| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0002/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.П
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.С-д холбогдох эрүүгийн 1920000000167 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь 2 дугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн Сум дундын 9 дүгээр шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт П.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг орон сууцны В давхарын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гуйвж унахдаа иргэн Х.Ц-н цээжний хөндий тус газарт хатгаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрч зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...С тэр үед хоолоо хийгээд ногоо арилгаад 00 өрөөний наана сууж байсан. Би очиж өөдөөс нь харж суугаад архинаас нэг татсан. Тэгээд сууж байтал С босоод миний баруун талаар гарахдаа дээрээс дараад ойчсон. Цээжний баруун дээд хэсэгт гараараа дарсан газар нь.. өвдөлт мэдрэгдсэн... Сайн харагдаж өгөхгүй цус шүүрсэн юм шиг байсан. С рүү хартал баруун гартаа ногооны хутгаа барьчихсан хараад зогсож байсан. Намайг зүгээр үү, ойчохдоо хатгачих шиг болчихлоо гэхлээр нь би зүгээрээ л гэсэн. Надад угаасаа юу ч мэдэгдээгүй. Тэгээд С бид 2 тэр хятад архийг ууж дуусгасан. Намайг хоол идэх үү гэхээр нь би үгүй, харин архи ууя гэсэн. Тэгээд бид 2 гадаа гарсан...С намайг санаатай хутгалаагүй. Энэнд ямар ч шалтгаан байхгүй. С гуйваад дээрээс ойчсон. Тэр үедээ хутгатай байж таарсан. Гарт нь байсан хутгаар ногоо арилгаж байсан. Бид 2 ёстой маргаж муудалцаагүй. Бид 2 тэр үед гэрт 2-уулахнаа л байсан. Миний цээжинд үүссэн шарх бол ёстой санамсаргүй зүйл шүү. Миний цээжинд оёдол тавьсан байна лээ өөр гэмтэл байхгүй, бие зүгээр байна. Өвдөж байгаа л юм алга... С бид 2 урд нь муудалцаж байгаагүй, өчигдөр орой ч муудалцаагүй...” гэжээ. /хх-ийн 23-25x/
Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...Ц ах шал согтуу юм хэлэхгүй газар унтах гээд хэвтээд өгсөн... Ц ах нэг л зовиуртай байх шиг байхаар нь сандраад эмнэлэг дуудсан. Дараа нь янз янз юм болчих вий гэж айгаад утсаар манай ах гаднаас цээжиндээ зүсэгдсэн байдалтай орж ирлээ гэж цагдаад бас хэлсэн... Тэгтэл С би хоол хийж байгаад санамсаргүй ногооны хутгаар зүсчихсэн юмаа, Ц гайгүй байна гээд байна лээ гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, хэлэлгүй яадаг юм, тэгж байгаад янз янзын юм болчихвол яах юм бэ гэж хэлсэн. Ц ахыг босгох гэтэл явахгүй, би зүгээр гээд зөрүүдлээд байсан. Тэгээд удаагүй эмнэлэг ирээд бид нар эмнэлэг орсон. Цагдаа нар ч ирээд юу болсон талаар дуулаад манай гэрт очиж үзлэг хийгээд хоолны тумпушкан дээр халуун савны цаагуур ирээр нь босгоод тавьчихсан маслын хутгыг олж хурааж авсан... Өглөө нь Ц ахаас юу болсон талаар асуусан чинь С хажуугаар гарахдаа л над дээр ойчсон шд, гартаа хутгатай л байсан байна лээ. Би ч тэрийг нь анзаараагүй гэсэн. Та 2 муудалцсан юм уу гэсэн чинь үгүй, гуйваад очихдоо л намайг сууж байхад над дээр түшээд авсан. Ногоо арилгаж байсан хутга барьчихсан зогсож байсан, санаандгүй л хатгачихсан.. Надад мэдэгдээ ч үгүй гэж байсан. Тэгэхээр нь С надад үнэн хэлж дээ гэж би бодсон. Санаандгүй л унахдаа түших гэж байгаад хатгачихсан юм шиг байна лээ...” гэжээ. /хх-ийн Зх/
Согтуурал шалгах тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/
Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Х.Ц-н биед цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Х.Цогоогийн биед учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 30/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 46/
Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 47/
Шүүгдэгч П.С хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 48-51, 53-56/
Шүүгдэгч П.С иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/
Шүүгдэгч П.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 60/
... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоол, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн Сум дундын 9 дүгээр шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 62-77/
Хохирогч Х.Ц-н гомдол саналгүй тухай тодорхойлолт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч П.С нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг орон сууцны В давхарын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гуйвж унахдаа иргэн Х.Ц-н цээжний хөндий тус газарт хатгаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрч зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулжээ.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.С бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.С мэдүүлэг, хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С тэр үед хоолоо хийгээд ногоо арилгаад 00 өрөөний наана сууж байсан. Би очиж өөдөөс нь харж суугаад архинаас нэг татсан. Тэгээд сууж байтал С босоод миний баруун талаар гарахдаа дээрээс дараад ойчсон. Цээжний баруун дээд хэсэгт гараараа дарсан газар нь.. өвдөлт мэдрэгдсэн... Сайн харагдаж өгөхгүй цус шүүрсэн юм шиг байсан. С рүү хартал баруун гартаа ногооны хутгаа барьчихсан хараад зогсож байсан. Намайг зүгээр үү, ойчохдоо хатгачих шиг болчихлоо гэхлээр нь би зүгээрээ л гэсэн. Надад угаасаа юу ч мэдэгдээгүй. Тэгээд С бид 2 тэр хятад архийг ууж дуусгасан. Намайг хоол идэх үү гэхээр нь би үгүй, харин архи ууя гэсэн. Тэгээд бид 2 гадаа гарсан...С намайг санаатай хутгалаагүй. Энэнд ямар ч шалтгаан байхгүй. С гуйваад дээрээс ойчсон. Тэр үедээ хутгатай байж таарсан. Гарт нь байсан хутгаар ногоо арилгаж байсан. Бид 2 ёстой маргаж муудалцаагүй. Бид 2 тэр үед гэрт 2-уулахнаа л байсан. Миний цээжинд үүссэн шарх бол ёстой санамсаргүй зүйл шүү. Миний цээжинд оёдол тавьсан байна лээ өөр гэмтэл байхгүй, бие зүгээр байна. Өвдөж байгаа л юм алга... С бид 2 урд нь муудалцаж байгаагүй, өчигдөр орой ч муудалцаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25x/, гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...Ц ах шал согтуу юм хэлэхгүй газар унтах гээд хэвтээд өгсөн... Ц ах нэг л зовиуртай байх шиг байхаар нь сандраад эмнэлэг дуудсан. Дараа нь янз янз юм болчих вий гэж айгаад утсаар манай ах гаднаас цээжиндээ зүсэгдсэн байдалтай орж ирлээ гэж цагдаад бас хэлсэн... Тэгтэл С би хоол хийж байгаад санамсаргүй ногооны хутгаар зүсчихсэн юмаа, Ц гайгүй байна гээд байна лээ гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, хэлэлгүй яадаг юм, тэгж байгаад янз янзын юм болчихвол яах юм бэ гэж хэлсэн. Ц ахыг босгох гэтэл явахгүй, би зүгээр гээд зөрүүдлээд байсан. Тэгээд удаагүй эмнэлэг ирээд бид нар эмнэлэг орсон. Цагдаа нар ч ирээд юу болсон талаар дуулаад манай гэрт очиж үзлэг хийгээд хоолны тумпушкан дээр халуун савны цаагуур ирээр нь босгоод тавьчихсан маслын хутгыг олж хурааж авсан... Өглөө нь Ц ахаас юу болсон талаар асуусан чинь С хажуугаар гарахдаа л над дээр ойчсон шд, гартаа хутгатай л байсан байна лээ. Би ч тэрийг нь анзаараагүй гэсэн. Та 2 муудалцсан юм уу гэсэн чинь үгүй, гуйваад очихдоо л намайг сууж байхад над дээр түшээд авсан. Ногоо арилгаж байсан хутга барьчихсан зогсож байсан, санаандгүй л хатгачихсан.. Надад мэдэгдээ ч үгүй гэж байсан. Тэгэхээр нь С надад үнэн хэлж дээ гэж би бодсон. Санаандгүй л унахдаа түших гэж байгаад хатгачихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн Зх/, согтуурал шалгах тухай тэмдэглэл /хх-ийн 6/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.С нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, хүний биед хүнд хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч П.С-д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хүсэлтэндээ гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч П.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч П.С нь болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Ц нь шүүгдэгч П.С-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон хүсэлтээ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмждэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй ба, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 9 см ажлын хэсэгтэй, бариулын урт нь 13 см, бариулыг хар өнгийн цахилгаан лентээр ороосон нийт 22 см урттай 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар усгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “нэг жил хүртэл хугацаагаар эрх хасах” ялыг нэмэгдэл ялын шинжтэйгээр хэрэглэхээр заасан байх тул шүүгдэгчид нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаас бусад тодорхой төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх хугацаа боломжоор хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц