Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 17

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Хохирогч *******

            Цагаатгагдсан этгээд: *******

            Нарийн бичгийн дарга *******  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар  цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 1712000000002 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1985.12.16-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа авто засвар эрхэлдэг,  ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******,  Худалдааны 2-1 тоот, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын , тоотод оршин суух,   урьд ял шийтгэлгүй,   овогт гийн

 

            Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар цагаатгах тогтоолоор:

            Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан ******* нь 17 хоногтой ыг унагаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд  Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1722000000002 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, овогт гийн ыг цагаатгаж,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн, энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсантай холбогдож өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж,

            Энэхүү цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

            Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц *******ын үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулахыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт  даалгаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:  ... Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж, мөн зүйлийн 2-т “ Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж тус тус заажээ.

            Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн талаар заасан боловч гэм буруугийн хэлбэрийг тусгайлан заагаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр байж болохоор хуульчлагджээ.

            Шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн талаар заасан боловч гэм буруугийн хэлбэрийг “санаатай” байна гэж ойлгохоор байна гэжээ. Гэтэл шүүх дээрх хуулийн шаардлага нь санаатай үйлдэл байна гэж хуульчлагдаагүй нь тодорхой байх бөгөөд шууд өөрийн ойлголтоор тайлбарласан нь өрөөсгөл дүгнэлт хийжээ гэж дүгнэхээр байна.

            Тогтоолд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл буюу “ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл буюу “ Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” зэрэгтэй 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах”-тай харьцуулан дүгнэлт хийж, 2003, 2009, 2014 онуудад гарч байсан судлаач, эрдэмтдийн онолын ойлголтоос иш татаж, 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа Эрүүгийн хуулийг тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй,  цоо шинэ хуулийн зохицуулалт үйлчилж, хууль тогтоогч хуулийг батлахдаа заавал “санаатай” үйлдэл байхыг шаардахгүй байхаар хуульчлагдсан гэж ойлгогдохоор байна.

            Мөн шүүхээс *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, цагаатгахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдлийг зөвтгөж, улмаар түүний үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг үгүйсгэж байгаа асуудал биш тул энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа *******ын үйлдэл нь  Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянан шалгаж, захиргааны хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг  цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэжээ. Зөрчлийн тухай хуулиар *******т захиргааны шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй байхад  цагдаагийн байгууллагад даалгасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд *******т холбогдох Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.11-ний 36 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ээс: Манай хүүхэд тэр үед эмчилгээ хийлгэсэн. Одоо эрүүл саруул өсч бойжиж байгаа. Энэ хүн гэм буруугаа ойлгож, засарч хүмүүжиж байгаа тул би гомдолгүй ээ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан:

Хохирогч *******ийн “...Өглөө 5 цагийн орчимд цай уух гээд бостол орон дээр нимгэн хувцастай байсан 17 хоногтой хүүгээ угз татаж авч гарах гээд нэг гараараа барьчихаад өмд хувцсаа өмсөөд намайг авах гэхээр цээж рүү тийрээд өгөхгүй хүүхэд орилуулаад байсан. Хүүхэд орилоод байхад өгөхгүй үүд рүү явахаар нь би хүүгээ өгчих гээд араас нь хүүхдээ татсан ба тэр үед хүүхэд тавиад шалан дээр унагачихсан. Би маш хурдан шүүрч авахад хүүхэд маань толгойгоороо газар бараг унасан” /хх-н 10х/ гэх тайлбар,

Яллагдагчийн ” ...Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад би явлаа, явахдаа хүү ыг аваад явна гэсэн. Тэгэхэд манай эхнэр өгөхгүй гээд тэвэрсэн. Тэгэхээр нь би зөөлхөн татахад манай хүүхэд газарт ойчсон юм” /хх-н 27х/ гэж мэдүүлсэн тэмдэглэл зэргээс үзвэл ын эрүүл мэндэд хэн ямар сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрээр хөнгөн хохирол учруулсан гэдэг нь нотлогдоогүй байна.

Шүүх *******ын үйлдэл болон нярай хүүхдийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэсэн хэдий боловч хуульд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн 36 дугаар цагаатгах тогтоолын 5-р заалт нь *******ын үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулах тухай Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасан бөгөөд түүнд заавал захиргааны шийтгэл оногдуулах гэсэн утга санаа агуулаагүй, захиргааны шийтгэл оногдуулах эсэх нь цагдаагийн байгууллагад нээлттэй байх учраас прокурорын гаргасан “Зөрчлийн тухай хуулиар *******т захиргааны шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй байхад  цагдаагийн байгууллагад даалгасан нь хуульд нийцэхгүй байна” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/  хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.1 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгүй.

 

2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ