| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01242/и |
| Дугаар | 1074 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1074
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж, 32 тоот хаягт оршин суух, эмэгтэй, УМ92041501 дугаарын регистртэй, Тайчууд овогт Ганбатын Ганчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж, 175 тоотод оршин суух, эрэгтэй, ЙЮ83030312 дугаарын регистртэй, Дураал овогт Гомбын Баярдаваад холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганчимэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяагаас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ганчимэг, хариуцагч Г.Баярдаваа нар нь 2013 онд танилцан, 2014 оноос Г.Баярдаваагийн гэрт, 2015 оноос Г.Ганчимэгийн гэрт тус тус хамтран амьдарч байсан бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 17-нд тэдний дундаас хүү Б.Наранцолмон төрсөн. Одоо хүү Б.Наранцолмон нь 8 сартай, хөхүүл, ээжийнхээ асрамжид байгаа. Хүүгээ төрснөөс хойш 2016 оны 7 дугаар сараас эхлэн Г.Баярдаваа нь хамт амьдрахаа больж алга болсон ба түүнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05216 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсаны дагуу хаягийг нь олж тогтоосон байдаг. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан ба Г.Баярдаваа нь хүүгээ төрснөөс хойш ямар нэг туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагүй. Цаашид хамт амьдрах боломж нөхцөлгүй тул хүү Б.Наранцолмонг өөрийн асрамжиндаа үлдээж, оногдох тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Баярдаваагаас шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Гомбын Баярдаваа би нэхэмжлэгч Г.Ганчимэгийн нэхэмжлэлийг барагдуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн төлбөрийг Монгол улсын хуульд заасан хэмжээгээр сар бүр бэлнээр болон нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэн барагдуулах боломжтой болно...Шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагаас зарлагдсан бөгөөд Г.Баярдаваа миний бие тус шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг эзгүйд энэ хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганчимэг нь хариуцагч Г.Баярдаваад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Ганчимэг, хариуцагч Г.Баярдаваа нар 2013 онд танилцан, 2014 оноос хамтран амьдарч байсан ба тэдний дундаас хүү Б.Наранцолмон 2016 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн болох нь 1107000845 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигчдын дундаас төрсөн хүү Б.Наранцолмон эх Г.Ганчимэгтэй хамт амьдарч түүний асрамжинд байгаа бөгөөд хариуцагч Г.Баярдаваа нь хүүхдийг ээжийнх нь асрамжинд байлгах талаар маргаагүй байна.
Зохигчид хүү Наранцолмонгийн эцгийн нэрийг Г.Баярдаваагаар тодорхойлж хүүхдийн төрсний гэрчилгээг 2016 оны 2 дугаар сарын 25-нд авч захиргааны журмаар эцэг тогтоолгосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.Баярдаваа нь хүүхдийн тэтгэлгийг төлөх, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Иймд хүү Б.Наранцолмонг эх Г.Ганчимэгийн асрамжинд үлдээн, түүнд оногдох хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Г.Баярдаваагаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31 003 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2016 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн хүү Б.Наранцолмонг эх Г.Ганчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү Б.Наранцолмонг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Баярдаваагаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31 003 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.