Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0755/з |
Дугаар | 197 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 197
С.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр магадлалтай, С.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч С.Лувсансамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Лувсансамбуу би Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 1994 оноос 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хорин нэгэн жил ажилласан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтыг баримталсан байсан ба энэ нь албан тушаал бууруулах заалт боловч чөлөөлсөн тушаал гаргасан байна. Хууль буруу хэрэглэсэн байдаг. Энэ талаар хариуцагчаас шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй, харин албан тушаал бууруулсан гэдэг тайлбарыг нэмэлтээр гаргасан байна. Ажил, албан тушаал бууруулах байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга тушаалаа зөв гаргах шаардлагатай.
Тус тушаалаас үзэхэд ажил, албан тушаал бууруулаагүй нь харагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх бөгөөд 2013 оны байдлаар 92 хувьтай, 2014 онд 89 оноогоор гэрээний үүргийн биелэлт дүгнэгджээ.
Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээ үнэлэх журмын 13.1-д 90-100 оноо буюу “А”-маш сайн, 13.2-т нь 80-89 оноо буюу “В”-сайн гэсэн үнэлгээ байдаг. Ийм үнэлгээ байхад үүнийг баримтлалгүйгээр зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь учир дутагдалтай байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаал нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх” гэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасан захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдэж байна. Учир нь тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах үндэслэлтэй байна.
Миний бие олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж, байгууллага маань системийн хэмжээнд эхний таван байранд удаа дараа шалгарч байсан юм.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд С.Лувсансамбуу намайг ажлаас илт үндэслэлгүй чөлөөлсөн хууль бус тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Лувсансамбууг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон.
Нэхэмжлэгч С.Лувсансамбууг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан. С.Лувсансамбууг албан тушаал бууруулах болсон үндэслэл нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны Сангийн нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 79.51 хувьтай байсантай холбоотой.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөл С.Лувсансамбуугийн өргөдлийг авч хянаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/90 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны Б/90 тоот тушаалаар С.Лувсансамбууг ажлаас халаагүй бөгөөд ажил, албан тушаал бууруулсан. Түүнчлэн С.Лувсансамбуутай Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн н.Цэрэннадмид удаа дараа утсаар ярьж, Ерөнхий газрын удирдлагатай ирж уулзахыг хэлж ярьж байсан, сүүлдээ утсаа авахаа байсан. Мөн хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуулийн зөвлөх С.Мяндасмаа утсаар залгаж ярихад та нартай очиж уулзах асуудал, шаардлага байхгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл С.Лувсансамбуу нь нэг ч удаа ирж уулзаагүй байж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр С.Лувсансамбууг ирж уулзвал ажил санал болгох гэтэл өөрөө ирэхгүй байгаа нь өөрийнх нь эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн нэхэмжлэлийн агуулга ч Төрийн албанаас чөлөөлөгдсөн гэсэн агуулгаар бичигдсэн байна. Энэ нь нэхэмжлэгч С.Лувсансамбуу өөрөө ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгоод ирж уулздаггүй, мөн өдий хүртэл ажилгүй байгаа нь өөрөөс нь шалтгаалсан юм.
Иймээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй бөгөөд ирж уулзаж, тодорхой ажил эрхлэх бүрэн боломжтой гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “С.Лувсансамбууг ажлаас чөлөөлөх тухай” Б/90 дугаар тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 /арван нэгэн сая дөрвөн мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг С.Лувсансамбууд олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “С.Лувсансамбууг ажлаас чөлөөлөх тухай” Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... 1. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан” гэж шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй гэж үзнэ.
2. Давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ магадлалын ТОГТООХ хэсгийн 1-д “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Лувсансамбууг ажлаас чөлөөлөх тухай” Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөөд, мөн л Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж засвар оруулсан.
3. Давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийг баримтлан магадлал гаргасан боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн 2014 оны сангийн нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 79,51 хувьтай байгаа нь улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах” гэсэн заалтыг зөрчиж үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тухай нотлох баримтыг шаардлага ханган ирүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд авч үзээгүйд гомдолтой байна.
5. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Лувсансамбууг ажлаас чөлөөлөх тухай” Б/90 дүгээр тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж үзсэн боловч түүнийгээ хууль зүйн үндэслэлтэй нотолж чадаагүй байна.
6. Нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийг хангалттай нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэсгүй бөгөөд зөвхөн үр дүнгийн гэрээгээр хязгаарлаж, Нийгмийн даатгалын байгууллагын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийг хянаж дүгнээгүй, холбогдох материалыг цуглуулаагүй, оны эхний өр авлага буурсан эсэх, бусад авлага болон удирдах дээд байгууллагын, аудитын, хяналт шалгалтын байгууллагын санхүүгийн шалгалтаар илэрсэн урьд онуудын шийдвэрлэгдээгүй төлбөр зөрчлийг хэрхэн арилгасан тухайд ямар ч нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд Төрийн албаны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөнийг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0204 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “С.Лувсамбууг ажлаас чөлөөлөх тухай” Б/90 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэн Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Лувсансамбууг “2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн, С.Лувсансамбуу нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...албан тушаал бууруулах заалт баримтлан намайг чөлөөлсөн тушаал гаргасан, ... 2013, 2014 оны үр дүнгийн гэрээгээр ... маш сайн, ... сайн үнэлгээтэй дүгнэгдсэн байхад үүнийг баримтлалгүйгээр зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн ... гэсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны ... орлогын төлөвлөгөөний биелэлт 79.51 хувьтай байсан нь ... захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл болсон, ... үүрэгт ажлаас нь халаагүй, ... ажил санал болгох гэтэл ... ирж уулзаагүй” гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн /төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох/-оор мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж тус тус заасан, эдгээр нь төрийн жинхэнэ албан хаагч “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” нь үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтоогдсон нөхцөлд уг албан хаагчийн “албан тушаалыг бууруулах” эрх зүйн боломжийг эрх бүхий этгээдэд олгосон зохицуулалт юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Лувсансамбуу нарын хооронд байгуулсан 2014 оны Үр дүнгийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дүгнэж, С.Лувсансамбуугийн 2014 оны Үр дүнгийн гэрээний биелэлтэд нийт 89.99 оноо буюу “сайн” үнэлгээ өгч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга баталгаажуулсан байна.
Иймд, нэхэмжлэгч С.Лувсансамбууг 2014 онд “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.З-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.5-д “гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ... төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болох”-оор, мөн журмын 3.1.1, 3.1.2-т уг гэрээний агуулга нь “...байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тухайн төрийн жинхэнэ албан хаагч хэрэгжүүлэхээр тусгагдсан ажил, үйлчилгээ, ... албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан ажил, үйлчилгээ... /зэргээс бүрдэх/”-ээр тус тус заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зөвхөн үр дүнгийн гэрээний /оноог/ үндэслэж дүгнэлт хийсэн нь буруу, ... орлогын төлөвлөгөөний биелэлт /хангалтгүй/ үзүүлэлттэй байгаа ... талаар нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхээс Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны орлогын төлөвлөгөөний биелэлт хангалттай байсан гэж дүгнээгүй, харин хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд “сайн” үнэлгээ өгч баталгаажуулсан атлаа “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр “ажлаас чөлөөлсөн” нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хууль болон дээрх журмын заалтуудтай нийцжээ.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг “үүрэгт ажлаас чөлөөлөх” эрх хэмжээг эрх бүхий этгээдэд олгоогүй байхад маргаан бүхий захиргааны актаар уг хуулийн заалтыг баримталж нэхэмжлэгч С.Лувсансамбууг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, энэ талаар шүүхүүд мөн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал бууруулах” ойлголт нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж буй ажил, албан тушаалыг төрийн албаны ангилал, зэрэглэл бууруулан өөр ажил, албан тушаалд томилох зохицуулалт болохоос “өөр ажил, албан тушаалд томилохын тулд” ажлаас чөлөөлөх зохицуулалт биш, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга маргаан бүхий 2015 оны Б/90 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн албан тушаалыг бууруулан өөр ажил, албан тушаалд томилоогүй, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй, “мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг Тамгын газарт үүрэг болгосон, ... ажил санал болгох боломжтой” гэх хариуцагчийн тайлбар нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Мөн, нэхэмжлэгч “...урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх “... урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг /хариуцагчид/ даалгасан” нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА