Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2017/0012/З |
Дугаар | 20 |
Огноо | 2017-11-28 |
Маргааны төрөл | Тендер, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э т” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд хариуцагдах ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэлийн “Багц-1-д Ш х” ХХК-ий тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Ш х ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, “Гэрээ байгуулах тухай” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/146 дугаартай тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох, Засаг даргын батламжилсан 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох, хохирол гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Э, С.У, Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.“Э.т” ХХК /Ч.Б/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр зарласан “Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц-1 “гэрэлтүүлэг, аудио хөгжим”-д шалгарахаар тендерт оролцож 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр болсон тендерийн нээлтэд “хамгийн бага” үнийн санал буюу 47.165.500 төгрөгөөр тэргүүлсэн.
Гэтэл захиалагч нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №2/759 дугаартай мэдэгдлээр /2017.07.28-нд хүлээн авсан/ манай компаниас санал болгосон Мульт кабель 28 channel-оролттой байгаа нь захиалагчийн Мульт кабель 50 channel- оролттой байх техникийн тодорхойлолтод нийцээгүй байна хэмээн үзэж, манай тендерээс татгалзсан байна.
Бид үүнийг эс зөвшөөрч 2017 оны 7 сарын 28-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч 2017 оны 8 сарын 11-ний өдрийн /2017.8.16-нд авсан/ №16 1/4769 дугаартай хариугаар “Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар нь уг багцад Ш х” ХХК-тай үнийн санал нь 51.564.900 төг/ ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай гэрээ байгуулсан байх тул хуульд зааснаар шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.
Захиалагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар нь Ш х ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулах эрх олгон, улмаар гэрээ байгуулсан үйлдэл нь дараах хуулийг зөрчсөн . Үүнд:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд заасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэснийг зөрчиж, хэн шалгарсан, хэнд гэрээ байгуулах эрх олгохоор болсон тухай огт мэдэгдээгүй төдийгүй гэрээ байгуулсан байна.
2.Захиалагч тендерийн тодорхойлолт бэлтгэхдээ Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь дээр мульт кабель XSPRO 24 X Channel-50 гэсэн байна. Энэ XSPRO 28 оролттой, 50 м урттай мульт кабель гэсэн шаардлага байсан. Манай компани энэ дагуу тендерийн баримт бичгийн хүснэгтийн 12-д Тайзны мульт кабель үзүүлэлт Оролт 28, урт 50 м, Модель 28 ch гэсэн үзүүлэлтийг хангаж хүргүүлсэн. Ch гэдэг нь channel гэсэн үгийн товчлол ба оролтын тоог заадаг. Гэтэл захиалагч “захиалагчийн тендерийн баримт бичигт тодорхойлсон мульт кабель “ 50 ch” тул танай техникийн тодорхойлолт нийцээгүй” гэж манай тендерээс татгалзсан нь тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн техникийн мэдлэггүй байдал болон санаатай санамсаргүй илт алдаанаас болж хууль бус шийдвэр гаргажээ. Түүнчлэн XSPRO загварын мульт кабель нь 40-өөс дээш оролттой үйлдвэрлэгдэггүй юм. Ингэснээр захиалагч нь тендерт шударгаар оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Иймд манай гомдлын үндэслэлийг хянан үзээд тендерийн багц-1 “гэрэлтүүлэг, ауди хөгжим”-д холбогдох захиалагчийн “шувуутайн хийморь” ХХК-тай байгуулсан ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай гэрээг хүчингүй болгож өгнө үү, захиалагчийн шувуутайн хийморь ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулахыг захиалагчид даалгаж өгнө үү” гэсэн анхны шаардлагаа өөрчилсөн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиалагчийн хууль бус шийдвэрүүд хэрэгжсэн тул нэхэмжлэлээ дараахь байдлаар өөрчилж байна. Үүнд:
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас байгуулсан “Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №2 тэмдэглэлийн “Багц-1-д “Ш х” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэсэн шийдвэр, Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай зөвлөмж, “Гэрээ байгуулах тухай” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/146 дугаартай тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох, Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул гаргуулах, Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай “Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар өөрчилсөн. Нэхэмжлэлийн үндсэн 6 шаардлага байгаа. Үүнд:
1. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас байгуулсан “Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №2 тэмдэглэлийн “Багц-1-д Ш х ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох,
2.Багц-1-д Ш х ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох,
3.Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
4.“Гэрээ байгуулах тухай” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/146 дугаартай тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох,
5.Засаг даргын баталсан 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах.
6.Захиргааны шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул гаргуулах гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл тендерийн гэрээ хэрэгжиж захиалагч тал бараа бүтээгдэхүүнээ хүлээн авсан болох нь үзлэгийн явцад тогтоогдсон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.3-д зааснаар “ акт нэгэнт хэрэгжсэн бол дээрх акт шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж болно гэх энэ заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн. Хариуцагчийн тухайд бол уг нь хуулиар захиалагч нь зөвхөн засаг даргын тамгын газар байхаар заагдсан хэдий ч бодит байдал дээр хэд хэдэн байгууллагыг татан оролцуулаад ажиллагаа нь хийгдсэн тул хариуцагчаар орон нутгийн өмчийн газар болон засаг дарга орох нь зөв гэж үзсэн. Харин шүүхээс хариуцагчаар үнэлгээний хороог татсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч тайлбараа өгсөн. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн шаардлага маань үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой учраас татах нь зөв гэж үзэж бичгээр хүсэлтээ илэрхийлсэн. Ер нь тендерийн үнэлгээний хороо маш хариуцлагагүй ажилласан.Захиалагч хяналт шалгалтыг үнэхээр хайнга хийсэн. Гэхдээ холбогдох албан тушаалтнууд хурдлах юмаа маш хурдтай хийгээд байгаад бас гайхаж байгаа. Захиргааны байгууллагаас учруулсан хохирлын тухайд гэвэл хариуцагч байгууллагаас ихээхэн хамаарах, зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Бидний хувьд мөн гүйцэд гаргасан мөнгөн дүнгүй, нотлох баримтгүй байгаа тул энэ шаардлагаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна. Гэхдээ нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзсан гэсэн үг биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга /О.Б/ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг”тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 сарын 19-ны өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулж...Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг” /2 багцтай/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр цахим хэлбэрээр зарлан шалгаруулж, Үнэлгээний хорооны 2017 оны 7 сарын 19-ны өдрийн дүгнэлт, аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 176 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид үндэслэн уг тендерт оролцогчдод 2017 оны 7 дугаар сарын 26-нд гэрээ байгуулах эрх олгосон болон шалгараагүй талаар баталгаат шуудангаар бичгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдэгдсэн байна.
“Гэрээ байгуулах тухай” аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 сарын 02-ны өдрийн А/146 тоот тушаал гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 сарын 2-ны өдрийн А/146 тоот тушаалыг хүчингүй болгох боломжгүй болохыг тайлбарлаж байна гэжээ.
Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тендерийн шалгуулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Шалгаруулалтын талаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байдаг. Үнэлгээний хороо дүгнэлт гаргаж албан бичгээр зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулах шийдвэр гарч гэрээ байгуулж уг тендерийг зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд буюу нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би тус Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хорооны гишүүд А3 сертификаттай худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн гэж үзнэ. Гэсэн хэдий ч яг энэ тендерийн тухайд гэвэл техник технологийн мэргэжлийн хүн уг хороонд томилогдоогүйгээс бид алдаанд хүрсэн. Учир нь захиалагчийн мyльт kabel 50 channel гэдгийг бол 50 суваг л гэж ойлгосон, 50 метр гэж ойлгож тайлбарласан ч хүн байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч компанийг 28 channel гэсэн байхаар нь бага үзүүлэлттэй тоног төхөөрөмж нийлүүлэх гэж байна гэж ойлгосон. Үнэлгээний хорооны бусад гишүүд ч тэгж ойлгосон. Сүүлд асууж судлахад нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь зөв гэж ойлгосон.
Шүүхээс тендерийн хорооны хурлын бичлэгийг ирүүл гэсэн бидэнд ийм хангамж нөхцөл үнэндээ байхгүй өөрөөр хэлбэл стандарт өрөө тоног төхөөрөмжөөр огт хангагддаггүй манай өрөөнд 2 удаа хуралдсан байдаг. Үнэлгээний хороог 100 хувь буруутгах боломжгүй яагаад гэвэл үнэлгээний хороо эцсийн шийдвэр гаргадаг этгээд биш захиалагч өөрөө хяналтаа хэрэгжүүлээгүй. Мөн үнэлгээний хороо Багц -1 тендерт ирүүлсэн материалыг хянасан ба Шувуутай хийморь ХХК-иас ирүүлсэн дээрх баримтуудад техникийн тодорхойлолт байгаагүй болох нь сүүлд шүүх дээр маргаан ирж шүүхээс баримт шаардахад мэдсэн. Тэгээд компьютерийн сервэр дээрээ дахин шалгаж CD-тэй нийлж ирсэн баримтуудыг шүүж үзэхэд техникийн тодорхойлолт байгаагүй. Бид юуг юутай андуурч байна гэж үзсэн юм бүү мэд. Угаасаа өгсөн бүх баримт нь CD-нд хуулагдсан байгаа CD-г шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнээс өөрөөр шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримт үнэлгээний хороонд байхгүй. Би оны эцсээр тус хорооны материалыг үдэж эмхтгэн архивлах үүрэгтэй. Мөн цахим тендер байсан учраас шүүхэд эх баримт болон хуулбарлаж нотариат хийлгэх боломжгүй учраас сервэрт ирсэн баримтаас татаж нотариатгүйгээр шүүхэд хүргүүлсэн. Цахим санд болон серверт байгаа баримтууд хамгаалалттай гэжээ.
Хариуцагч Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би аймгийн Засаг дарга болон засаг даргын тамгын газрын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэг материалтай бүрэн танилцсан. Хавтаст хэрэгт цугларсан материалаас дүгнэж үзэхэд шүүх анх хүлээн авахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байх ба үүндээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх, нэхэмжлэгчийн эрхзүйн байдлыг тодруулах зэргээр буцаасан захирамж байна. Үүнээс үзэхэд дээрх шаардлагууд хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй нь нэхэмжлэгчийн эрх хэдий ч нэхэмжлэлээс асууж тодруулах зүйл байлаа. Тендерт ирж байгаа компаниуд өөрсдөө ирүүлж байгаа техникийн тодорхойлолтоо захиалагчид ойлгомжтой ирүүлэх шаардлагатай байсан. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг тодруулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Засаг даргын тамгын газрын дарга Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 багц болгон 2017 оны 6 дугаар асрын 19-ны өдөр цахим хэлбэрээр зарлаж, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр нээсэн бөгөөд тус тендерт оролцогч 6 аж ахуйн нэгжид шалгарсан болон шалгараагүй талаарх үндэслэл бүхий мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол шуудан ХХК-ны баталгаат шуудангаар тендерт оролцогчдын албан ёсны хаягаар хүргүүлсэн болно.
Гэрээ байгуулах эрх олгосон болон тендерээс татгалзсан тухай мэдэгдэл гарснаас хойш ажлын 5 хоногийн дараа захиалагч шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шалгарсан оролцогчтой гэрээ байгуулсан. Дээрх 5 хоногийн хугацаанд Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлсэн мэдэгдэл албан бичиг ирээгүй бөгөөд 2017 оны 8 сарын 2-ны өдрийн 16 цаг орчмын үед Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Адъяасүрэнтэй Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Б.Халиун утсаар холбогдож “Электрон техник” ХХК-аас гомдол гаргасан материал ирүүлэх талаар холбогдож хэлсэн байдаг.
2017 оны 8 сарын 3-ны өдөр Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг мэдэгдэл ирсэн. Тус албан бичгийн хариуд мэдэгдэл гарснаас хойш ажлын 5 хоногт гомдол гарсан тухай мэдэгдэл ирээгүй байсан тул 1 дүгээр багцад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулсан хариу албан тоотыг хүргүүлсэн. “Электрон техник” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Иймээс хуулийн дагуу хуулийн хүрээнд энэхүү тендерийн үйл ажиллагааг явуулсан тул холбогдох акт шийдвэрүүд үндэслэлтэй гэж үзэж байна.
Бараа бүтээгдэхүүнийг захиалагч тал хүлээн авсан одоо хэрэглээд явж байгаа. Эдгээр нь чанарын хувьд шаардлага хангасан хэн нэгнээс гомдол санал гаргаагүйгээр хэрэглэгдэж байна.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд мөн хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээний хороонд техник технологийн чиглэлээр мэргэшсэн хүн оруулаагүй нь буруу байсан. Мөн миний бие гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг гаргахдаа үнэлгээний хорооны баримт бичиг болон холбогдох хууль тогтоомжтой танилцаагүй, гарын үсэг зурсан нь үнэн. Би шалгарсан компаний захирал Гантогтохтой гэр бүл тул гэрээнд гарын үсэг зураагүй, Засаг даргад энэ эрхээ шилжүүлсэн. Миний бие анх удаа энэ нэхэмжлэлийн улмаас шүүхэд дуудагдаж шүүх хуралдаанд оролцож байна. Олон зүйлийг ойлгож мэдэж авлаа. Холбогдох албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй байдалтай байгаа нь харагдлаа. Иймд цаашид хариуцлага ярих болно. Би аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2017 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн жинхэлж томилогдсон гэжээ.
4.Хариуцагч Орон нутгийн өмчийн газар /дарга С.У/ шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/75 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар манай газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Адъяасүрэн томилогдон ажилласан бөгөөд тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр нээлттэй зарлаж 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр нээж үнэлгээг хийсэн байдаг.
Үнэлгээний хороо 2017.07.19-ны өдөр дүгнэлтээ гаргаж тус дүгнэлтийг үндэслэн манай газраас 2017.07.21-ний өдөр 176 дугаар албан тоотоор захиалагчид зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газраас тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдэд тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг бичгээр үйлдэн нэгэн зэрэг баталгаат шуудангаар хүргүүлсэн байсан.
Гэрээ байгуулах эрх олгосон болон тендерээс татгалзсан тухай мэдэгдэл гарснаас хойш ажлын 5 хоногт буюу 2017.08.01-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд манай газарт болон захиалагчид гомдол гарсан ямар нэг албан бичиг мэдэгдэл ирээгүй байсан болно.
2017 оны 8 сарын 2-ны өдрийн 16 цаг орчимд мэргэжилтэн Б.Адъяасүрэнтэй Сангийн яамнаас тус тендерт гомдол гарсан талаар утсаар мэдэгдсэн гэх бөгөөд энэ талаар захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Очирбатад гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн талаар мөн мэдэгдэхэд “Шувуутайн хийморь” ХХК-тай гэрээ байгуулчихсан гэсэн тайлбар өгсөн.
2017 оны 8 сарын 2-ны өдөр Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг ирж түүний хариуд 2017.08.03-ны өдөр аймгийн Засаг даргын орлогчоос ажлын 5 хоногийн хугацаанд гомдол гараагүй тул Шувуутайн хийморь ХХК-тай гэрээ байгуулсан тухай хариу мэдэгдэлийг хүргүүлсэн байсан. Орон нутгийн өмчийн газрын хувьд Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн зөвлөмжөө хүргүүлсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Манай байгууллага тендер зарлахад оролцсоноос өөрөөр хуулиар хүлээсэн үүрэггүй байдаг. Иймд анхны нэхэмжлэлээс яагаад манай байгууллага хариуцагчаар оролцож байгаад эргэлзэж байсан. Гэхдээ шүүх хуралдааны явцаас харахад зөвлөмж гаргахдаа тендерийн үнэлгээний хорооны бичиг баримт болон холбогдох хууль тогтоомжийг судалж байж шийдэх байжээ гэдгийг ойлголоо.Зөвлөмж бол эцсийн шийдвэр биш захиалагч хянах үүрэгтэй гэжээ.
5.Хариуцагч Үнэлгээний хороо /дарга Г.С/ шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2014 оны 9 сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журмын 4.3-т заасны дагуу тендерийг нээсэн өдөр хуралдааныг хийж үнэлгээг хийсэн болно.
Үнэлгээний хороо тус тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хянан үзэх үнэлгээ буюу хурлыг зай талбай багатай зориулалтын бус албан өрөөнд Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн өрөөнд гүйцэтгэсэн. Тус тендер шалгаруулалтыг төрлөөр нь 2 багцад багцлан зохион байгуулсан бөгөөд нийт 13 компаний тендерийг хянан үзсэн.
Ш х ХХК-ий ирүүлсэн цахим тендерт нийлүүлэх барааны тодорхойлолтыг байхгүй байна гэхийг шүүхээс барааны тодорхойлолт ирүүлээгүй дутуу юм уу гэж тайлбар шаардсанаас хойш мэдсэн бүүр сүүлд буюу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Адъяасүрэн үнэхээр алга, юу үзсэнээ ямар оролцогчийн материалтай андуурсанаа хүртэл мэдэхгүй байна гэснээр дахин системээс ирүүлсэн материалыг татан үзэхэд байхгүй байсан. Үнэлгээний хорооны хянан үзсэн бүх гишүүд өөр материал нээж андуурсан хайхрамжгүй ажилласан болохоо хүлээн зөвшөөрч байгаа учир нь аймгийн баяр наадмаар уг тоног төхөөрөмжийг ашиглана гэж захиалагчаас тооцож шаардаж байсан. Зарим гишүүдийн ээлжийн амралт таарсан байсан болохоор яарч үнэлсэн мөн энэ талын мэргэшсэн нарийн мэдлэггүйн улмаас техникийн тодорхойлолтыг буруу ойлгож тендерийг үнэлсэнээ гишүүд болоод миний бие хүлээн зөвшөөрсөн.
Гэвч үнэлгээний хорооны шийдвэр дүгнэлт бол эцсийн шийдвэр биш . Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т Захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагаа дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулахаар зохицуулж өгсөн, үнэлгээний хорооны үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журмын 6.2-т “Захиалагч үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг хянан үзээгүй эсвэл хянан үзэхийг хүсээгүй шаардлагад нийцсэн гэж үзээд түүнийг нь баталгаажуулсан. Хэдий үнэлгээний хороо буруу шийдвэр гаргасан боловч эрх бүхий албан тушаалтан хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Гэхдээ үүгээрээ үнэлгээний хороог буруугүй гэж үзээгүй. Гагцхүү эцсийн шийдвэрийг гаргах буюу үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байж гарын үсэг зурах эрх бүхий субьект нь захиалагч буюу Засаг даргын тамгын газар. Үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ гадны нөлөөлөлд автаагүй санаатайгаар буруу үнэлсэн зүйлгүй бөгөөд хорооны дүгнэлт нь хамтын шийдвэр байдаг. Түүнчлэн цахим сангийн баримтыг эхээр нь авах боломжгүй байдаг юм...” гэжээ.
6.Гуравдагч этгээд Ш х ХХК /захирал Б.Г/ шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Баатар овогтой Гантогтох миний бие “Электрон техник” ХХК-ний нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын тамгын газарт хариуцагдах захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй.Иймд хариу тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна” . Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй, хэрэг материалтай танилцахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Э т” ХХК тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан “захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, түүнийг үндэслэн Засаг даргаас баталсан гэрээг хүчингүй болгож зөрчлийг арилган дахин тендер явуулахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа /1хх-1-3, 8-13/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр өөрчилсөн /2-р хх-110/, 133-135/, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай /2хх-149/ гэж бүхэлд нь нэмэгдүүлэн өөрчилжээ.
Нэхэмжлэгч “Э т” ХХК нь:
1. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас байгуулсан “Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №2 тэмдэглэлийн “Багц-1-д “Ш х” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
2.Багц-1-д Ш х ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох,
3.Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
4.“Гэрээ байгуулах тухай” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/146 дугаартай тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох,
5.Засаг даргын батламжилсан 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах.
6.Захиргааны шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул гаргуулах гэж шаардлагаа тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж Сангийн яам хариу өгсөн /хх-31,37, 38-39, 19/ байх тул шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шалгасан.
Шүүхээс хэрэгт цугларсан болон хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
А/ Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны тэмдэглэл/хх-52-53/, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтийн /хх-54/ хууль зүйн үндэслэлийн тухайд:
Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11 тоот “аймгийн 2017 оны төсөв батлах тухай” тогтоолоор /хх-203-209/ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймагт 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтыг 2-р хавсралтаар баталж/хх-219/, уг жагсаалтын 2.6-д зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлгийн техник хэрэгсэл нийлүүлэх ажлын төсвийг баталснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын /цаашид захиалагч гэх/ 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/75 тоот тушаалаар /хх-83/ уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх бүхий үнэлгээний хороог байгуулж тендерийн бичиг баримтыг бэлтгэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах зэрэг хуулиар олгогдсон ажил үүргийг гүйцэтгүүлжээ.
Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1-т заасан үүргийн хүрээнд тендерийн урилга /хх-82,32-33/ бусад баримт бичгийг боловсруулсан байх ба тендерийг 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө ирүүлэхээр, гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй, дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй гэж нийтэд нээлттэй зарласнаар уг тендер шалгаруулалтад оролцохыг хүссэн компаниуд / 7 / материалаа ирүүлжээ/хх-50, 52-53, 1хх-240-251, 2хх-1-25, 2хх-26-66, CD/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8-д зааснаар “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах “.....гэж заажээ.
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т ”үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор
захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг”, 47 дугаар зүйлийн 47.3.1-т “худалдан авах ажиллагааны чиглэлээр эсхүл тухайн бараа ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх“, 47.4-т худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл,..орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэж зааснаас үзэхэд тендерийг сонгон шалгаруулах эрх бүхий ажлын хэсэг болох үнэлгээний хороог дарга гишүүд нийт 5 хүнийг томилж оролцуулсан ба А3 сертификаттай /2хх-113-117/ буюу худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн этгээдүүд гэж оролцуулсан ч тухайн бараа ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн гишүүдийг томилж оролцуулаагүй болох нь хариуцагч Ц.Эрдэнэсүрэнгийн “үнэлгээний хороонд энэ чиглэлээр мэргэшсэн хүн оролцуулаагүй нь буруу болсон”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Адьяасүрэнгийн “үнэлгээний хороонд тухайн тендерийн ажил үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн техник технологийн хүн оролцуулаагүй нь биднийг алдаанд хүргэсэн” гэх, үнэлгээний хорооны дарга Самданцоодолын бичгээр гаргасан тайлбарт “энэ чиглэлээр мэргэшсэн нарийн мэдлэггүйн улмаас техникийн тодорхойлолтыг буруу үнэлсэн” гэх /2хх-232/ зэрэг тайлбар болон үнэлгээний хороог томилсон шийдвэр /хх- 83/, дарга С олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй/хх-176/, Б.А эрх зүйч, Т.Т физикч /хх-163-164/, Шинэбаяр багш/хх-165-166/ зэргээр тус тус тогтоогдож байна. Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэрийг /2хх-226-231/ үндэслэн иргэн Т.Т, Ш нарыг үнэлгээний хороонд томилсон хэдий ч тус хорооны хуралдаанд зөвхөн нэг иргэний төлөөллийг оролцуулж хийсэн нь /хх- 48-49, 52-53/ хуульд заасан төлөөллийг хангасан гэж үзэх боломжгүй.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “тендер нээх үед оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх зэрэг холбогдох мэдээллийг зарлаж тэмдэглэл үйлдэнэ”, 26 дугаар зүйлийн 26,7-д” тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ.........үнэлгээ хийхэд тооцохгүй” гэж заасан ба Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэлээс /хх-52-53/ үзэхэд уг тендерт оролцогчид болох компаниудын тендерийн үнэ, тендерийн баталгаа зэрэг холбогдох мэдээллийг бүрэн гүйцэд тусгаагүйгээс гадна нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд тусгагдаагүй тендерийн үнэ бүхий “Ш х” ХХК-г шалгаруулсан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.
Түүнчлэн үнэлгээний хороо ямар нотлох баримтыг үнэлж, ямар үндэслэлээр дээрх шийдвэрт хүрсэн нь мөн тэмдэглэлд тусгагдаагүй тодруулбал уг тэмдэглэлд тендерүүдийг хянаж үзлээ. “Арвин титэм” ХХК шүүхийн тодорхойлолт, санхүүгийн аудитын дүгнэлтгүй тул татгалзаж байна, Электрон техник” ХХК-ий ирүүлсэн тендерт санал болгож буй “мульт кабел 28ch санал болгосон мульт кабел 50ch гэж өгсөн тодорхойлолттой нийцэхгүй тул татгалзаж байна, “Саннилайф” ХХК-ний бараа нийлүүлэх хугацаа захиалагчийн хуваарьт нийцэхгүй тул татгалзаж байна, “Буурал сутай” ХХК-ний санал болгож буй тоног төхөөрөмж захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй тул татгалзаж байна, “Глобал смарт солюшн” ХХК, “Хараат богд” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн саналтай тул татгалзаж байна, Багц 1-д “Шувуутай хийморь” ХХК-ий тендер шаардлагад нийцэж байна гэж тэмдэглэснээр дээрх зөрчил тогтоогдож байна.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянах ба тендерт оролцогч тус бүрээс энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах, 27 дугаар зүйлийн 27.3-т “энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх”, 28 дугаар зүйлийн 28.14-т “тендерийн үнэлгээ”-г, 8 дугаар зүйлийн 8.7.3-т “багц тус бүрт үнэлгээ хийх” зэрэг талаар тус тус хуульчилжээ.
Үнэлгээний хороонд нэхэмжлэгч /1хх-240-250, 2хх-1-25/ гуравдагч этгээдээс /2хх-26-66, CD/ болон бусад оролцогчоос /CD/ ирүүлсэн тендерийн баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд “Шувуутай хийморь” ХХК нь тендерийн баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлээгүй болох нь тогтоогдож байгаагаас гадна хариуцагч үнэлгээний хороо “Шувуутайн хийморь” ХХК-ий ирүүлсэн цахим тендерт нийлүүлэх барааны тодорхойлолтыг байхгүй байна гэхийг шүүхээс барааны тодорхойлолт ирүүлээгүй дутуу юм уу гэж тайлбар шаардсанаас хойш мэдсэн бүүр сүүлд буюу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Адъяасүрэн үнэхээр алга, юу үзсэнээ ямар оролцогчийн материалтай андуурсанаа хүртэл мэдэхгүй байна гэснээр дахин системээс ирүүлсэн материалыг татан үзэхэд байхгүй байсан. Үнэлгээний хорооны хянан үзсэн бүх гишүүд өөр материал нээж андуурсан хайхрамжгүй ажилласан болохоо хүлээн зөвшөөрч байгаа учир нь аймгийн баяр наадмаар уг тоног төхөөрөмжийг ашиглана гэж захиалагчаас тооцож шаардаж байсан. Зарим гишүүдийн ээлжийн амралт таарсан байсан болохоор яарч үнэлсэн мөн энэ талын мэргэшсэн нарийн мэдлэггүйн улмаас техникийн тодорхойлолтыг буруу ойлгож тендерийг үнэлсэнээ гишүүд болоод миний бие хүлээн зөвшөөрсөн. Хэдий үнэлгээний хороо буруу шийдвэр гаргасан боловч эрх бүхий албан тушаалтан хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Гэхдээ үүгээрээ үнэлгээний хороог буруугүй гэж үзээгүй. Гагцхүү эцсийн шийдвэрийг гаргах буюу үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байж гарын үсэг зурах эрх бүхий субьект нь захиалагч буюу Засаг даргын тамгын газар. Үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ гадны нөлөөлөлд автаагүй санаатайгаар буруу үнэлсэн зүйлгүй гэж хариу тайлбар гаргаснаар мөн нотлогдож байна./2хх-232/
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан ба тендерт оролцогчдоос ирүүлсэн материалаас үнийг судалж үзэхэд нэхэмжлэгч “Электрон техник” ХХК /1хх-244, 1хх- 244-ийн ард/ 47.165.500 төгрөгийн үнийн саналыг, гуравдагч этгээд “Шувуутай хийморь “ХХК /2хх-26, 27/ үнийн санал өгсөн өөр баримтгүй/ 51.564.900 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн гэж үзэж “Шувуутай хийморь” ХХК-г шалгаруулсан нь хуульд нийцэхгүй байна.
Үнэлгээний хорооны 2 удаагийн тэмдэглэлээс 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэл, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл ирүүлснээр маргаан бүхий акт болох ба хэдийгээр үнэлгээний хорооны шийдвэр эцсийн биш ч хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн, дээрх актуудын улмаас үр дагавар учруулсан, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэх хуулийг хэрэглэсэн зэргээс үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлт зэрэг шийдвэр нь захиргааны акт мөн болно.
Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “оролцогчдын шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, 3 дугаар зүйлийн 3.1-т ”төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 6 дугаар зүйлийн 6.1-т худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” зэрэг хуулиар хүлээсэн үүргийг бүрэн гүйцэд, зөв хэрэгжүүлж чадаагүй байна.
Иймээс тус үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 2-р дугаартай тэмдэглэлийн багц -1-д холбогдох шийдвэр, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн “гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тендерт шударгаар оролцох, өрсөлдөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Б/ Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн /1хх-84/ хууль зүйн үндэслэлийн тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “аймаг нийслэл дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжтэй байна” гэж заасныг үндэслэн тус аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар уг тендерийг зохион байгуулах, зарлах зэрэг үйл ажиллагаанд оролцож холбогдох шийдвэрийг гаргажээ.
Уг зөвлөмжид Тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр 2 багцтай зарлаж, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авахад Багц 1 гэрэлтүүлэг аудио хөгжимд “Глобал смарт солюшн” ХХК, “Буурал сутай” ХХК, “Саннилайф ХХК, “Хараат богд” ХХК, “Шувуутай хийморь” ХХК, “Арвин титэм” ХХК, “Электрон техник” ХХК-иуд тендер ирүүлсэн бөгөөд багц 1 буюу гэрэлтүүлэг аудио хөгжимд хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Шувуутай хийморь” ХХК 51.564.900 төгрөгөөр тус тус гэрээ байгуулах эрх олгохоор үнэлгээний хорооны дүгнэлт гарсан байна. Иймд үнэлгээний хорооны дүгнэлт, хурлын тэмдэглэл, үнэлгээний тайлан зэргийг үндэслэн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 2 багц тендерт “Шувуутай хийморь” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлж байна. Тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 2-ны дотор тендерт шалгарсан компанитай гэрээ байгуул гэж заажээ.
Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулна” гэж хуулиар тогтоож өгсөн хугацааг харгалзалгүйгээр 8 дугаар сарын 2-ны өдөр гэрээг байгуул гэж зөвлөмжилсөн нь хууль зөрчсөнөөс гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т ”төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 27 дугаар зүйлд зааснаар тендер нээсний дараа тендерийг хянах тухай зэрэг ажиллагааг хэрэгжүүлээгүй, хэлбрийн төдий хандаж оролцсон болох нь тус газрын дарга С.Ууганбаярын “тендерийн баримт бичгийг судлаагүй, манай байгууллагад хянах үүрэг хуулиар байхгүй” гэх тайлбар, үнэлгээний хорооны дарга Самданцоодолын “хянах эрх бүхий этгээдүүд хяналтаа санаатай болон санамсаргүйгээр хэрэгжүүлээгүйгээс үнэлгээний хороо хариуцлага хүлээх учиргүй” гэх тайлбар зэргээр дээрх зөвлөмжийг буруутгах үндэслэл болно.
Иймээс үндэслэл болгож буй үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлтийг хянаж шалгалгүйгээр хууль зүйн үндэслэлгүй зөвлөмж гаргасан болох нь тогтоогдож байх ба энэхүү зөвлөмж нь нэхэмжлэгчийн тендерт шударгаар оролцох өрсөлдөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд Орон нутгийн өмчийн газраас захиалагчийн техникийн тодорхойлолтод шинжээч томилж уг шаардлагыг тодруулсны дараа шийдэх нь зүйтэй гэж тайлбарладаг ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 ,11 дугаар зүйлийн 11.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, Тендерт оролцогчдод өгөх зааврын 30 дугаар зүйлийн 30.1, 19 дүгээр зүйлийн 19.1-т /1хх-100-137/-д тус тус зааснаар тендерийн бичиг баримтыг буюу техникийн тодорхойлолтыг тодруулах шалгах ажиллагаа нь бичгээр, тендер нээхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс өмнө бэлэн болгосон байхаар нарийвчилсан зохицуулалттай ажиллагаа юм.
В/ Захиалагчийн буюу Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.2.2-т ”аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газар нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна гэж заажээ.
1.Захиалагчийг Засаг даргын Тамгын газрын дарга төлөөлөх бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Чулуунбат 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж /1хх-69/, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Ц.Эрдэнэсүрэнг Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр хавсран ажиллуулснаар /1хх-71/ 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус багц 1 тендерт шалгаруулсан компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг гаргасан /1хх-81/ уг албан тушаалд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр жинхэлж томилогдсон ба нэхэмжлэгчээс захиалагчийн дээрх гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
2.Захиалагч нь гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг гаргахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, 14 дүгээр зүйлийн 14.1.5 заасан ажиллагааг хэрэгжүүлэх зэргийг шат бүрт зохих ёсоор хийсэн эсэхийг хянаж шалгах үүрэгтэйг хуульчилсан ба захиалагчийг төлөөлж буй Ц.Эрдэнэсүрэнгийн ”орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Очирбат уг шийдвэрийн төслийг барьж орж ирсэн би гарын үсэг зурсан, надад холбогдох хууль болон тендерийн баримт бичгийг судлах, хянах боломж байгаагүй гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, тендерийн үнэлгээний хорооны дарга Самданцоодолын “үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагч хянаж ажлын 3 хоногийн дотор заавар зөвлөгөө өгч засах хянах үүрэгтэй“ гэх, Орон нутгийн өмчийн газрын дарга С.Ууганбаярын “захиалагчийн саналаар үнэлгээний хороо байгуулагдаж ажилладаг, манай байгууллагад тендерийн ажиллагааг хянах үүрэг хуулиар байхгүй, захиалагчид өөрт нь байдаг” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Адьяасүрэнгийн “үнэлгээний хороо бол эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш тиймээс 100 хувь үнэлгээний хороог буруутгах боломжгүй юм“ гэх тайлбарууд болон тендерийн бусад баримт бичгээс дүгнэж үзэхэд захиалагч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
3. Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг/2017.08.02ны А/146/ гаргамагц энэ тухай шалгарсан этгээдэд болон бусад оролцогчдод шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ“ гэх ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь Ц.Эрдэнэсүрэнгийн “энэ өдөр өөр шийдвэр гаргаагүй” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг сангийн яамнаас олж авсан надад албан ёсоор мэдэгдээгүй, өөр шийдвэр өгөөгүй” гэх тайлбаруудаар тус тус нотлогдоно. Мөн Сангийн яамнаас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг тендерийг түдгэлзүүлэх талаар мэдэгдэж албан бичиг ирүүлснийг захиалагч 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан болох нь /2хх-86, 87, 89/ баримтаар, үнэлгээний хороо, орон нутгийн өмчийн газар зэрэг нь мөн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр мэдсэнээ бичгээр ирүүлсэн тайлбартаа /хх-89, 1хх-84/ тус тус заажээ.
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа албан хаагч дараахь үүрэг хүлээнэ” ......, 50.1.4-т ”тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн ...... зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр шалгаруулалтын ажиллагаанд оролцсон нь гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээр /1хх-81/, Ц.Эрдэнэсүрэн, Б.Гантогтох нар гэр бүлийн гишүүн болох нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар/1хх-168/ тус тус тогтоогддог. Мөн гэр бүл учраас гэрээнд гарын үсэг зураагүй эрхээ засаг даргад шилжүүлсэн гэж тайлбарладаг ба засаг даргын тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаалтан, Засаг дарга улс төрийн албан тушаалтан байх тул эрх шилжүүлэх этгээдүүд гэж үзэх боломжгүй.
Захиалагчийн техникийн тодорхойлолт дахь мульт кабел XSPRO-24*4chanel 50 гэх шалгуурыг /1хх-106/ тогтоохоос өмнөх ажиллагаа буюу “Шувуутай хийморь” ХХК-иас үнэлгээний хороонд ирүүлвэл зохих тендерийн баримт бичиг болох /ТОӨЗ- 19 дүгээр зүйлийн 19.1, хуулийн 14-16/ техникийн тодорхойлолт, барааны жагсаалт зэрэг гол баримтуудыг ирүүлээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүх энэхүү үзүүлэлт рүү нарийвчлан орж дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймээс үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлт, орон нутгийн өмчийн газрын зөвлөмж зэрэг акт шийдвэрийг хянаж үзэхгүйгээр гэрээ байгуулах эрх олгосон нь дээрх маргаан бүхий актыг хууль бус байсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэхээс гадна энэхүү актаар нэхэмжлэгчийн тендерт оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг зөрчжээ гэж дүгнэлээ.
Г/ ДУОНӨГ/2017/00016/01 Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээний хууль зүйн үндэслэлийн тухайд/1хх-79-80/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэх заалтыг зөрчиж гэрээг байгуулах эрх олгосон өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан болох нь гэрээ болон эрх олгох тухай шийдвэрээр нотлогдоно. Мөн тендер хүчинтэй байх хугацааг буруу тооцсон байна.
Гэрээний /хх-79/ 5 дугаар зүйлийн 5.2-т бусад шаардлагатай баримт бичиг, 5.3-т “техникийн тодорхойлолт“ нь энэ гэрээний баримт бичиг болно гэж заасан ба “Шувуутай хийморь” ХХК-иас барааны техникийн тодорхойлолтгүй, жагсаалтгүй зэргээс үзэхэд дээрх нөхцөл үгүйсгэгдэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 “захиргааны гэрээ” хэлбэртэй байх, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “захиргааны гэрээг байгуулж болно” гэж зааснаас үзэхэд уг тендерийн гэрээг нэг талаас захиргааны байгууллага буюу Засаг дарга, Засаг даргын тамгын газар байгуулж захиргааны чиг үүргийн хүрээнд оролцсон, нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэх хуулийг хэрэглэсэн, нэг удаагийн буюу тухайн тендерийг зохицуулсан шинжтэй зэргээс дүгнэж захиргааны гэрээ мөн гэж үзсэн.
Уг гэрээ нь гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх гэрээ нэртэй ч гэрээний нэр ямар байхаас үл хамааран уг гэрээний зорилгоос буюу бараа ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухай хуульд нийцүүлэн худалдан авах ажиллагааны эцсийн үр дагавар гэж үзэх нь зүйтэй. Иймээс дээрх гэрээ нь үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлт, орон нутгийн өмчийн газрын зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон зэрэг шийдвэрт/ захиргааны актад/ үндэслэгдсэн байх тул захиргааны хэргийн шүүх захиргааны акттай хамтатган шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалах шүүхийн зорилгод нийцнэ гэж дүгнэн, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д/ Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ихээхэн хохирол учирч, энэ бүгдийг бид тухай бүрт баримт бүрдүүлээд явж байна яг өнөөдрийн байдлаар мөнгөн дүнг тооцох боломжгүй байна. Учир нь хариуцагч тал хохирлыг хэрхэн тооцох үнэлэх талаар саналаа илэрхийлээгүй байгаа нь бидний энэ шаардлага шүүхээс хангагдах боломжийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагууд шат шатандаа шийдээд хэрэгжүүлсэн ажиллагаанаас үүсэх хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Бараа нийлүүлэх гэрээ, гэрээний гүйцэтгэл зэрэг нь маш хурдан хугацаанд хэрэгжсэн байгааг харахад энэ тендерт ямар нэгэн нөлөө байгаа юм шиг гэхдээ үнэлгээний хорооны дарга нөлөөлөлгүй гэж тайлбарласныг бас анхаарах нь зүйтэй. Энэ асуудал удаашрах тусам л нэхэмжлэгчид учирсан хохирол нэмэгдэх ба энэ хүмүүс биш төр цаашлаад орон нутгийн төсөв л хохирох юм. Үүнийг эдгээр албан тушаалтнууд сайн анхаарахгүй байгаа нь харамсалтай гэхдээ холбогдох байгууллагад нэхэмжлэх эрх бас үүснээ. Иймд энэ удаагийн шүүх хуралдаанаар хангах боломжгүй гэж шүүх үзвэл иргэний хэргийн шүүхэд хандах болно гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбраас дүгнэхэд хохирлыг бодит дүнгээр нэхэмжлээгүй, холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, аль хариуцагчид ямар хэмжээгээр ногдуулж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл аль актаас үүссэн гэж үзсэн зэрэг нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч энэ шаардлагаа тодруулж холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх эрх нь нээлттэй юм.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа өөрчилж, нэгэнт уг тендер хэрэгжиж гэрээ биелэгдсэн байх тул хүчингүй болгуулах шаардлага гарах үндэслэл арилсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар “акт зэрэг нь биелэгдсэн бол хүчингүй болгох шаардлагыг өөрчилж хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж болохоор заагдсан байх ба энэ хүрээнд захиргааны актууд болон түүнд үндэслэсэн тендерийн гэрээ биелэгдсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн нь хуульд нийцнэ. Дээрх маргаан бүхий акт гэрээ хэрэгжсэн болох нь үзлэгийн тэмдэглэл/2хх-140-143/ болон хүлээн авсан актаар /1хх-75-78/ тус тус нотлогддог.
Мөн тендерийн гэрээг Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 106 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хүрээнд хязгаарлагдах боломжгүй юм.
Шүүх 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дүгээр захирамжаар /1хх-62-64/ уг хэрэгт тендерт оролцож шалгарсан “Шувуутай хийморь” ХХК компанийг /захирал Гантогтох/ гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж нэхэмжлэлийн хувь гардуулж холбогдох ажиллагааг гүйцэтгэсэн/1хх-62-64,150/ хийгээд гуравдагч этгээдээс хэрэг материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтээ бичгээр /2хх-106,169/ ирүүлсэн болно.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлага бүрээр тогтоож өгснөөс гадна шүүх хариуцагчаар үнэлгээний хороог татан оролцуулсан нь /2хх-214-216,230/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай /2хх-149-110,шүүх хуралдааны тэмдэглэлээс/ холбогдсон хийгээд үүнээс өмнө үнэлгээний хорооны дарга Самданцоодолыг шүүх гэрчээр /хх-176-177/ асуусан байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилснөөс хойш хариуцагчаар татан оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих үндэслэл болохгүй.Мөн нэхэмжлэгчээс 2 удаа асууж авсан тайлбар /2хх-76-77,212-213/ болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
Уг хэрэг хэд хэдэн хариуцагчтай байх ба нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх бөгөөд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2.2-т зааснаар захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газар байх тул улсын тэмдэгтийн хураамжийг захиалагчаас гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж Сангийн яам хариу өгсөн /2хх-86/ ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасныг зөрчсөн гэж үзэх, улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч компаний захирал түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул тэднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2.2, 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 53 дугаар зүйлийн 53.2, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороо, Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэлийн “багц-1-д “Ш хь” ХХК-ий тендер хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер , шаардлагад нийцэж байна” гэх шийдвэр, мөн хорооны Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот “зөвлөмж хүргүүлэх тухай” орон нутгийн өмчийн газрын зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 146 тоот тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, захиргааны байгууллагаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн 52-р зүйлийн 52.1, 52.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1,42.1.2, 42.1.3-т заасныг баримтлан аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын баталсан ДУОНӨГ/ 2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хот “Э т” ХХК /захирал Ч.Б/-д олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ.