Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00816

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00816

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: ХБ,

Хариуцагч: А.А

Хариуцагч: А.Д

 

зээлийн гэрээний үүрэгт 14.306.474,29 төгрөг гаргуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч А.Агийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь 2014 оны 09 сарын 30-ны өдөр “ХБ” ХХК-тай 1090017885 тоот зээлийн гэрээ, 1090017885-01 тоот барьцааны гэрээ, 1090017885-02 фидуцийн гэрээнүүд тус тус байгуулж 14.800.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалттайгаар авсан. 1090017885 тоот зээлийн барьцаанд SG5-*** тоот аралын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгөтэй *** УБҮ улсын дугаартай, Субарү форестер суудлын зориулалттай автомашин, Чингэлтэй дүүрэг, *** тоотод байрлах зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, Эл жи брендийн хөргөгч, Шарп, Эл жи брендийн зурагтийг барьцаалсан. Зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 05 сарын 05-ны өдрөөс сар бүр хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 363 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, утсаа авахгүй байх, уулзалт товлоход ирж уулзахаас татгалзсан зэрэг үйлдлүүдийг гаргаж, барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ. 2016 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нарын гэрээний дагуу төлбөл зохих төлбөр 1090017885 тоот гэрээний үндсэн төлбөр 11.099.777,29 төгрөг, хүү 2.996.392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.305 төгрөг, нийт 14.294.475,29 төгрөг болж байна.

Иймд зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 14.294.475,29 төгрөг, нотариатын төлбөр 12.000 төгрөг, нийт 14.306.474,29 төгрөгийг зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн 1090017885-02 тоот фидуцийн гэрээний 4.1, 4.4, 4.5-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч А.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

 

            Хариуцагч А.А шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь 2014 оны 09 сарын 30-ны өдөр 14.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцаа, фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 05-ны өдрөөр дуусгавар болох боловч нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна.  Гэрээ байгуулснаас хойш 8 сарын турш тогтоосон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан ба санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2015 оны 05 сараас хойш төлөх боломжгүй болсон. Гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 5.359.000 төгрөг, хүүд 1.654.719 төгрөг нийт 7.013.719 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 9.441.000 төгрөг, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү ойролцоогоор 1.559.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч 3.294.475 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн шаардаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас хэдий хугацааны хүү шаардаж байгаа, ямар үндэслэлээр зээлдэгчийн үндсэн төлбөрт төлсөн 5.359.000 төгрөгнөөс 1.658.777 төгрөгийг хасч, зээлийн үндсэн үүргийг нэмэгдүүлэн шаардаж байгаа нь тодорхойгүй байна. ХБтай байгуулсан Фидуцийн гэрээгээр Субарү форестер маркийн 2006 онд үйлдвэрлэгсэн *** УБҮ улсын дугаартай суудлын авто машиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкны өмчлөлд шилжүүлсэн байгаа. Барьцааны хөрөнгөд халдахгүйгээр түүгээр зээлийн төлбөр бүрэн төлөгдөж байгаа гэв.

Хариуцагч А.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ХБ” ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “ХБ” ХХК-д 7.000.000 төгрөгийн төлөлт хийсэн, зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг орчим байх ёстой. Зээлийн үлдэгдэлдээ тооцон “ХБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байгаа Субарү форестер маркийн 2006 онд үйлдвэрлэгсэн *** УБҮ улсын дугаартай суудлын авто машиныг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна. Учир нь цаашид энэхүү зээлийг төлөх санхүүгийн боломжгүй болсон. Иймд “ХБ” ХХК-ийн илүү нэхэмжилсэн 3.294.475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, фидуцийн гэрээний зүйл болох Субарү форестер маркийн суудлын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, фидуцийн гэрээ, зээл төлж байсан дансны хуулга, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагч нараас үндсэн зээл 11.099.777,29 төгрөг, хүү 2.996.392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.305 төгрөг, нийт 14.294.475,29 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болон барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилж байна.

 

            А.А, А.Д нар “ХБ” ХХК-иас 2014 оны 09-р сарын 30-ны өдөр 14.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар  SG5-*** тоот арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгөтэй *** УБҮ улсын дугаартай, Субарү форестер суудлын зориулалттай автомашиныг банкны өмчлөлд шилжүүлж, мөн Чингэлтэй дүүрэг, *** тоотод байрлах зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, Эл жи брендийн хөргөгч, Шарп, Эл жи брендийн зурагтыг барьцаалсан нь гэрээнүүд, мөнгө хүлээн авсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Фидуцийн гэрээгээр автомашиныг 18.000.000 төгрөгөөр, барьцааны хөрөнгүүдийг нийтэд нь 4.200.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан ба

зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөрт 3.700.222,71 төгрөг, хүүд 1.657.720,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.056,52 төгрөг, нийт 5.359.000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 11.099.777,29 төгрөг, хүү 2.996.392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.305 төгрөг, нийт 14.294.475,29 төгрөг төлөгдөх ёстой болох нь тооцооллын баримт, гүйлгээ хийгдсэн дансны хуулбараас харагдаж байна.

 

            Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч банк зээл буцаан төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн мөнгөөр худалдан авсан автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба гэрээний хугацаа дуусмагц автомашиныг өөрийн эзэмшилд авч үүргийн гүйцэтгэлд тооцох боломжтой байсан байна. Одоо нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч банк хийсэн гэрээнийхээ дагуу автомашиныг өөрийн эзэмшилд авч үүргийн гүйцэтгэлд тооцох нь зүйтэй байх бөгөөд автомашиныг шинжээч одоогийн ханшаар үнэлж 12.800.000 төгрөг болохыг тогтоосон байна.

           

            Зээлийн өр, автомашины үнэлгээний зөрүү болох 1.494.475,29 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ мөнгийг төлөхгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нотариатын зардлын 12.000 төгрөгийг нэхэмжилсэн байснаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч А.Дд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

            1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан А.А, А.Д нараас 1.494.475,29 төгрөгийг гаргуулж “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 12.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 12.000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

  2. А.А, А.Д нар 1.494.475,29 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Монгол улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-ийг баримтлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, *** тоотод байрлах зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, Эл жи брендийн хөргөгч, Шарп, Эл жи брендийн зурагтыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоосугай.

  3. А.А нь SG5-*** тоот арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгөтэй *** УБҮ улсын дугаартай, Субарү форестер суудлын зориулалттай автомашиныг ХБинд хүлээлгэн өгвөл зохино.

  4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нараас тэмдэгтийн хураамжинд 38.862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 229.482,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 


                                      ДАРГАЛАГЧ                                   С.БУД