарч энэ хугацаанд тэдний дундаас охин Д.Маралжингоо 2014 оны 2 дугаар сарын 15-нд, хүү Д.Сүхбаатар 2015 оны 5 дугаар сарын 24-нд тус тус төрсөн болох нь 1107001029, 1107001385 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон ба зохигчид 2 хүүхдийн эцгийн нэрийг М.Дамдингаар тодорхойлж, хүүхдийн төрсний гэрчилгээг аван захиргааны журмаар эцэг тогтоолгосон байна.

 

2.Нэхэмжлэгч М.Дамдин, хариуцагч Б.Ууганбаяр нар нь хуульд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралтай байхдаа хэн алиныхаа эсрэг бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон гэж үзэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1., 16.1.5.-д зааснаар М.Дамдин, Б.Ууганбаяр нарыг 6 сарын хугацаанд тус тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах эрх хязгаарлах арга хэмжээ авагдаж байсан болох нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 180 дугаартай магадлал, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00048 дугаартай шийтгэвэр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугар сарын 03-ны өдрийн 1022 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

 

3. Нэхэмжлэгч М.Дамдингаас, хариуцагч Б.Ууганбаяр догшин авиртай, архи их уудаг, агсам согтуу тавьж, хүүхдүүдээ зодож, айлгаж, ёс бус үйлдэл удаа дараа гаргаж хүүхдийн эрх ашгийг ноцтой хохироож, хүмүүжил төлөвшил ёс суртахуунд нь сөрөг үр дагавар үүсгэж байсан, хүүхдүүдээ эх хүн шиг асарч, тэжээх ямар ч чадваргүй хүн тул эх байх эрхийг нь хасуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгана гэж тайлбарлан М.Дамдинд холбогдох эрүүгийн 201326020175 дугаартай хэргийн 108-110 дугаар талд авагдсан Б.Ууганбаярын гэх 3 ширхэг гэрэл зураг, 89-91 дүгээр талд авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн  Б.Ууганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн 225 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэргийг нотлох баримтаар гарган нэхэмжлэлээ үндэслэжээ.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэж заасан байна. Хариуцагч Б.Ууганбаяр нь охин Маралжингоо, хүү Сүхбаатар нарт хэрцгий догшин авирлаж бие махбодид нь халдан гэмтэл учруулсан, айдас түгшүүртэй байлгасан, тэднийг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг буюу хуульд заасан эх байх эрхийг хасах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Ууганбаярын гэх 3 ширхэг гэрэл зураг нь дээрх үндэслэлийг нотлохгүй байх бөгөөд хариуцагч Б.Ууганбаяр нь сэтгэцийн хувьд эрүүл болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 225 тоот дүгнэлтээр тодорхойлсныг дурдах нь зүйтэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2.-т “ эцэг, эх ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх...” үүрэгтэйг тус тус тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар, хүүхэд эрүүл саруул өсч бойжих, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, халамж, хүүхэд айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх, хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэх, хангах талаар, тэжээн тэтгэх талаар хэн аль нь шаардлага хангасан, шинжээч Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн /Гэр бүлийн хамгааллын асуудал хариуцсан ажилтан М.Гантуяа, нийгмийн ажилтан Н.Одонцэцэг /-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 111 тоот дүгнэлтээр охин Д.Маралжингоог аав М.Дамдинд, хүү Д.Сүхбаатарыг ээж Б.Ууганбаярт үлдээх боломжтой талаар тодорхойлсон байна.

 

6. Зохигчдын хүүхдүүд болох охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нар нь одоо ээж Б.Ууганбаярын асрамжинд хамт амьдарч байгааг харгалзан бага насны хүүхдүүдийн хувьд ээнэгшин дассан, өсөж бойжиж байгаа орчин нөхцлийг өөрчилж солих зайлшгүй шаардлагатай болон тэднийг асрамжилж байгаа эх Б.Ууганбаярын асрамжийн талаар дутагдалтай, хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн, хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд бага насны 2 хүүхдийг хамтад нь ээжийнх нь асрамжинд байлгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч М.Дамдин  нь хүүхдийн тэтгэлгийг төлөх, хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д “ Эцэг, эх...нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Хүүхдийг...эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно...” гэж тус тус заасан байх ба охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нар нь эцэг, эхийн аль алинтай нь хамт байх, уулзах, эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших эрхтэй, түүнийг асран хамгаалах, тэтгэх, хүмүүжүүлэхэд нэхэмжлэгч М.Дамдин, хариуцагч Б.Ууганбаяр нар адилхан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.  Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д засны дагуу нэхэмжлэгч М.Дамдингийн хүүхдүүдийн өмнө хүлээн дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч Б.Ууганбаяр саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч М.Дамдингийн, хариуцагч Б.Ууганбаярын эх байх эрхийг хасуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд байлгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, охин Д.Маралжингоо, Хүү Д.Сүхбаатар нарыг эх Б.Ууганбаярын асрамжинд үлдээн, тэднийг эцэг М.Дамдингаар тэжээн тэтгүүлж, хариуцагч Б.Ууганбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ууганбаярын хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18613 дугаартай захирамжаар шинжээч томилсны дагуу хэрэгт шинжээч Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн 76 500  төгрөгийн дүн бүхий 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэх авагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2.-т заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч, нэхэмжлэгч нараас хуваан гаргуулж шинжээчид олгов.         

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид  олгон,  мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс 62 006 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116., 118. дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 30 дугаар зүйлийн 30.1.-д /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12.-т/ заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дамдингийн, храиуцагч Б.Ууганбаярын эх байх эрхийг хасуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжинд үлдээх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн охин Д.Маралжингоо,  2015 оны 5 дугаар сарын 24-нд  төрсөн хүү Д.Сүхбаатар  нарыг эх Б.Ууганбаярын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Дамдингаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д заасны дагуу нэхэмжлэгч М.Дамдингийн охин Д.Маралжингоо, хүү Д.Сүхбаатар нартай хамт байх, уулзах, тэжээн тэтгэх  эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учрууулахгүй байхыг  хариуцагч Б.Ууганбаярт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар хүүхдийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид  олгон,  мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс 62 006 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2.-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох 76 500 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяр, нэхэмжлэгч М.Дамдин нарт хуваан хариуцуулж, тус бүр 38 250 төгрөгийг гаргуулан шинжээч Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

   

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.