Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 194

 

О.Мөнхсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаар магадлалтай, О.Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201614000003 дугаартай хэргийг шүүгдэгч О.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Амар овогт Отгонбаярын Мөнхсайхан нь Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан “Гүтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Мөнхсайханыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илтэд худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн эд мөрийн баримт 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Р.Пүрэвлхам нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Мөнхсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсныг зөвтгөхийн оронд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. О.Мөнхсайхан намайг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “илтэд худал гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэж үзсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үнэхээр ийм үйл баримт байсан талаарх мэдээлэл өгсөн эх сурвалж нь тодорхой, энэ талаараа гэрч, хохирогч нар хэн аль нь мэдүүлсэн байхад 2 шатны шүүх анхаарч үзэлгүй таамаглалд тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ бусдын яриаг нууц аргаар өөрийн гар утсаар бичиж, мэргэжлийн хүнээр зориудаар засварлуулж олон нийтийн цахим сүлжээнд санаатай байршуулсан гэх дүгнэлт нь хэтэрхий өрөөсгөл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр “... Зундуйжамцын бичиг баримтыг биедээ авч явсан эсэх асуудлыг шалгаагүй, Баянжаргалтай холбоотой 20.000 төгрөгийн асуудлыг шалгаагүй гэдгийг дурьдаж шалгуулах талаар хэлсэн боловч анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Согтуугаар үйлдвэрийн обьект руу орох гэж байхад үнэмлэхийг хураасан үйлдэл болсон эсэх, ямар арга хэмжээ авсан, яагаад бичиг баримт нь өөрийнх нь гар дээр байсан, ийнхүү гаргасан зөрчлийг тэмдэглэсэн эсэхийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үнэхээр ийм үйл баримт байсан нь нотлогдвол бусдын нэр төр алдар хүндийг гутаах зорилготойгоор гүтгэсэн гэх үндэслэл үгүйсгэгдэнэ. Хавтаст хэрэгт авагдсан дуу бичлэгийг албан ёсоор шинжээч томилон засварлуулсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд гэрч Нарантуяагийн яриаг засварлуулсан эсэхийг шалган тогтоох ёстой байсан. Гэтэл гэрч нь өөрийн ярьсан яриаг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг болсон гэх цаг хугацааны талаар худал мэдүүлэг өгснийг нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй байхад шүүх шийдвэр гаргасныг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Нарантуяагийн мэдүүлэг, хэрэгт авагдсан ярианы бичлэгтэй зөрж байгаа шалтгааныг тайлбарлая. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байранд согтуугаар орсон үйлдэл нь удирдлагуудад мэдээлэгдэх юм бол амьжиргааны их үүсвэрээсээ салах буюу ажлаасаа халагддаг. Зундуйжамцад ажлаасаа халагдана гэсэн айдас байсан учир Нарантуяа мэдүүлгээ өөрчилсөн. Мэдүүлгээ өөрчилсөн шалтгаан нь хэрэгтэй холбоотой. Нарантуяа үнэмлэхээ хураалгасан өдрөө Баянжаргал гэх цагдаагаас үнэмлэхээ буцаагаад авсан гэдэг. Гэтэл бичлэг хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа хийгдсэн гэдэг нь Нарантуяагийн “тэр залуутай хоолонд орох гэхээр боломж болохгүй байна. Цалин буухаар орох гээд чадсангүй” гэсэн яриагаар нотлогдож байна. Гэрчийн худал мэдүүлгийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хангалттай нотлох баримт цуглаагүй, хэрэг нотлогдож, тогтоогдоогүй тул О.Мөнхсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу баасан гарагийн 21 цагт гэрч Зундуйжамц тухайн албан байгууллага руу орсон. 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу даваа гарагт бичиг баримтаа авахаар хөөцөлдсөн гэдэг. Та согтуу байна таныг оруулахгүй гэж хэлэх боломж байсан. Хэн нэгэнд мөнгө өгөх шалтгаан байхгүй болж байгаа юм. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэргийн үйл баримтыг харахаар миний үйлчлүүлэгч О.Мөнхсайхан нь гэм буруутай мэт харагдах хэдий ч тухайн хүний согтуурлын зэргийг шалгасан баримт хэрэгт авагдсан байх ёстой. Согтуурлын зэрэг тогтоосон баримтаараа хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тогтоогдох байсан. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үйл баримт үнэн бодитой байсан бол энэ зүйл ангиар зүйлчлэх үндэслэл байхгүй. Хэргийн үйл баримт бодитой бөгөөд энэ асуудал шийдэгдсэн. Дуу бичлэг сайтад тавигдсан, хохирогчийн нэр төрийг гутаах зорилго байсан эсэх, согтуугаар үйлдвэрийн обьектод нэвтрэх гэж байхад нь үнэмлэх хураасан үйлдэл зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч нь хүний нэр төрийг гутаах зорилгоор гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Бусдын яриаг нууц аргаар өөрийн гар утсандаа бичиж уг бичлэгээ зориудаар мэргэжлийн хүнээр засуулан олон нийтийн хэрэгсэл сайтад санаатай байршуулсан. Дээрх үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч О.Мөнхсайханд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх О.Мөнхсайханд холбогдох  Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан үйлдэл мөн эсэхийг нягтлан тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан сүбьектив талын үндсэн шинж нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор тараасан мэдээллээ илт худал гэдгийг лавтай сайн ухамсарлаж, учрах хор уршгийг хүссэн байхыг шаардана.

Гэтэл О.Мөнхсайхан нь гэрч Э.Нарантуяагийн ярьсан зүйлийг үнэн гэж бодит байдалд нийцээгүй андуу ташаа дүгнэлт хийж, Б.Баянжаргалыг “... улсын онц чухал обьектод 20.000 төгрөг өгөөд нэвтэрч болдог байх нь” гэсэн мэдээллийг тараасан үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэр тогтоогдоогүй байна.

Иймд О.Мөнхсайхан холбогдох Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гомдол үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Орхон аймгийн прокурорын газраас О.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, О.Мөнхсайханыг цагаатгасугай.

             ДАРГАЛАГЧ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

             ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ