Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0032/З |
Дугаар | 221/МА2021/0156 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0156
2021 оны 03 сарын 25 өдөр Дугаар 221/МА2021/0156 Улаанбаатар хот
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 356 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь заавал мэдэгдэл хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлөхөөр зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг мэдэгдэл хүлээн аваагүй нь төрийн захиргааны байгууллагын хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
“Х” ХХК-ийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Баян нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-014767 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор нөөцөд авсан газартай, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8/6 дугаар тогтоолоор авсан орон нутгийн тусгай газартай тус тус хэсэгчлэн давхцалтай байгааг анхан шатны шүүхээс дүгнэж үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 356 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэр бүхий аж ахуйн нэгжийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Өмнөговь аймгийн Номгон сумын Баян нэртэй талбайн ХV-014767 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл багтсан байна.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “...төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу мэдэгдээгүй ... шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгоогүй ...” гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсноос хамаарч шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан үзэж, шийдвэрлэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх “...захиргааны байгууллага, албан тушаалтан мэдэгдэл хүргэгдсэнийг шалган тогтоогоогүй, цуцлах шийдвэр гаргахдаа анхаараагүй ... тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг олж тогтоож, ... шийдвэр гаргах бүрэн эрхийг маргаан бүхий тохиолдолд хэрэгжүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 356 дугаар шийдвэрийг илт хууль бусд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцэхгүй байна.
Учир нь захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд хуульд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэлд тухайн акт нь эрх зүйн илэрхий алдаатай, засах боломжгүй байхыг ойлгодог. Тодруулбал, маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй байхад цуцалсан бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэх юм.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулж байгаа эсэхийг л шалгаж, шийдвэрлэх байтал мэдэгдэл хүргүүлснээр /мэдэгдэл хүлээн авснаар/ тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг үүсэх мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл хүлээн аваагүй бол төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий зохицуулалт биш юм.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-014767 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн /2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө урьдчилж төлөх ёстой, энэ хугацаанд төлөөгүй бол 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор/ төлбөрийг алдангийн хамт төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, энэ талаар талууд маргаагүй.
Харин тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгаанаа хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлээгүйтэй холбон тайлбарлах боловч хэрэгт авагдсан өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт[1], “Баянбогд” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/14 дугаар албан бичиг[2]“, Монгол шуудан” ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/08 дугаар албан бичиг[3], болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагч захиргааны байгууллагад бүртгэлтэй албан ёсны хаяг өөрчлөгдсөн байх боловч энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдээгүй нь тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч хуулийн этгээд нь албан ёсоор хаягийн өөрчлөлтөө хариуцагчид мэдэгдэж, холбогдох бүртгэлээ өөрчлүүлээгүй байх тул мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй “...бодит байдлыг тогтоогоогүй шийдвэр гаргасан, оролцогчийн эрхийг хангаагүй, сонсох ажиллагаагүй явуулаагүй” гэх үндэслэл нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.
Нэгэнт нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн байх тул нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ХV-014767 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 356 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН